Нүүр Сурвалжилга Зорчигчид 24 цагийн хөдөлмөр шингэсэн цагаан хэрэглэлд тухалдаг
Сурвалжилга

Зорчигчид 24 цагийн хөдөлмөр шингэсэн цагаан хэрэглэлд тухалдаг

G.Press 1 жилийн өмнө 511 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Урд хөрш рүү галт тэргээр аялдаг нэгэн танил маань “Манай төмөр замын үйлчилгээ сайхан шүү. Гялгар ууттай цагаан хэрэглэлийг задлах бүрд шинэ даавуу нөмөрч байгаа мэт сайхан мэдрэмж төрдөг. Гэртээ байгаа юм шиг цэвэрхэн, дулаахан санагддаг” гэж ярьж байсан нь санаанд тод үлджээ. Зорчигчдын сэтгэлд хүрсэн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг үзүүлэх үүргийг УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн хамт олон хүлээдэг. Унтлагын вагонд хэрэглэдэг орны цагаан хэрэглэл, хөнжлийг цэвэр цэмцгэр байлгахаар тус депогийн Зэхэлт бэлтгэлийн цехийнхэн 24 цаг тасралтгүй ээлжлэн ажиллаж ачаалал багатай өдөр 2500-3000, оргил үед 5000 ширхэг цагаан хэрэглэлийн иж бүрдлийг цэвэрлэж бэлэн болгодог. Шөнийн ээлжинд нэг угаагч, дөрвөн индүүчин, нэг бохир хүлээн авагч, хоёр толбо угаагч гээд арав гаруй ажилчин ажиллана.

Зэхэлт бэлтгэлийн цехийн нэг өдрийн ажлыг сурвалжлахаар очиход гараар угаах хэсэг дээр дөрвөн эмэгтэй чулуун тавцан дээр толботой даавуу, дэрний уут зэргийг саван, угаалгын бодис хэрэглэн нухалж, ус буудагчаар шүршиж хичээнгүйлэн угааж байгаа ч наана нь сагс дүүрэн толботой даавуу овоорсныг харахад сэтгэл гонсойж байв. Ахлах мастер Ю.Энхтуул ”Гараар угаах хэсэгт нэг ээлжинд хоёр хүн ажилладаг. Ойрын өдрүүдэд хил хаагдаж ачаалал бага учраас зарим ажилтнаа толботой бохир угаах ажилд сэлгэн ажиллуулж байгаа юм. Толбо болсон даавуунуудын ихэнх нь цус болон тосны толбо. Төрөл бүрийн ундаа, жимсний шүүс, шоколад зэргээс үүдэлтэй толбыг арилгахад бэрх. Ийм хүндрэл гарсаар ирсэн. Зарим өдөрт толботой 200 даавуу ч ирнэ. Арилахааргүй толбоноос болж шинээрээ шахуу цагаан хэрэглэл актлагдах тохиолдолд их гардаг. Ер нь цагаан хэрэглэлийг 22 удаа аялалд хэрэглэнэ, цаашид ашиглалтад тэнцэхгүй бол акталдаг.  Манай цехийн ажилчид 24 цагаар ээлжлэн хүнд нөхцөлд ажилладаг. Гараар угаах хэсэг дээр ажиллаж байгаа хүмүүсийн ажлыг хөнгөвчлөх, химийн бодис багатай, цайруулагч, толбо арилгагч, ариутгалын бодис хэрэглэхийг үргэлж эрэлхийлдэг” гэж ярьж байсан.

Цагаан хэрэглэлийн цэвэрлэгээ нь ялгалт, гар болон машин угаалга, сэгсрэх, индүүдэх, эвхэх, багцлах зэрэг олон үе шат дамжин зорчигчдод хүрдэг. Вагоноос ирсэн цагаан хэрэглэлийг толбоноос нь хамааран ялгана. Харин толботой даавуу, дэрний уут зэргийг гараар угаадаг бол толбогүйг нь угаалгын машинд 40 минут угаадаг. Үүний дараагаар хатаагчид 30 минут хатааж, индүүдлэгээс багцлах хэсэгт шилжүүлнэ. Ингэснээр толботой, толбогүйгээс хамаарч нэг багцад 80-120 минут зарцуулдаг байна.

Өдөрт нэг ээлжийн эвхэгч гэхэд 800 багцын алчуур, даавуу эвхдэг. Хэрэв угаалга болон бусад шат дамжлагаар анзаарагдаагүй өнгөрсөн толботой алчуур байвал зохих дамжлага руу нь буцаадаг. Үйлчилгээ эцсийн байдлаар хэрэглэгчдэд очихын тулд бие биеэсээ хамааралтай дамжлагаар гардаг. Дахин угаалтад оруулдаг учир маш цэвэрхэн байдагт зорчигч та итгэлтэй байж болно.

Бид БНХАУ руу зорчиж аялах нь ихэссэн. Хятадын муж хооронд унтлагын галт тэргээр 1-2 хоног эсвэл хэдэн цагаар аялах галт тэрэгний хурд, дуу чимээ багатай зэргийг гайхширмаар ч үйлчилгээний тал дээр тун чиг  чамлалттай санагддаг. Цагаан хэрэглэлийг солихгүйгээр хэдэн хоногоор ч  хамаагүй зорчигчдод хэрэглүүлэх нь энгийн үзэгдэл.  

Харин манайд энэ үйлчилгээ эсрэгээрээ зорчигчдын дийлэнх нь вагоны доторх үйлчилгээнд сэтгэл хангалуун үлддэг. Галт тэргэнд тухалж аваад гэртээ байгаа мэт “аяглаж”, хөнгөн нимгэн хувцас өмсөж, углаашаа жийж, цэвэр цагаан хэрэглэл нөмрөн тохилог дулаахан унтаж амарсаар хүрэх газартаа зорчдог билээ. Зорчигчид маань цагаан хэрэглэл бусад зүйлсээ цэвэрхэн хэрэглэж байвал олон хүний сэтгэл, 24 цагийн хөдөлмөр шингэснийг үнэлж байгаа хэрэг юм. 

 

П.Түмээ

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.