Замын долоо хоногийн нэгдсэн хурлыг Замын I орлогч дарга О.А.Казаков удирдлаа.
Энэ оны 24 дэх долоо хоногт хоёр гологдол гарч байсан бол 25 дахь долоо хоногт нэг гологдол гарчээ. Тухайлбал, зургадугаар сарын 21-ний өдөр 2ТЭ116УМ-007 илчит тэрэгтэй 2752 дугаар галт тэрэг Шивээговь-Өлзийт-Олон-Овоо-Цомог өртөөгөөр өнгөрөх үед гол тоологчуудад алдаа зааж, 13 ширхэг холбох тросс тасарсан. Бүрэлдэхүүнийг Айраг өртөөнд зогсоож шалгахад 2ТЭ116УМ-007 илчит тэрэгний Б секцийн машинч талын хоёрдугаар хос дугуйн босоо хөшүүргийн боолт унасан гологдол гарсан байна.
Мөн тухайн долоон хоногт нийт дөрвөн дутагдал гарсан байна. Тухайлбал, зүтгүүрт гэмтэл гарч зургадугаар сарын 17-нд 2ТЭ25КМ илчит тэрэгтэй 3411 дүгээр галт тэрэг Түнх өртөөнд ирж, зургадугаар сарын 21-нд 2ТЭ116 илчит тэрэгтэй 1212 дугаар галт тэрэг Мандал өртөөнд ирж тусламж авсан.
Зургадугаар сарын 21-нд сэлгээний ТЭМ18ДМ тэрэгтэй 3103 галт тэрэг сэлгээ хийх явцад Амгалан өртөөний “Баттрейд”-ийн салбар замд гадны иргэн сэлгээний урдуур гүйж гарсан тул долоон минут зогссон. Мөн өдөр 5202 дугаар галт тэрэг 650 дугаар км-ийн гарам дээр 5892 УЕО улсын дугаартай том оврын ачааны авто машины гармын гэрлэн дохио дайрч гарсан тул яаралтай тоормос хийж, дөрвөн минут зогссон дутагдал тус тус гарчээ.
Гологдол дутагдлын тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад гологдлын тоог 10 нэгжээр, дутагдлын тоог 104 нэгжээр тус тус бууруулан ажиллаж байна.
Түүнчлэн, 25 дахь долоо хоногт 87 радио галт тэрэг аялуулснаас 86 нь хуваарийн дагуу аялсан бол нэг галт тэрэгний тасалдал гарчээ. Шалтгаан нь радио сүлжээ тасалдсан байна. Нийт аялсан 87 галт тэрэгний 20 галт тэргийг мөрдүүлж аялуулснаас нэг галт тэрэг саатсан хэмээн Тээврийн хяналтын албаны дарга Ц.Ариунболд мэдээллээ.
Замын даргын А-349 тоот тушаалын дагуу хөдөлгөөнтэй холбоотой алба, хэлтэс, төв, тасгийн удирдах ажилтнууд, байцаагч, диспетчерүүдээс мэргэжлийн түвшин тогтоох шалгалтыг Тээврийн хяналтын алба, Хүний нөөцийн алба хамтарч авахаар бэлтгэж байгаа аж. Мөн хөдөлгөөнчдийн мэргэжлийн ур чадварыг сорих “Онц хөдөлгөөнчин” тэмцээнийг Замын-Үүд зангилаанд зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа зэрэг төлөвлөсөн ажлын талаар мэдээлэв.
Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Б.Мөнхтулга тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтийн талаар мэдээлэв. Түүний танилцуулснаар энэ сарын 19-нийг өдрийг дуустал нийт 15 сая 081.4 мянган тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөө 95.5 хувийн биелэлттэй. Өнгөрсөн долоо хоногт 1 сая 674 мянган тонн ачаа тээвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 93.1 мянган тонноор илүү ачаа тээвэрлэсэн үзүүлэлттэй байна.
