Сайншанд өртөөний ерөнхий нягтлан бодогч Борхүүгийн Энхнаранг хамт олон нь ихэд хүндэлнэ. Ажилд гавшгай, хүнтэй эвсэг, мэргэжилдээ чадварлаг болохоор түүнд хэн хүнгүй ам сайтай. Тэрбээр ажил хөдөлмөрөөрөө шалгарч, 2024 онд байгууллагынхаа хөдөлмөрийн аваргаар тодорчээ.
Б.Энхнаран Дорноговь аймгийн Мандах суманд төрж, Сайншандад өсжээ. Ээж нь эрүүл мэндийн салбарт, аав нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байжээ. Тэрбээр Улаанбаатарт Хан-Уул дээд сургуулийг банкны чиглэлээр суралцаж, төгсөөд аав ээжийнхээ дэргэд байхаар шийдэж нутагтаа иржээ. Эхний хоёр жил банкинд ажиллаж байтал Төмөр замд нягтлан бодогчоор ажилладаг түүний эгч, хүргэн ах хоёр нь ятгаж, 2011 оноос Сайншанд Татах хэсэгт тооцооны нягтлангаар ажиллахаар болжээ. Анх ажилд орохдоо ах эгч нарынхаа нэр нүүрийг унагачихгүй юмсан гэж өөрт оногдсон ажлыг хамгийн сайнаараа хийж гүйцэтгэе гэж хичээж, мэрийн ажиллажээ. Тэрбээр Оюунпүрэв ерөнхий нягтлангаасаа их зүйлийг сурч авчээ. Энэ хооронд Замын IV ангид хоёр гурван сар ажиллаж байгаад эргээд Сайншанд Татах хэсэгтээ орлогч нягтлангаар ажиллах болжээ. Улмаар түүнийг 2019 онд Сайншанд өртөөний ерөнхий нягтлангаар томилжээ.
Өртөөний ерөнхий нягтлан бол зангилааны нягтлангийн ажлыг давхар гүйцэтгэдэг. Дээр нь зангилааныхаа ахмадын хорооны нягтлангийн үүргийг гүйцэтгэнэ. Тэрбээр зангилааны хэмжээнд болж байгаа аливаа үйл ажиллагааг зохион байгуулалтаар хангаж, зардал төсвийг хуваах, хуваарилах ажлыг хийнэ. Мөн Сайншанд зангилааны 500 гаруй ахмадууддаа Замын даргын тушаалын дагуу олгогдож байгаа тэтгэвэр тэтгэмж, буцалтгүй тусламжийг олгох, биеийн тамир, спорт, соёлын арга хэмжээний төсөв санхүүг нь барилцаж, хянах, удирдан зохион байгуулах гээд түүний хариуцсан ажил мундахгүй.
Өмнө нь Замын ангид цөөн хэдэн сар ажилласан, мөн олон санхүүгийн ажилтантай Сайншанд татах хэсэгт ажиллаж, ур чадварын хувьд өсөж, хөгжин, байгууллагын онцлогийг мэдэрч авсан нь түүнд өнөөдөр амжилттай ажиллахад дөхөм болж байгаа гэнэ.
Өртөөний санхүүгийн баг цомхон ч хэсэглэлийн хувьд хойноо гурав, урдаа бас гурван өртөө зөрлөгтэй, дээр нь Зүүнбаян гээд нийтдээ найман хэсгийг хариуцдаг учраас бүгд л хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллахын тулд бүгд ижил тэнцүү норм, норматив хийж, үзлэг шалгалтаар байнга шугам замд явж ажилладаг ажээ.
Түүнтэй ажил хэргийнх нь талаар товч ярилцлаа.
-Сонсоод байхад таны хариуцдаг ажил чамгүй их бололтой. Яаж энэ бүхнийг амжуулж байна вэ?
