Нүүр Ярилцлага З.Отгонтөр: Энэ онд 34 км зам шинэчлэлтийн ажил хийнэ
Ярилцлага

З.Отгонтөр: Энэ онд 34 км зам шинэчлэлтийн ажил хийнэ

G.Press 1 жилийн өмнө 236 үзэлт 1 сэтгэгдэл

 

 

Замын аж ахуйн албаны дарга, Монгол Улсын Гавьяат тээвэрчин З.Отгонтөртэй ярилцлаа.

 

-Та төмөр замын мэргэжлээр багаас нь эхэлж ажилласан байдаг. Сүүлийн хэдэн жилд Төсөл хэрэгжүүлэх нэгжийн даргаар ажиллаж байгаад Замын аж ахуйн албаны даргаар томилогдлоо. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон хүний хувьд УБТЗ-аа өөр өнцгөөр харж буй байх. Замын аж ахуйд нэн даруй хийж хэрэгжүүлэхээр ямар ажил нүдэнд тань тусаж байна вэ?

 

-Нийт төмөр замчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би 2007 онд төмөр замын зам барилгын инженер мэргэжлээр төгсөөд Замын I ангид замчин, бригадын дарга, инженер, Техникийн бодлого, зураг төслийн төвд инженер, Зам засварын машинт станцын ерөнхий инженерээр ажиллаж байсан. 2018-2024 он хүртэл Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн шинэ төмөр замын бүтээн байгуулалтад  УБТЗ ХНН ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах үед УБТЗ-ын төслийн ажлыг хариуцан ажилласан. 2018-2019 онд “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн захиалгаар 27 км иж бүрэн төмөр зам, дохиолол холбоо систем, эрчим хүч, өртөөний барилга, 3.8 км холбоос авто зам, төмөр зам дээгүүр гарсан 36 метр урт төмөр бетон гүүр, авто замын болон мал амьтан гарах зориулалтай хонгилын барилга угсралтын ажлын гүйцэтгэж байлаа. 2020-2023 онд Тавантолгой-3үүнбаян чиглэлийн 463 км шинэ төмөр замын дээд бүтцийн ажил болох нийт урт нь 2200 п/м  24 төмөр бетон гүүр, 35/04кВт-ын арван дэд станцын барилга угсралт, 388 км урт 35кВт-ын хоёр хэлхээний агаарын шугам скада систем, 780 км урт шилэн кабель, дохиолол холбооны иж бүрэн системийг УБТЗ ХНН-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хамт олон хариуцан ажиллаж, захиалагч “МТ3” ТӨХК болон улсын комисст амжилттай хүлээлгэн өгөөд бидний ажил дууссан. Ингээд Замын аж ахуйн албандаа инженерээр ажиллаж байгаад өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр албаны даргаар томилогдлоо. Замын аж ахуйд дэвшилтэт технологи, уулзваргүй зам нэвтрүүлэх, ажлын бүтээмж өндөртэй зам засварын машин механизмаар парк шинэчлэлт хийх шаардлагатай байна. Уулзваргүй зам нь галт тэрэгний хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлэхээс гадна, урсгал зардал, замын гэмтлийг бууруулж, эрсдэлийг  багасгадаг давуу талтай.

 

-Энэ жил замын засвар, шинэчлэлтийг хаана, хэдэн км хийхээр төлөвлөв?

 

-Манай алба энэ онд хийж гүйцэтгэх ажлаа Замын захиргаанд танилцуулсан. Замын III ангийн хэсэглэлд Олон-Овоо-Цомог-Айраг хоорондын замд (719км-752км) 34 км зам шинэчлэлтийн ажил хийнэ. Алтганы гол-31 дүгээр зөрлөг-Улхын-Овоо хоорондын замд 20км Р50 зам төмрийг Р65-аар солино. Сайншанд-Зүүнбаян хоорондын замд ус урсах металл хоолойг төмөр бетон хоолойгоор солих, шинээр таван газар бетон хоолой барина. Толгойт өртөөнд вагон хуримтлалын гурван зам шинээр нэмж, Оорцог-Энгэр зөрлөгийн зам, байгууламжийн өргөтгөл, урсгал засвар зэрэг хийх ажлуудаа танилцуулан бэлтгэл ажилдаа ороод байна.

Урсгал болон их засварын хүрээнд Р50 маркийн 25 суман шилжүүлгийг Р65 суман шилжүүлгээр солих, УБТЗ ХНН-д анх удаа төмөр бетон ялуутай Р65 арван суман шилжүүлгийг Улаанбаатар-1 өртөөний гол замд тавихаар бэлтгэл ажлыг хангаж суман шилжүүлэг, төмөр бетон ялуугаа худалдан авсан. Ингэснээр өртөөгөөр шууд өнгөрөх галт тэрэгний хурд нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Зам засварын машинт станцын хамт олон 2025 оны зам шинэчлэлтийн бэлтгэл ажлын хүрээнд хүнд машин механизмын засвар үйлчилгээг хуваарийн дагуу хийж байна. ВПО3-3000, ВПР-02 зам засварын машин, Зам хэмжигч декарт 229Д вагоныг ОХУ-д их засварт явуулахаар бэлтгэж байгаа. 34 км зам шинэчлэлтийн “Цонх”-ны ажлын фронтыг 1900-2100 п/м-ээр хийхээр төлөвлөж байна. Ер нь, гол замд их засварын хугацаа хэтэрсэн 330 км төмөр зам байна.

