Энэ удаагийн  буланд Толгойт өртөөний технологи, сургалт хариуцсан инженер Б.Хэрлэнбатыг урилаа. Түүнтэй нэлээд хэдэн сарын өмнө өдөр товлосон боловч хорио цээрийн улмаас уулзаж ярилцах боломж олдоогүй тул ийнхүү цахимаар ярилцсан юм. Тэрбээр эхнэрийнхээ хамт  төмөр замд ажилладаг.  Тэд ажлынхаа хажуугаар урлаг уран сайхнаар мэргэжил нэгт залуусаа уриалж, цуглуулгын арвин сангаар өөрийгөө хөгжүүлж яваа нийгмийн идэвхтэй залуу гэр бүлийн төлөөлөл.

-Хоёул бага насны алтан дурсамжаас тань яриагаа эхлэх үү?

- Би айлын бага хүүхэд. Нэг ахтай. Бид хоёр нас ойролцоо, тэрсхэн өссөн. Аав, ээж маань ажилдаа явчихаар ихэнх цагийг ахтайгаа өнгөрөөнө. Хамтдаа тоглоно, бас ахаасаа суралцана. Бидний үеийн эрэгтэй хүүхдүүд дугуй түрэх, "дидандах", ундааны бөглөөгөөр тоглох гээд л... нэг л мэдэхэд орой болчихдогсон. Ах маань сургуульд ороод цагаан толгой үзэж эхлэхэд би зэрэг уншиж, бичээд сурчихсныг ээж маань ихэд магтаж ярьдаг юм. Ер нь, аливаад идэвхтэй, хичээнгүй хүүхэд байсан юм болов уу. Ундааны бөглөөг их идэвхтэй цуглуулж, нямбай хураана.  Дуу хөгжимд бас их дуртай. Таван настайдаа анх тайзан дээр гарч байлаа. Тэгэхэд анхны шагналаа аваад их урамшиж билээ.  

     -Өөрийн чинь ажил мэргэжилдээ хандаж байгаа хандлагыг хөндлөнгөөс ажиглахад бахархал төрдөг. Ер нь, төмөр замчин гэр бүлд өссөн хүүхэд ажил мэргэжилдээ илүү өөриймсөг ханддаг юм шиг санагддаг?

    -Манай аав, ээж хоёул төмөр замаас өөр салбарын хүмүүс. Манайх Дарханд 1998 онд шилжиж очсон юм. Би Дархан -Уул аймгийн 16 дугаар сургуулийг төгссөн. Манай гэр "древен" буюу төмөр замын цаад талд байдаг байв. 1998-2007 он хүртэл есөн жилийн хугацаанд би төмөр замаар нэвтэрч гэр, сургуулийн хооронд явдаг байсан. Магадгүй, энэ үеэс  төмөр зам сэтгэлд ойр болсон байх. Дунд сургуулиа төгсөх жил элсэлтийн шалгалтаа өгөх гээд гэрээсээ гараад явж байтал Дарханы вокзалын гадаа олон хүн цугларсан байхтай таарсан.Одоо санахад Дархан өртөөний техникийн сургалтын танхим байсан юм билээ. Ямар учиртайг нь лавлатал, ТЗДС-ийн хуваарьт бүртгүүлцгээж байсан. Юмыг яаж мэдэх вэ гэж бодоод тэнд бүртгүүлчихээд явсан. Элсэлтийн шалгалтад миний математикийн оноо гайгүй өндөр байсан л даа. Тэр өдрөө аймгийн Боловсрол, соёлын газрын үүдэнд их сургуулийн хуваариа хүлээгээд л зогсож өнжсөн. Үдийн цайны цаг болж, түр завсарлахаар нь гэр рүүгээ буцаж явтал вокзал дээр өглөө бүртгүүлсэн хүүхдүүдийн хуваарийг тарааж байхтай нь яг таарсан. Ингэж азаар ч гэх үү, хувь төөргөөр ч гэх үү ТЗДС-ийн хуваарийг авсан юм даг. Намайг ТЗДС-ийн хуваарь авсныг сонсоод аав минь маш их баярлаж билээ. Ийнхүү 2007-2011 онд Тээврийн менежмент мэргэжлээр суралцан төгссөн.

