Нүүр Ахмад үе Зуу насалж, зургаадай таяг тулсан ахмадуудад гарын бэлэг гардуулав
Ахмад үе

Зуу насалж, зургаадай таяг тулсан ахмадуудад гарын бэлэг гардуулав

G.Press 3 сарын өмнө 122 үзэлт 0 сэтгэгдэл

 

Монгол түмэн Их эзэн Чингис хааны үеэс Монгол Үндэстний Төрт ёсны их баяр цагаан сараар ахмад буурлуудаа хүндэтгэн мэхийж, ахан дүүс, ураг удмаараа учран золгодог уламжлалтай.

УБТЗ ХНН-ийн хөгжилд залуу нас, эрдэм мэдлэгээ зориулж, өдгөө  гавьяаны амралтаа эдэлж суугаа 9000 орчим ахмад настай байна. Сар шинийн босгон дээр Ахмадын холбооны салбар хороо, зөвлөлүүд 80-ээс дээш настай ахмадуудаа хүндэтгэн хүлээн авч, гарын бэлэг гардуулсан билээ. Өдгөө ахмад төмөр замчдын хамгийн өндөр настай нь 106 нас сүүдэр зооглож, зургаадай таяг тулжээ. Наяас дээш настай 826 ахмадтай гэх судалгаа байна. Сар шинийн баяраар 100-аас дээш настай ахмад төмөр замчдад Замын даргын гарын бэлгийг гардуулж, урт насалж, удаан жаргахын ерөөл өргөдөг билээ. XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан 100 настай ахмад төмөр замчин Балжирын Хоохдойд УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт, Замын даргын ажлын албаны дарга С.Сумъяадорж нар Замын даргын гарын бэлгийг гэрт нь очиж гардуулан, хүндэтгэл илэрхийлсэн байна. Б.Хоохдой нь анхны машинчийн курсийг төгсөж, Чойр, Сайншанд, Замын-Үүдийн хэсэглэлд туслах машинч, машинчаар ажиллаж байжээ. Тэрбээр, энэ үеэр өөрийн ажил амьдралын түүхээс хуучилж, төмөр замтай амьдралаа холбосондоо баярлаж явдаг гэжээ.

Түүнчлэн, 100 болон 100-аас дээш настай Шаравын Цээрэв, Данзангийн Нацагдорж, Довчингийн Зэндмаа, Чанцалмаагийн Тогоо гуай нарт мөн Замын дарга гарын бэлэг илгээж, мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.