Өнгөрсөн долоо хоногт экспортын 197.2 мянга, импортын 68.3 мянган тонн ачаа тээвэрлэжээ. Мөн дөрөвдүгээр сарын 17-ныг дуустал 6975100 тонн ачаа ачиж төлөвлөгөөг 95.1 хувиар биелүүлсэн байна. Тээвэр зохион байгуулалтын албаны дарга “Уул уурхайн ачаа багассан. Энэ сарын 11-17 хүртэл 5166 вагон буулгасан. Хоногт дунджаар 132 вагон дутуу гэсэн үг. Энэ сарын 1-17 хүртэлх тайлант хугацаанд 12186 вагон буулгаж, 82.3 хувийн биелэлттэй байна” гэв.
Өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд өртөө хоногт өргөн царигаар 107 галт тэрэг хүлээлгэн өгсөн нь хоногийн дунджаар 15.3 галт тэрэг болж байна. Нарийн царигаар хоногт дунджаар 7.1-7.3 галт тэрэг солилцжээ. Сүхбаатар-Наушкиар хоногт 7.7 галт тэрэг хүлээлгэн өгч 8.3 галт тэрэг хүлээн авсан байна. Шилжүүлэн ачих анги өнгөрсөн долоо хоногт импортын 724, транзит 1678 чингэлэг шилжүүлэн ачжээ.
Харин энэ хугацаанд галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой Хайрхан-Хоолт хоорондын 462 дугаар км-т адуу дайрагдсан зэрэг нийт хоёр гологдол, 16 дутагдал гарчээ. Дутагдлыг авч үзвэл, хоорондын замд зүтгүүр эвдэрч тусламж авсан долоо байна. Бусад нь зам дээр мал, хүн байсан, Замын-Үүдийн нарийн царигийн өртөөнд 25 вагон түрж явсан сэлгээний тэрэгний хөдөлгөөн зогсоогүй байхад найруулагч бууснаас яаралтай тоормос хийсэн зэрэг дутагдал эзэлж байгаа аж. Тиймээс Замын нэгдсэн хурлын үеэр галт тэрэгнээс үсэрч буусан асуудлыг холбогдох хүмүүстэй шуурхай хурал хийж, зохих арга хэмжээг авахыг үүрэг болгов.
Зүтгүүр эвдэрсэн тохиолдол нэмэгдэж буй нь сэлбэг материал дутуутай тодорхой хувь нь холбоотойг Зүтгүүрийн аж ахуйн албаны дарга онцоллоо. Тэрбээр, “Зүтгүүрийн сэлбэгийн нөөц хүндрэл үүсгэж байна. Сэлбэггүйгээс засвар удааширдаг. Хөдөлгүүрийн якорийн холхивч дууссан. Сүүлийн дөрвөн жилд сэлбэгүүд хүссэн хэмжээнд ирээгүй. Одоогоор 6000 орчим тонн түлшний үлдэгдэлтэй байна. Харин зуны тос, тосолгоог нөөцөлж бэлтгэсэн” гэсэн бол Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга “Зүтгүүрийн бригад сард нормоосоо 30-40 цаг илүү ажиллажээ. Илүү цагийн мөнгө олгож буй ч энэ нь тухайн ажилтны ажил амралтын дэглэм зөрчигдөж, эрсдэл нэмэгдэж байгаа хэрэг. Депод хүн хүчний хүндрэлтэй байгааг ойлгож байна. Гэхдээ илүү цаг гаргахгүй ямар зохицуулалт хийж болох талаар Зүтгүүрийн аж ахуйн алба нэн тэргүүнд авч үз. Мөн завсрын өртөөдөд зүтгүүрийн бригад сольсон тохиолдол хоёрдугаар сард 40 гарсан бол гуравдугаар сард 80 болсон. Хаана дуртай газраа бригад сольдог, зөөдөг асуудал их байна. Түүнчлэн, зүтгүүрийг зуны тээвэрт бэлтгэх үзлэг засварын чанар хангалтгүй байна. Сайншанд татах хэсэг санамжтай илчит тэрэгний санамжийг арилгалгүй Замын-Үүд рүү бэлэнд хүлээлгэж өгсөн. Улаанбаатар татах хэсэг 14, 18-нд засвараас гарсан гурван тэрэг гурвуулаа эвдэрсэн. Мөн маслоны асуудал тулгарч байна. Худалдан авах ажиллагаа, борлуулалтын алба татах хэсгүүдэд масло цаг хугацаанд нь нийлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Засварчид үгээ хэлж байна. Шупыг нь татаад үзэхээр тос нь тас хар болсон байдаг. Өнгөрсөн шөнө гэхэд л масло нь төмрийн үртэстэй холилдсон илчит тэрэг орж ирсэн асуудал гарлаа. Үүнээс дизелийн том гэмтлийн эхлэл бий болдог. Үүнд холбогдох албад анхаарч ажилла” хэмээн үүрэг болголоо.