Цаг агаар хүйтэрч,  өдөр шөнийн агаарын температурын зөрүү их байгаа үед 1979-1986 онд ЗХУ-ын “Азов сталь” үйлдвэрт үйлдвэрлэсэн Р50 зам төмөртэй Алтганы гол-31 дүгээр зөрлөг-Улхын-Овоо, Энхтал-Дархан хоорондын хэсэгт зам төмрийн сэвийн хурц гэмтэл ихээр гарч байна. Энэ нь нөгөө талаас Р50 зам төмрүүд металлын ядаргаанд орсонтой холбоотой юм. Р50 зам төмрүүдийг үе шаттай шинэчлэх ажлыг Замын захиргаанд танилцуулсан. 3-4 жилийн дотор сольж дуусгах шаардлагатай байгаа. УБТЗ-ыг хөгжүүлэх 2030 хөтөлбөрт тусгасан ажлуудыг  хийхээс гадна суурь бүтцийн шинэчлэлтийг давхар хийх онцгой шаардлага бидэнд  тулгарч байна. Замын захиргаа замын техникийн байдлыг сайжруулах талд онцгой анхаарал хандуулж, жил бүр зам шинэчлэлтийн ажлыг 50 км-ээс багагүйгээр  төлөвлөж хийх нөхцөл байдал үүсээд байна. Түүнчлэн, зам засварын хүнд машин механизм, ДГКУ дрезин, хоппер думпкар, замын үе зөөх зориулалттай УСО-4  вагонууд маань Монгол Улсад мөрдөж байгаа МNS6466:23 стандартын шаардлагыг хангахгүй, насжилт хэтэрсэн. Зам засварын машин механизм, вагонуудыг шинэчлэх ажлыг хөдлөх бүрэлдэхүүн шинэчлэх Замын төлөвлөгөөнд тусгасан.

Замын захиргаа, МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо хөтөлбөр гарган шугам замд ажилладаг замчдын ая тухтай тохилог орчин, амьдрах орон сууц, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж буйд нийт замчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

 

-Замын өргөтгөл шинэчлэлд харьяа үйлдвэрүүдийн хүчин чадал хүрэлцэж байна уу. Түүхий эд бэлтгэх талбай, лиценз зөвшөөрлийн асуудал ямар байна вэ?

 

-Манай албаны хүрээнд Төмөр бетон дэрний үйлдвэр, Мод боловсруулах үйлдвэр, Чулуун завод гэсэн гурван байгууллага ажилладаг. Төмөр бетон дэрний үйлдвэр маань СZ бетон дэр болон энэ оны их барилга, их засварт шаардлагатай гүүр хоолойн хийцүүдийг үйлдвэрлэж байна. Харин өнөөдрийн байдлаар АРС4 бэхэлгээний анкарын нөөц дууссан.

Мод боловсруулах үйлдвэрийн хувьд I, II улиралд замын урсгал засварт шаардлагатай суман шилжүүлгийн дүнз үйлдвэрлэж, 2024 онд тендерээр  байгууллагаас авсан модон дэрийг идээлүүлэн Замын ангиуд болон Баянтүмэн тасагт тарааж байна. Төмөр замын дэр мод үйлдвэрлэх зорилгоор ойн сан бүхий аймаг, сумын орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж байгаа ч модны  зөвшөөрөл маш багаар олгодог. Энэ жилийн хувьд 26000 п/м сумын дүнз, 20 гаруй  мянган модон дэр  үйлдвэрлэхээр ажлаа төлөвлөж байна.

Чулуун заводын хувьд энэ оны зам шинэчлэлтийн ажилд шаардлагатай буталмал чулуун чигжээс болон шибурь үйлдвэрлэж байна. Олон-Овоо-2 орд дээр хөрөнгө оруулалтаар худалдан авсан бутлах шинэ шугамыг угсарч суурилуулах ажлыг хийж байна. 2024 онд Чулуун заводод хөрөнгө оруулалтаар авто ачигч, өрмийн машин худалдаж авсан. Хүнд даацын авто машинуудад 2026, 2027 онд  парк шинэчлэлт хийхгүй бол авто машины техникийн байдал маш хүнд болсон. Мөн ажиллах хүчний хомсдол үүсэж, хүнд даацын авто машины жолооч дутмаг байгаа. Хүний нөөцийн тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх нь бидний гол үүрэг болж байна.

