Амархан сайн байцгаана уу. Та бүхэндээ XVII жарны үзэсгэлэн болгогч хэмээх харагчин туулай жилийн сар шинийн мэндийг айлтган дэвшүүлье.
Улиран одож буй бар жил газрын жигүүр дэлгэж, ган зам зурайлгасан манай төмөр замчдын маань хувьд өрнүүн амжилт, өндөр бүтээлээр дүүрэн сайхан жил болж өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд манай улсын үндэсний төмөр замын сүлжээний урт 900 орчим км-аар уртасч, 40 хувиар нэмэгдлээ. Хөгжил дэвшлийн төмөр судас болсон “Тавантолгой-Гашуунсухайт”, “Тавантолгой-Зүүнбаян”, “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замууд баригдаж төмөр замын тээврээр хийх экспортын гурван гарцтай боллоо.
УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн экспортын ачаа тээврийн тарифыг инфляцид нөлөөлөхгүй байдлаар нэмэгдүүлсний үр дүнд алдагдал буурч ашигтай ажиллах, үйлчилгээгээ чанаржуулж үйл ажиллагаагаа жигдрүүлэх таатай нөхцөл бүрдлээ. УБТЗ-д ажиллаж буй 15600 ажилтан албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, үр дүнгийн урамшууллыг бууруулахгүй олгох бодит боломж бий боллоо. Гэхдээ сайны хажуугаар саар гэдэг шиг хувийн ашиг сонирхолд автсан зарим нэг авлигач нөхдийн харгайгаар олон жилийн түүхтэй УБТЗ-ын нэр хүнд сэвтэж, хариуцсан ажлаа хоёргүй сэтгэлээр хийж мэргэжилдээ эзэн болж яваа мянга мянган төмөр замчдын маань урмыг хугалж, бухимдал зэвүүцлийг төрүүлсэн харамсалтай үйл явдал ч тохиолоо. Энэ бүхнийг эцэс болгохын тулд Ачаа тээврийн үйлчилгээний цахим системийг улам боловсронгуй, ил тод, олон нийтэд нээлттэй болгох ажлыг эрчимжүүлэх шаардлага байна. Миний бие Зам, тээврийн хөгжлийн сайдын хувьд төмөр замын боловсон хүчний бодлого, хүний нөөцийн хөгжилд онцгой анхаарч танил тал, нам бүлэглэлийн татаасаар бус мэдлэг мэргэжилдээ эзэн болсон төмөр замчдаа дэмжих байдлаар шатлан дэвших зарчмыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, ажил хариуцсан удирдах албаны хүмүүст зөвхөн тийм шаардлага тавьж ажиллах болно гэдгээ энэ ташрамд дуулгая.
Энэ 2023 оныг Зам тээврийн салбар “Бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил” болгосон нь ч учиртай. Үйлчилгээгээ цахимжуулж байж иргэдэд ил тод, хөнгөн шуурхай үйлчилж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангижирч чадна. Бүтээмжийг дээдэлдэг, бүтээмжийг урамшуулдаг, бүтээмжтэй нь нийцсэн цалин хөлс, нийгмийн баталгаа олгодог байж гэмээнэ салбарын ажилтнууд, эгэл жирийн төмөр замчид маань эрхэлсэн ажлаа сэтгэл хангалуун, урам зоригтой хийж гүйцэтгэнэ.
Хариуцлагыг төлөвшүүлж, алдаа гарсан даруйд буруутай этгээдэд хатуу хариуцлага тооцож чадаж гэмээнэ салбарын нэр хүнд дээшилж, сахилга бат оршин тогтноно.
Ажлаа зөв төлөвлөдөг, төлөвлөсний дагуу зөв зохион байгуулдаг, хэрэгжилтэд нь байнгын хяналт тавьж, үр дүнгээ зөв тооцож байж бидний дэвшүүлсэн зорилт бүрэн биелнэ.
Удахгүй эхлэх УИХ-ын хаврын чуулганаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бид хэлэлцүүлэн батлуулна. Ингэснээр төмөр замын тээвэр зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа, төмөр замын салбарт ажиллагсдын нийгмийн баталгаа улам хангагдана гэж үзэж байна.
Энэ онд бид үндэсний төмөр замынхаа сүлжээгээр 35,0 сая.тн-оос доошгүй ачаа, 2,4 сая зорчигч тээвэрлэнэ гэсэн зорилт дэвшүүлсэн.
Төмөр замын салбарт хөдлөх бүрэлдэхүүн, зүтгүүр вагоны тоог нэмэгдүүлнэ. Замын-Үүд-Эрээн өртөөгөөр хоногт дунджаар 15,0 галт тэрэг солилцон төмөр замын ачаа тээврийг саадгүй түргэн шуурхай явуулахад бүх талаар анхаарна.
Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замын хэсэглэлд их засвар хийж, Зүүнбаян-Сайншанд өртөөг өргөтгөнө.
“Богдхан төмөр зам” төслийн ажлыг үргэлжлүүлж, хил холболтын төмөр замуудын ажлыг эрчимжүүлнэ.
Шинээр нийт 1,399 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, Ханги, Гашуун сухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулна. Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426,7 км төмөр замын төслийг эхлүүлнэ.
Энэ бүхэн бол хөгжлийн төмөр судас болсон манай төмөр замын салбарын өмнөө тавьсан, хийж хэрэгжүүлэхээр зорьж буй томоохон бодлогын тов тодорхой зорилтууд юм.
Үүнд манай төмөр замын салбарынхан, тэр дундаа УБТЗ-аар овоглосон төмөр замчид та бүхний хичээл зүтгэл, үүрэг хариуцлага нэн чухал билээ.
Эх орныхоо хөгжил дэвшлийн хүчирхэг зүтгүүр, эргэх дөрвөн цагт эрчээ алдаагүй хөдөлмөрлөсөн их ажлын эзэд хүндэт төмөр замчид Та бүхэндээ гарч буй харагчин туулай жилийн сар шинийн мэндийг айлтган дэвшүүлж, ажлын их амжилт, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе.
Ган зам мөнхөд зурайж, галт тэрэг саадгүй хурдлах болтугай.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