    -Танай гэр бүлийн хүн бас төмөр замын мэргэжилтэй юм билээ. Анх танилцсан түүх ч юмуу амьдралд хамгийн сайхнаар тодоор үлдсэн дурсамжаасаа хуваалцаж болох уу?

       -Тийм ээ. Намайг анх ТЗДС-ийн оюутан болж очиход эхнэр маань дээд курсэд байсан. Анх Төмөр замчдын дунд "Манлай дуучин" дууны уралдаан болж, оюутнуудаа төлөөлж оролцсон юм. Сургуулийн захиргаанаас хөгжөөн дэмжигчдийг хичээлээс нь чөлөөлөөд Соёлын ордон руу оруулахад би тайзан дээр дуулж таарсан юм билээ. Тэгэхэд л эхнэр маань намайг анх харсан тухайгаа сүүлд ярьсан. Би ч тэр цагаас нэлээд хойно танилцсан л даа.Тухайн үед би чинь хамгийн гоё хувцасаа өмсөөд л тайзан дээр гарч байлаа. Манай хүн харин "Нэг их томдсон цагаан пиджактай хүүхэд дуулж байсан" гэж ярьдаг(инээв).

-Хоёул төмөр замчин болохоор нэг талаараа амар. Нөгөө талаараа ар гэртээ зориулах цаг зав хомсоос эхлээд хүндрэл бэрхшээл ч бас бус тохиодог байх?

-Эхнэр маань бас ашиглалтын мэргэжилтэй болохоор хэн хэнийхээ ажлыг сайн мэддэг, ойлгодог. Тиймээс ажил мэргэжилтэй холбоотой асуудал гэр бүлийн хүрээнд гарахгүй, амар байдаг. Бид хоёр хамтдаа БНХАУ-ын "Нанжин хотын Southeast university"-д дөрвөн жил суралцаж, магистрын зэргээ хамгаалсан. Төмөр замчин гэр бүл байна гэдэг ер нь сайхан л даа. Яагаад гэхээр нэгнийхээ ажлыг сайн ойлгоно. Бас хүндэлнэ, биенээсээ асуух зүйл гарвал тэр дор асуугаад тодруулчихдаг гээд олон давуу талтай. Хамгийн гол нь улс эх орны хөгжилд зам, тээврийн салбар чухал үүрэг гүйцэтгэдэг учраас "Манай гэр бүл улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа шүү" гээд бодохоор сэтгэлд өег, бахархмаар байдаг.

-"Манлай дуучин-2020" тэмцээний үеэр гэргий  тань цэцэг барьж ирээд харагдсан. Ер нь, урлагт хайртай уран сайханч гэр бүл байх, тийм үү?

     -Дуу хуургүйгээр өнгөрүүлсэн өдөр хоног бидэнд ер нь үгүй дээ. Хүүхдүүд маань ч урлагт хайртай. Эхнэр ээлжийн ажилтай болохоор ерөнхийдөө буухианы мод дамжуулдаг тамирчид шиг л ажил, амьдралаа зохицуулдаг. 48 цагийн амралтаар гэр бүлээрээ тоглож наадан, хөгжилдөж аль болох сонирхолтой байцгаахыг хичээдэг. Би нэг хэсэг Дарханд урлаг, соёл гээд л их хөөрцөглөж явсан. Тухайн үед БНХАУ-д магистраар сурч байсан л даа. Өвлийн амралт тааруулаад Дарханы байгууллагуудын шинэ жилүүдийг ёстой "баздаг" байлаа шүү дээ(инээв). Орой бүр шинэ жилийн үдэшлэгтэй. Эхнэр маань ч түүнд их дуртай. Үс гэзэг, царай зүс, хувцас хунарыг бүгдийг манай хүн яс зохицуулна. Тухайн үед би "Х МАSS" гээд продакшнд харьяалагдан ажилладаг байсан. "Хөтлөгч-дуучин" статустай болохоор байгууллагууд ч намайг их урьна. "Нэг сумаар хоёр туулай буудна" гэдэг шиг л явдаг байв. Сургуулиа төгсөж, үндсэн мэргэжлээрээ ажиллаж эхэлснээсээ хойш харин урлагаас жаахан хөндийрсөн.