 

-Зам шинэчлэлтийн материал, тоног төхөөрөмжийн худалдан авалттай холбоотой тендер оройтох асуудал их гардаг. Замын ажилд шаардлагатай бараа материалын хангалт ямар байна вэ?

 

-Энэ онд зам шинэчлэлт, урсгал засварт шаардлагатай материалын захиалга болон техникийн тодорхойлолтоо Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албанд хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар зам төмрийн гэрээ хийсэн, дөрөвдүгээр сар гаргаад ирнэ. Бусад дагалдах буюу зам төмрийн бэхэлгээ, АРС-4 төмөр бетон дэрний анкар, суман шилжүүлэг, дэр мод, сумын шилжүүлгийн дүнз, цемент, ургамлын хор, өргөст болон сеткин торны тендерүүд эхнээсээ зарлагдаад явж байна.

 

-Хэдийгээр жил бүр зам шинэчлэлтийн ажил хийж байгаа ч элэгдлээ гүйцэхгүй байна гэдэг. Үүнийг хурдасгах ямар боломж байна вэ?

 

-Замын их дунд, өргөлтийн засвар, зам төмөр тууш солилт, замын чигжээс эрүүлжүүлэх  засварын ажлуудыг тодорхой үечлэлтэй хийж байх норм нормативтай байдаг. Өнөөдрийн байдлаар бидний төлөвлөж буй засварын ажлын хэмжээ энэхүү нормативт хугацааг хангаж чадахгүй байгаагаас жилээс жилд их засвар хийх хугацаа хэтэрсэн км-ийн хэмжээ нэмэгдсээр байна. Энэ оны байдлаар гол замдаа их засварын хугацаа хэтэрсэн 330 гаруй км байна. Иймээс жил бүр их засварыг хугацаа хэтэрсэн км-тэйгээ уялдуулан хамгийн багадаа 50-аас багагүй км-ээр төлөвлөж хиймээр байгаа юм. Ингэснээр бид галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлэх боломжийг бий болгож, эрсдэлийг бууруулна.

 

-2030 хөтөлбөрт арван өртөө, зөрлөгийг диспетчерийн төвлөрүүлэлтэй болгохоор тусгасан гэж сонссон. Энэ хүрээнд хийх онцлог ажил, технологийн шийдэл, хүн хүчний нөөц боломж юу байна вэ?

 

-Энэ чиглэлээр холбогдох албадтай хамтран судалгааны ажлыг хийж байгаа.  Ер нь, тухайн нөхцөлд үүсэж болох эрсдэлийг сайн тодорхойлж зохион байгуулалт, шийдвэрлэх арга замыг сайтар боловсруулах шаардлага бидэнд байна.

 

-Энэ оны Замын А/01 зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулна уу?

 

-Замын даргын А/01 дугаар  тушаалаар 2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд албаны салбар нэгжүүдэд хийж хэрэгжүүлэх ажлын саналыг авч Замын захиргаанаас гаргасан ажлын төлөвлөгөөтэй уялдуулан албаны хэмжээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд замчид, мэргэжлийн хүний нөөцийн дутагдал, хомсдол ихээхэн бий болсон энэ цаг үед нүдээ олсон шийдвэр боллоо гэж үзэж байгаа. Замын захиргаанаас төмөр замчин хүнийг шугам замд тогтвор суурьшилтай ажиллуулах талаар хэрэгжүүлж буй “Тогтвор суурьшилтай ажилласны урамшуулал”, “Говийн төмөр замчин”, “Зам арчлалтын нэмэгдэл” зэрэг хөтөлбөр нь үр дүнгээ өгч, ажлаас гарах замчид цөөрөх хандлагатай байна. Ажилчин хүний хувьд үйлдвэрлэлийг явуулж, ажил гүйцэтгэхэд ажлын технологи маш онцгой үүрэгтэй байдаг. Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах эх үндэс нь болдог. Тиймээс албаны хэмжээнд энэ онд шинэчлэх, сайжруулах технологийн судалгааг гаргаж, түүний дагуу салбар нэгжүүд дээр технологийн зураг авалтыг хийх ажлыг хуваарийн дагуу зохион байгуулж байна. Мөн замын арчлалт засварын технологийн эмхэтгэл тэргүүн дэвтрийг гарган мөрдүүлж байгаа. Энэ онд хоёр дахь эмхэтгэлийг гаргаж батлуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 

Энэ ташрамд нийт төмөр замчдадаа ирж буй XVII жарны  “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилдээ юу санасан ес цагаан хүсэл нь биелж, амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

 

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Та сар шинэдээ сайхан шинэлээрэй!

 

М.Наранболд 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.

Сэтгэгдлүүд

1 сэтгэгдэл байна.

Зочин 1 жилийн өмнө
Эвдэрсэн п 50 зам төмрөө шууд п65 соль