УБТЗ үйлчилгээний чанараа сайжруулахаар олон улсын жишигт нийцсэн томоохон ажлуудыг хийсээр байна. Үүний нэг нь Зорчигч тээврийн төв буудлын хонгилон гарцанд шинэчлэл хийж урсдаг замыг ашиглалтад оруулав. Ингэснээр Зорчигч тээврийн тавцант талын хоёр, гуравдугаар замаар зорчигчид галт тэргэнд сууж буухдаа төвөггүй тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдлээ. Нээлтийн ажиллагаанд УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Х.Хэрлэн, Нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Замын даргын зөвлөх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат дарга Р.Раш, Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан, УБТЗ Замын Ерөнхий инженер Д.В.Бондарь, Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт нарын албаны хүмүүс оролцлоо.
УБТЗ-ын дарга Х.Хэрлэн ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар төмөр замын хамт олон энэ жил тэмдэглэж буй түүхт 75 жилийн ойдоо хөдөлмөр бүтээлийн олон сайхан бахдам амжилтаар бэлэг барьж байгаагийн нэг нь өнөөдрийн та бидний оролцож энэхүү бүтээн байгуулалтыг нээх ёслолын ажиллагаа юм. Энэ жил ачаа тээврийн түүхэн дээд амжилт тогтоож Монгол Улсынхаа эдийн засагтаа хувь нэмэр оруулахын төлөө шаргуу хөдөлмөрлөхийн зэрэгцээ зорчигч үйлчилгээний чанарыг сайжруулахад онцгой анхаарч энэхүү бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд гүйцэтгэж ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Хонгилон гарц ашиглалтад оруулснаар Зорчигч тээврийн төв буудлын тавцант талын хоёр, гуравдугаар замаар зорчин явагчид галт тэргэнд сууж буухдаа төвөггүй тав тухтай үйлчлүүлэх боломжтой боллоо. Уг бүтээн байгуулалтыг УБТЗ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орууллаа. Олон жил алдагдалтай явж ирсэн тус нийгэмлэгийн ачаа болон зорчигч тээврийн тарифыг индексжүүлж мөн алдагдлыг бууруулж, ашигтай ажиллаж эхэлсний үр дүнд үйлчилгээнийхээ чанар стандартыг сайжруулах санхүүгийн боломж эхнээсээ бий болж байгаагийн бодит жишээ энэхүү бүтээн байгуулалт юм” хэмээн онцлов. Нийт зургаан хэсэг 102 метр урт урсдаг зам бүхий уг хонгилон гарцаар өдөрт дундажаар 3000 зорчигч үйлчлүүлэгч зорчиж өнгөрнө. Тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэд, өндөр настан хүүхэд чөлөөтэй зорчих боломжтой. Хонгилон гарцын бүтээн байгуулалтын ажил УБТЗ-ын 75 жилийн ойг угтсан хийсэн ажлын нэг хэсэг. Газар доогуурх нүхэн гарц анх 1997 онд баригдаж, 2004 онд сэргээн засварлаж байжээ. Өнөөдөр зорчигчдын ая тухтай байдлыг хангасан зүүн, баруун, хойд хэсэгт 28 метр дөрөв, 23 метр урт хоёр урсдаг замыг суурилуулсан байна. Энэ урсдаг шат -40 хэмийн хүйтэнд тэсвэрлэж ажиллана. Хонгилд байршуулсан хоёр лед дэлгэцэнд төмөр замын үнэ, тариф, чиглэл зэрэг мэдээллүүд тавигдана. Мөн өндөрлөсөн тавцангийн шилэн хана вокзалын гарц гурван талаасаа орох байгууламжийг бүтээн байгуулсан байна. Ийнхүү шинэ оны босгон дээр УБТЗ-ын 100 хувь хөрөнгө оруулалтаар дөрвөн тэрбум төгрөгөөр хийж бүтээсэн бүтээн байгуулалтыг ийнхүү ашиглалтад хүлээн авлаа. Барилгын ажлыг “Таван орд” компани гүйцэтгэж, урсдаг замыг “Скайворд” компанийнхан суурилуулсан байна. Улаанбаатар төв вокзалын хонгилон гарцанд урсдаг зам суурилуулах бүтээн байгуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэж ажилд бусдыгаа манлайлан ажилласан ажилчдыг шагнаж урамшууллаа. Улаанбаатар төмөр замын “Хүндэт үнэмлэх”, 500 мянган төгрөгөөр Зорчигч тээврийн төвийн дарга Ө.Уранбайгал, Худалдан авалт борлуулалтын албаны мэргэжилтэн Т.Одонтунгалаг, “Тэргүүний төмөр замчин” тэмдэг, 1.0 сая төгрөгөөр Их, барилга хөрөнгө оруулалтын албаны барилга хариуцсан инженер-байцаагч Т.Рэнчиндаваа, Худалдан авалт борлуулалтын албаны орлогч дарга Б.Алтан-Очир нарыг шагнав.
УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн, Нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан, Замын Ерөнхий инженер Д.В.Бондарь нар ёслолын тууз хайчилснаар шинэчлэн завсарласан хонгилон гарцаар зорчигчдодоо үйлчилж эхэллээ.
П.Түмэндэмбэрэл