Өнгөрсөн онд Зүүнхараа зангилаанд 40 айлын ипотекийн орон сууц ашиглалтад орж, төмөр замчид шинэ байранд орсон билээ. Тэгвэл энэ хавар Б блокийн 40 айлын орон сууцыг барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгч, өчигдөр буюу энэ сарын 7-ны Даваа гарагт нээлтийг нь хийж, захиалагчдад түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулав. Ингэснээр нийт 80 айлын ипотекийн орон сууц ашиглалтад ороод байгаа юм. Нээлтийн үйл ажиллагаанд УБТЗ-ын Их барилга, хөрөнгө оруулалтын албаны дарга Б.Баярмагнай, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Д.Хадбаатар, Зүүнхараа зангилааны дарга Ц.Алтанхуяг тэргүүтэй төмөр замчид оролцлоо. Ийнхүү 80 айлын хоёр блок барилгыг хоёр жилийн хугацаанд барьж дуусгахад Замын удирдлага тогтмол дэмжиж, 1.3 тэрбум төгрөгөөр гадна дэд бүтцийг барьж өгсөн бол Мандал сумаас газрын зөвшөөрлийг олгосон байна. Ингэснээр төмөр замчид зах зээлийн ханшнаас хямд өртгөөр дулаан тохитой байртай болох боломж бүрджээ.