- Сүүлийн үед төмөр замд санхүүгийн программ хангамж тасралтгүй хөгжиж байгаа нь ажлын ачааллыг хөнгөлж байна. Өмнө нь тус тусдаа программ дээр нягтлан бодогч нар санхүүгийн тайлангаа хөтлөөд нэгтгэдэг байсан бол одоо УБТЗ-ын 60 гаруй ААН байгууллагууд COS онлайн программ дээр зэрэг ажиллаж, замын хэмжээнд мэдээллийн нэгдсэн дата баазтай болж, мэдээллээр удирдлагыг шуурхай хангахад маш чухал алхам болсон. Дээр нь “Цахим төмөр замчин” аппликэйшнийг энэ оноос нэвтрүүлж эхэлсэн. Үүний үр дүнд ажилчдад санхүүгийн хувийн мэдээллүүд ил тод болж, мэдээллийн нууцлал сайжирч, хоорондын уялдаа холбоо дээшилсэн. Өмнө нь бид тооцооны хуудас хэвлээд л энэний цалин, тэрний цалин гээд л нэмж, хасаад суудаг байв. Тэгэхэд мэдээллийн нууцлал алдагдах эрсдэл байсан. Аппликэйшнээр дамжуулдаг болсноор хувь хүн хүссэн үедээ цалингийнхаа орлого, хариуцаж байгаа хөрөнгийнхөө жагсаалтыг харж болдог болсон. Цаашилбал, хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг хянахад хялбар болсон. Энэ бүхний үр дүнд бидний ажлын ачаалал нэлээд хөнгөрсөн дөө.
-Танай санхүүгийн багийн онцлог юу вэ?
Манай санхүүгийн багийн зүгээс ажилчдадаа анхнаас нь санхүүгийн мэдлэг, боловсрол олгохыг хичээж, тус бүрт нь тусгай хавтас нээж, цалин орлогоо тооцоолон бодож, хянах чадвартай болгохыг зорьж, мэдээллээр хангаж ажилладаг. Хүн нэг бүртээ эргэх холбоотой байж, цалингийн сургалтад хамруулж, шаардлагатай гарын авлага, материалыг хувь хүмүүсийнх нь хавтсанд бэлтгээд тавьчихдаг.
Манай санхүүгийн баг хоорондоо нарийн уялдаа холбоотой ажилладаг. Бүгд нэг өрөөнд хамт суудаг учраас ажилчдыг ийш тийш олон дахин явуулж, гарын үсэг зуруулах гэж олон албан тушаалтан дээр очдог байдлыг халснаар бичиг баримтын эргэлт хурдан болсон. Манайх харьцангуй цөөхөн, дөрвүүлээ учраас эв зүйгээ олоход хүндрэл байдаггүй, хамтарч ажиллахад амар байдаг. Манай нярав гэхэд л туршлагатай, их нямбай хүн бий. Нягтлангийн хувьд ч сайн ур чадвартай хүн байдаг. Бид хэд минийх, чинийх гэж айхтар ажлаа зааглаж, ялгаад байхгүй бие биенийхээ ажлыг дэмжиж, уян хатан байж, амжиж байгаа нь амжихгүй байгаадаа тусалж дэмжээд, ямар ч ажлыг цаг хугацаанд нь хийгээд, тайлан балансаа заасан хугацаанд нь тушаагаад явж байна.
-Танайд хэдий хэрийн хөрөнгө эргэлддэг юм бол?
- Манайх нэг тэрбум 800 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэйгээр ажил, үйлчилгээ эрхлэн явуулж байна. Ер нь манай нэг сарын зардал 700 орчим сая төгрөг байдаг. Энэ мөнгөний ихэнх нь цалинд зарцуулагддаг. Бид цалинг цаг хугацаанд нь үнэн зөв тооцоолж өгөхөд гол анхаарлаа хандуулдаг.
Бараа материал, хангамжийн хувьд ажлын онцлог, норм, нормативоос хамаарч нөөц бүрдүүлэх, оновчтой удирдах, авлага өглөггүй байлгах чиглэлээр ажлаа зохион байгуулж байгаа. Нийгэмлэгийн санхүүгийн чадамжид суурилаад манайд сардаа 20-25 сая төгрөгийн материал хангамж хуваарилагддаг. Бид бууршгүй нөөцийнхөө нэр төрлийг тодорхой болгож, үр ашиггүй үхмэл хөрөнгийг агуулах саванд байлгахгүйн тулд хичээж ажиллаж байгаа.
