Нүүр УБТЗ ХНН Зурмагийн тасалдлаас шалтгаалан 20 галт тэрэг 1194 минут зогсжээ
УБТЗ ХНН

Зурмагийн тасалдлаас шалтгаалан 20 галт тэрэг 1194 минут зогсжээ

G.Press 11 цагийн өмнө 18 үзэлт 0 сэтгэгдэл

Замын 27 дугаар долоо хоногийн нэгдсэн хурлыг I орлогч дарга О.А.Казаков удирдлаа. Энэ сарын 03-ны 16.50 цагт Чулуут-Цагаанхяр хоорондын замын их засварын цонхны ажлын үеэр М62УМ-015 илчит тэрэгтэй 5279 дүгээр аж ахуйн галт тэрэгний ЭЛБ машины нэг тэргэнцрийн нэгдүгээр хос дугуй замаас гарсан байна. Үүний шалтгааныг судалж буйгаа Тээврийн хяналтын албаны дарга хэллээ. Дутагдлын хувьд Зүтгүүрийн аж ахуйн албанд тооцогдсон зүтгүүрт гэмтэл гарч тусламж авсан гурав, Замын аж ахуйн албанд хоёр, Дохиолол холбооны албанд нэг, бусдаар тооцогдсон гурав, нийт ес гарчээ. Гологдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал ижил буюу 28, дутагдал 10 нэгжээр буурч 288 гараад байна. Тээврийн хувьд оны эхнээс энэ сарын 02-ныг дуустал 17588.1 мянган тонн ачаа тээвэрлэж, 106.2 хувиар биелүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 1484.0 мянган тонноор илүү байна. Оны эхнээс 12415.2 мянган тонн ачаа ачиж, төлөвлөгөөг 105.7 хувиар биелүүлснээр өмнөх оны мөн үеэс 1031.8 мянган тонноор давуулжээ. Буулгалтын хувьд тайлант долоо хоногт 4512 вагон буулгаж, хоногт дунджаар 69 вагон дутуу буулгав. Орон нутгийн 136600, транзит 106500, экспорт 241700, импорт 58600 тонн буюу нийт 543400 тонн ачаа тээвэрлэлээ. Орон нутгийн нүүрс ачилтын хувьд “Багануур” ХК төлөвлөгөөнөөс 41 вагон илүү буюу 281 вагон ачсан байна. “Шивээ-Овоо” ХК 16 вагон дутуу буюу 80, “Эрдэнэт” үйлдвэр дөрвөн вагон дутуу буюу 48 вагон ачсан бол “Шарын гол” ХК ачаагүй байна. Тус компани энэ сарын 20 ноос ачиж эхлэх аж. Тээврийн чанарын үзүүлэлтээр 27 дугаар долоо хоногт хэсгийн хурд 39.61 км/цагаар, галт тэрэгний дундаж жин 3349.8 тонноор, зүтгүүрийн бүтээмж 1448.2 мянган бохир тонн/ км-ээр, вагон эргэлт 4.5 хоногоор тус тус биелжээ. Тодруулбал, ачаа өнгөрүүлэлтээр зүтгүүрийн эвдрэл гэмтлээс шалтгаалан зурмагийн тасалдал нэлээд гарсантай холбоотой бүтээмж буурсан байна. Зурмагийн тасалдлаас шалтгаалан 20 галт тэрэг 1194 минут зогссон байна. Галт тэрэг солилцоо Замын-Үүд Эрээний өргөн царигаар тайлант долоо хоногт 115 галт тэрэг /хоногт дунджаар 764.7 вагон/ хүлээн авч, 114 галт тэрэг /755.1 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 16.2-16.4 галт тэрэг болов. Нарийн царигаар 58 галт тэрэг /452.7 вагон/ хүлээн авч, 59 галт тэрэг /458 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 8.2-8.4 галт тэрэг боллоо. Сүхбаатар-Наушкиар 55 галт тэрэг /291.7 вагон/ хүлээн авч, 55 галт тэрэг /335.4 вагон/ хүлээлгэн өгч, хоногт дунджаар 7.8 галт тэрэг солилцсон байна. Өмнөх долоо хоногтой ижил чингэлгийн 80 галт тэрэг аялжээ. Оны эхнээс авч үзвэл 1845 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 159 галт тэргээр давсан үзүүлэлт юм. Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги транзитын 1957, импортын 917 чингэлэг шилжүүлэн ачсан нь өмнөх долоо хоногоос транзит 493 аар цөөн, импорт 238-аар илүү байна. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 614 чингэлэг, 3451 вагон ачаа байгаа аж. Түүнчлэн, нэгдсэн хурал дээр Зорчигч тээврийн алба, Эрчим хүч, ус хангамжийн төвийн дарга нар ажлаа танилцууллаа. Зорчигчийн галт тэрэгний хувьд илчит тэрэгний эвдрэл гэмтлээс шалтгаалсан зурмагийн тасалдал нэлээд гарч байгааг албаны орлогч дарга Н.Баттулга танилцууллаа. Тодбуулбал, оны эхнээс энэ сарын 5-ны байдлаар зурмагийн 104 тасалдал гарсан байна. Одоогийн байдлаар зорчигчийн 204 вагонтойгоос парк ашиглалт 72 хувьтай байгаа аж. ЭХУХ-ийн төвийн хувьд төлөвлөгөөт ажлаас гадна Монголын Шувуу хамгаалах төв болон Олон улсын шувуу хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр Чойр хэсэглэлийн 1170 тулгуурт шувуу хамгаалах тусгаарлагч суурилуулжээ. Ингэснээр шувуунаас шалтгаалсан тасалдал багасаж буйг тус төвийн дарга танилцууллаа. Хурлын төгсгөлд Замын I орлогч дарга О.А.Казаков баяр наадмын өдрүүдэд шуурхай жижүүрүүд хариуцлагатай ажиллаж, үл тохирлол илэрвэл шуурхай арга хэмжээ авч, холбогдох цахилгааны биелэлтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

 

М.Наранболд 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.