Зургадугаар сарын 19-ний өдрийг дуустал 10 сая 650 мянга 800 тонн ачаа ачсан байна. Ачилтын төлөвлөгөө 93.7 хувийн биелэлттэй. Ачилтын план гэрээ байгуулсан байгууллагуудаас Багануур, Эрдэнэт үйлдвэр төлөвлөснөөс давуулан ачсан бол Шарын гол, Шивээ-Овоогийн уурхайн ачилт төлөвлөснөөс буурчээ. Түүнчлэн, Шарын гол, Шивээ-Овоогийн уурхайд долдугаар сарын 1-нийг хүртэл ачилт хийхгүй гэдгээ мэдэгджээ. Зургадугаар сарын 13-19-нийг дуустал 5582 вагон буулгасан буюу хоногт дунджаар 319 вагон дутуу буулгасан байна.
Зургадугаар сарын 1-19-ний байдлаар нийт 14331 вагон буулгаж, төлөвлөснөөс 1686 вагон дутуу буулгаж, буулгалтын төлөвлөгөөний биелэлт 89.4 хувийн биелэлттэй байна.
Өнгөрөгч долоо хоногт тээврийн чанарын үзүүлэлтийн хувьд хэсгийн хурдны төлөвлөгөө 39 км/цаг, гүйцэтгэл 39.75 км/цагаар биелсэн байна. Зурмагийн тасалдал өмнөх долоо хоногоосоо 14 нэгжээр буурсан. Зургаан галт тэрэгний зурмагийн тасалдлаас 336 минутын зогсолт гарсан. Үүнээс шалтгаалж 0.12 км/цагаар хэсгийн хурд удааширсан. Галт тэрэгний дундаж жингийн төлөвлөгөө 3200 тонн, биелэлт тайлант долоо хоногт 3355 тонноор биелжээ.
Зүтгүүрийн бүтээмжийн төлөвлөгөө 1470 бохир тонн/км. Тайлант долоо хоногт -66.59 бохир тонн/км-ээр дутуу биелүүлсэн.
Вагон эргэлтийг төлөвлөгөөнд тусгасны дагуу 4.5 хоногоор биелүүлж ажиллажээ.
Галт тэрэг солилцоогоор Замын-Үүд-Эрээн өргөн царигаар хоногт дунджаар 16 галт тэрэг буюу 718.7 вагон хүлээлгэн өгч, 16.1 галт тэрэг, 718.8 вагон хүлээн авчээ. Нарийн царигаар хоногт дунджаар 7.8 хос галт тэрэг солилцсон байна. Сүхбаатар-Наушки боомтоор хоногт дунджаар найман галт тэрэг, 328 вагон хүлээлгэн өгч, 8.1 галт тэрэг, 382.7 вагон хүлээн авчээ.
Тайлант хугацаанд нийт чингэлгийн транзит 81 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос хоёр галт тэргээр өссөн дүн аж. Оны эхнээс нийт 1694 транзит галт тэрэг аялсан нь 2024 оны мөн үеэс 223 галт тэргээр өссөн үзүүлэлт ажээ.
Мөн өдрийн хуралдаанаас ХАБЭА-н албанаас оны эхний зургаан сард ХАБЭА-г Замын хэмжээнд хэрхэн биелүүлж ажиллаж байгааг дэлгэрэнгүй танилцуулж, салбар нэгжүүдэд дунд шатны хяналт суларсан нь технологи зөрчигдөх, түүнээс үүдэн хөдөлмөрийн аюулгүй байдлын осол зөрчил гарах нөхцөл бүрдэж байна гэв. Мөн байгууллагуудад ХАБЭА-н гурван шатны үзлэгийг чанаргүй хийдэг дутагдал нийтлэг байгааг анхааруулав.
Мөн Замын дарга 2025 оны зургадугаар сарын 20-ны өдрийн А-499 тоот тушаал гарган Нийгэмлэгийн санхүү эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, орон тоо бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох төсөл боловсруулах ажлын хэсгийг Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт нараар ахлуулан байгуулсныг Хүний нөөцийн албаны дарга С.Цэвээндорж танилцууллаа.