Манай санхүүгийн баг байгууллагын үр ашгийг дээшлүүлэх, хөдөлмөрийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг тасралтгүй хангаж ажиллахад удирдлагын баг бүрэлдэхүүн болон нийт ажилчидтайгаа хамтран ажилладаг. Ажлын цаг ашиглалтад хяналт тавьж, ашиг алдагдалд анхаарал хандуулж, сул хөрөнгө урсахгүйн тулд хэмнэлт, хэтрэлтийг зохицуулах гэх мэтээр манай санхүүгийн дөрвөн хүний хариуцаж хийх ажил олон бий.
-Сүүлийн үед Замын хэмжээнд боловсон хүчний хомсдолоос шалтгаалсан илүү цагийн зардал өндөр гарч байгаа. Үүнийг бууруулах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Маш сайн ажиллаж байгаа. Оны эхний дөрвөн сарын байдлаар 22 ажилтан өвдсөн. Өвчлөлийн хэмжээг нь харахад нэлээд олон цаг байгаа боловч гарсан илүү цаг нь түүнээс хэд дахин бага байгаа. Энэ нь манай байгууллага ажилтнаа хөрвөн ажиллах чадвартай болгож бэлтгэсний үр дүн юм. Өртөө зөрлөгийн удирдах ажилтнуудыг зөрлөгийн жижүүр дээрээ хөрвүүлж ажиллуулснаар илүү цагийг бууруулж чадсан. Түүнчлэн, томилолтын жижүүр болоод томилолтын тоотыг ажиллуулж байна. Харамсалтай нь тэднийг байрлуулах орон байрны асуудалд хүндрэл гарах юм. Үүнийг зохицуулах тал дээр цаашид анхаарах хэрэгтэй байгаа.
Манайх илүү цагийг биеэр нөхөн амраах зарчмыг сайн хэрэгжүүлж байгаа.
-Та 2024 онд байгууллагынхаа хөдөлмөрийн аваргаар шалгарсан юм байна. Баяр хүргэхийн ялдамд танд тухайн үед төрсөн сэтгэгдлийг сонсъё?
-Баярлалаа. Анх удаа байгууллагын аварга болж үзсэн. Маш их баярласан. Энэ бол хамт олон, удирдлагын хүлээн зөвшөөрөлт гэж хүлээж авсан. Манай хамт олон, удирдлагын баг маань санхүүгээ бас маш сайн сонсдог, нягт хамтарч ажилладаг, санаа бодол, мэдээллээ нээлттэй хуваалцдаг, адил ижил тэгш хяналт тавьдаг нь бидэнд үнэхээр таалагддаг.
Хамт олон эв найртай, уур амьсгал сайхан байх юм бол ямар ч ажил хэцүү санагддаггүй. Бид амьдралынхаа нэлээд цаг хугацааг ажилдаа зориулдаг учраас бүтээмжээ өндөр байлгая, хамт олныхоо уур амьсгалыг эерэг байлгая гэж их хичээдэг. Хамт олон нь уур амьсгал сайхан байхад бол ямар ч ажил бол урагштай сайхан байдаг даа. Бүгдээрээ ингэж бие биеэ хүлээн зөвшөөрч хүндлээд хувь хүнийх нь онцлогийг ойлгоод цаашдаа ингээд хамтраад явах юм болбол бүх ажилтанд болохгүй бүтэхгүй зүйл алга.
Манай УБТЗ улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, маш олон айл гэрийн амьжиргааны баталгаа болж байна. Зөвхөн хөдөлгөөний байгууллага гэхгүйгээр хөдөлгөөний бус бас олон байгууллагуудыг авч явж байгаа. Дээр нь олон мянган ахмадаа аваад явж байгаа ийм газар хаана ч байхгүй.
Төмөр замчны мэргэжлийг сонгосон залуучуудын хувьд цаашид сурч боловсрох, ажиллах алтан боломж нээлттэй байна. Энэ бүхнийг би эргэцүүлэн боддог доо.
Г.Энхбаатар