-Бидний үеийнхэн ундааны бөглөө цуглуулж, хавтгайлж тоглодог байлаа шүү дээ?

-Ундааны бөглөөгөөр тоглож байхдаа л ямар нэгэн зүйл цуглуулах хоббитой болсон гэж би боддог. Тухайн үед орон орны мөнгөн тэмдэгт яагаад ч юм миний сонирхлыг маш их татдаг байсан. Аав, ээж маань Хятад, Орос руу яваад хэрэглээд үлдсэн задгай мөнгөнүүдээ авч ирж надад өгдөг байсан. Би "Яаж үүнээс өөр улсын мөнгө олох вэ?" гэж их боддог байлаа.Тэгээд л таньдаг ах, эгч нараасаа асуугаад заримаас нь аваад л их баярладаг байж билээ. Гэхдээ аль болох байж магадгүй гэсэн хүн рүүгээ ханддаг байсан. Тухайн үед гадны мөнгөн тэмдэгт тийм ч элбэг байсангүй. Хүмүүс "түрийвчний мөнгө" гээд хадгалсныг нь хүртэл "панаалдана". Өгөхгүй  байхаас өөр аргагүй болтол гуйдаг байсан даа, хүүхэд байхдаа(инээв). Одоо бол миний цуглуулгыг хүмүүс үзээд өөрт байгаагаа бэлэглэх хэмжээнд хүртэл сэтгэлийг нь хувиргадаг болсон(инээв).

-Мөнгөн тэмдэгтээс өөр ямар төрлийн цуглуулгатай вэ?

-Зоосон мөнгө, үүрэн телефоны ярианы картууд, автобусны тасалбар, хөргөгчний наалт гээд цуглуулгууд бий, бий. Ер нь, цуглуулга гэдэг цаг хугацаа өнгөрөх тусам л үнэ цэнэтэй болдог юм билээ. Хятадад сурах дөрвөн жилийн хугацаанд цуглуулгаа чамгүй арвижуулсан шүү. Тэнд Дэлхийн орон бүрээс оюутнууд ирдэг. Энэ нь, миний хувьд их аз завшаан шүү дээ. Хэл сураагүй байх үедээ дохио зангаа, биеийн хэлэмжээрээ ойлголцоод хүртэл улсынх нь мөнгөн тэмдэгтийг авчихдаг байлаа. Хүний сонирхол гэдэг нөхцөл байдлаас шалтгаалаад улам нарийсаад, гүнзгийрээд байдаг. Анх ямар ч хамаагүй улсын мөнгөн тэмдэгт олдож л байвал авчихдаг байсан. Олшроод ирэхээр арай шинэвтэрийг нь сонирхож эхэлнэ. Цаашаа лавшраад сетээр нь цуглуулахыг хичээнэ, бүр давраад үйлдвэрлэсэн он, серийн дугаараар нь цуглуулахыг  хүснэ. Монгол Улсын мөнгөн тэмдэгтүүдийг 1955, 1990 онуудад гарсаныг л одоогийн байдлаар сетээр нь цуглуулгандаа оруулаад байна.Түүнээс өмнөхийг хараахан олоогүй. Эрэл маань зогсолтгүй үргэлжилсээр л байгаа даа.

-Цуглуулгын сан хэр арвин болсон бэ?

      -Саяхан цуглуулгаа гаргаж, тухтай үзсэн. Дэлхийн 110 гаруй улсын мөнгөн тэмдэгт цугласан байна билээ. Миний цуглуулгад Солонгос, АНУ, Энэтхэг, Хятад зэрэг улсын мөнгөн тэмдэгтүүд сетээрээ бүрдсэн. Мөн дээрээс нь Монголын 1955, 1990 оны хуучны мөнгөн тэмдэгтүүд бий. Зооснууд бол нэлээд арвин шүү.

-Мэргэжлийн цуглуулагчидтай хэр харилцаа холбоотой байна вэ?

