Жакарта-Бандунг хурдны төмөр зам ашиглалтад орсноос хойш найман сарын хугацаанд зорчигчийн 10.034 галт тэрэг аялж, нийт 3.57 сая зорчигч тээвэрлэжээ. Уг төмөр зам нь Хятад, Индонезийн Бүс ба зам-ын хамтын ажиллагааны гол төслийн хувьд Индонезийн нийслэл Жакарта болон аялал жуулчлалаараа алдартай Бандунг хотыг холбосон Хятад улсын гадаад оронд хийж буй анхны өндөр хурдны төмөр зам юм. 2023 оны аравдугаар сарын 17-нд ашиглалтад орсон тус төмөр замын ашиглалт, засвар үйлчилгээний консорциумыг Хятадын Төмөр замын Бээжин групп ХХК болон Индонезийн төмөр зам (KAI) хамтран байгуулжээ. Тээврийнх нь үр ашиг болон ая тухтай зорчих боломжийг нэмэгдүүлэхийн тулд үйлчилгээний чанарыг улам сайжруулахаар ажиллаж байгаа аж. Жакарта-Бандунг хурдны галт тэрэгний шугамын нийт урт нь 142.3 км, хамгийн дээд хурд нь цагт 350 км байна. Уг галт тэрэг аялж эхэлснээр Жакарта-Бандунг хооронд зорчих хугацаа гурван цаг гаруй байснаас 46 минут болж богиноссон байна. Нээлт хийсэн эхэн үедээ өдөрт 14 галт тэрэг аялж байсан бол оргил үедээ 52 болж нэмэгджээ. Өдөрт 8400-31000 гаруй зорчигч тээвэрлэсэн байна.