-Фэйсбүүкийн группт л байдаг. Өөрөөр албан ёсны харьяалалгүй ээ. Телевизийн нэвтрүүлэгт оролцсон цуглуулагчдыг харсан. Үнэхээр үнэлшгүй их цуглуулгатай хүн олон байдаг юм билээ. Минийх бол хажууд нь юу ч биш. Хааяа "Найман шарга"-ын орчмоор очиж валют сольдог хүмүүстэй уулздаг.  Гэхдээ амжилт олсон тохиолдол бага л даа.

-Амьдралын хамгийн том сургамж?

    - Аав минь намайг хүний ухаан орохоос л "Олонтой бай, хүний итгэлийг бүү алдаарай" гэж захьдаг байсан. Аливаа зүйлд хариуцлагатай хандаж, хийж чадах зүйлдээ сэтгэл гаргаж хийхийг хичээдэг. Амьдралдаа авсан хамгийн том сургамж гэвэл "Хүний итгэлийг алдана гэдэг маш том асуудал юм байна" гэдгийг сурагч байхдаа мэдэрсэн. Энэ нь, миний хувьд хамгийн том сургамж болсон доо.

-Хувь хүнийхээ хувьд баримталдаг гол зарчим юу вэ?

-Хүн ер нь хийж чадах юмаа л хийх нь зүйтэй. Тэрнээс Чадахгүй зүйлээ оролдох нь тийм ч таатай зүйл биш гэж боддог.  Ажилдаа дуртай, амьдралдаа аз жаргалтай байхыг л хичээж явна даа.

   - Гэр бүлд нь хүнд гарз тохиосон залуу төмөр замчинд туслах аяныг цахим орчинд амжилттай өрнүүлж, төмөр замчид ч маш идэвхтэй оролцлоо шүү дээ. Тухайн аяныг албан ёсоор хаасан уу?

    -Зарим хүн намайг энэ аяныг өөрөө санаачилж, зохион байгуулсан гэж буруу ташаа ойлгоод байх шиг. Энэ аян бол манай Толгойт зангилааны дэвшүүлсэн санаачилга юм шүү. Өртөөний удирдлага надад энэ ажлыг хариуцуулсан болохоор чадлынхаа хэмжээнд гүйцэтгээд явсан. Нөгөө талаасаа би өөрөө бага насны хүүхэдтэй, эцэг хүн учраас сэтгэлд маш хөндүүр туссан л даа. Төмөр замчид маань ч энэ гэр бүлд туслах ариун үйлсэд бүгд идэвх зүтгэлтэй оролцлоо. Хандивын аян бол албан ёсоор өндөрлөсөн. Маргаашнаас(өнөөдөр)  банкны гүйлгээ хэвийн горимд орохоор дансанд орсон мөнгийг авч тухайн гэр бүлд гардуулж өгнө. Нийтдээ 28 сая гаруй төгрөг цугларсан. "Баянтүмэн" тасгийг оруулаад 30 сая дөхөх байх. Дээр нь, Замын захиргаанаас өгсөн мөнгөн тусламж нэмэгдээд 60 орчим сая төгрөг болох юм билээ. Э.Өлзийхишиг өөрөө "Би хүүхдийн тоглоомын талбай байгуулмаар байна. Мөн хүүхдүүддээ зориулж дуун суварга босгох гэсэн юм. Чи энэ дууг дуулж өгөх тал дээр бодооч" гэхчлэнгээр ярьж байгаа л даа. Гэхдээ энэ бол дараагийн шатны ажил. Эхний ээлжинд энэ гэр бүлийг орон сууцтай л болгомоор байна. Маргааш (өнөөдөр) “Содон хороолол”-ын борлуулалтын албатай уулзахаар цаг авсан. Тухайн аян төмөр замчид хэцүү цаг үед бие биенээ хэрхэн дэмждэг, шаардлагатай үед яаж нэгдэж чаддагийг харуулсан л үйл явдал боллоо гэж харж байгаа. Ер нь, манай өртөөнийхөн өмнө нь ч нэн ядуу өрхийг гэртэй болгож өгсөн, мөн орон гэр нь галд автсан ажилтандаа туслах аянг өртөөний хэмжээнд амжилттай өрнүүлж байсан гээд тусархаг, нэгдмэл санаатай, эвсэг хамт олон л доо.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

ЯРИЛЦСАН  Б.ДЭЛГЭРХИШИГ