Нүүр Бүтээн байгуулалт Зорчигч тээврийн төв оны онцлох ажлуудаа танилцууж байна
Бүтээн байгуулалт

Зорчигч тээврийн төв оны онцлох ажлуудаа танилцууж байна

G.Press 4 сарын өмнө 125 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

УБТЗ-ын Зорчигч тээврийн төв буудал нь 2025 онд үйл ажиллагаа тэлж, олон ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр ээж хүүхдийн амрах өрөө, SOS түр амрах өрөө, налуу зам, нүхэн гарц, тээшийн агуулах болон тасалбар худалдаалах цэгийн нэг цэгийн үйлчилгээ, тээшийн агуулахыг төвийн дулааны шугамд холбосон зэрэг ажлуудаа онцлон уншигч танд хүргэж байна.

 

 ЭЭЖ ХҮҮХДИЙН АМРАХ ӨРӨӨ

 

Нийгмийн хариуцлагын хүрээнд бага насны хүүхэдтэй үйлчлүүлэгчдээ тав тухтай үйлчлүүлэх нөхцөлөөр хангаж ээж хүүхдийн өрөөг шинээр тохижуулан засварлаж үйлчилгээнд нэвтрүүллээ. Ингэснээр бага насны хүүхэдтэй үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээж байна. Тус амрах өрөө нь вокзалын нэгдүгээр давхрын баганат заалтай залгаа баруун жигүүрийн хонгилын хэсэгт байрлаж байна.

 

НАЛУУ ЗАМ

 

Тусгай хэрэгцээт үйлчлүүлэгч болон хөдөлгөөний хязгаарлалттай зорчигчдод зориулан нийгмийн хариуцлагын хүрээнд  орчны хүртээмжийг сайжруулах MNS 6056-2009 стандартын шаардлагад нийцүүлэн төв буудал руу чөлөөтэй нэвтрэх боломжийг хангасан  налуу замыг шинээр барьж байгууллаа. Энэхүү бүтээн байгуулалтын үр дүнд тэргэнцэртэй иргэн саадгүй эргэх боломж бүрдэж, хүмүүс тайван алхах, хүүхдээ тэргэнд нь суулгаад түрээд явах орчныг бүрдүүллээ.

Налуу зам нь  төв буудлын ард талын хаалганы, орох шатны хажуу хэсэгт байрладаг.  

 

SOS түр амрах өрөө

 

Тусгай хэрэгцээт болон хөдөлгөөний хязгаарлалттай зорчигч, үйлчлүүлэгч төв буудлаар үйлчлүүлэхэд ая тухтай байдлыг нь ханган түр амрах өрөөг тохижуулан засварлалаа. Туслах үйлчилгээг угтагч ажилтан үзүүлж байгаа нь  хэрэглэгч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж байна.

Түр амрах өрөө нь гадна болон дотроосоо нээх, хаах товчлууртай, автомат гүйдэг хаалгатай, хаагдаж, нээгдэж байгааг сануулсан дуут сануулгатай, зориулалтын ханын бариул бүхий бидэ суултууртай, яаралтай тусламж дуудах товчлууртай, асран хамгаалагчтайгаа хамт орох боломжтой, орж гарах хэсэгт тээглүүргүйгээрээ онцлог юм. Тус өрөө нь вокзалын 1 дүгээр давхарын баганат заалтай залгаа баруун жигүүрийн хонгил хэсэгт байрладаг.

 

НҮХЭН ГАРЦ

 

УБТЗ-ын зорчигч тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд Улаанбаатар зорчигч тээврийн төв буудлын нүхэн гарцыг олон улсын жишигт нийцүүлэн үйлчилгээнд нэвтрүүллээ. Энэхүү шинэ гарцыг ашиглалтад оруулснаар зорчигч тээврийн төв буудлын тавцант талын 2,3 дугаар замаар зорчин явагчид галт тэргэнд сууж буухдаа төвөггүй, аюулгүй, тав тухтай үйлчлүүлэх боломжтой болж байна.

Орчин үеийн үйлчилгээний жишигт нийцсэн уг ажлыг УБТЗ ХНН өөрийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулсан. Энэхүү бүтээн байгуулалт нь үйлчилгээний байгууллагын чанарын шаардлага, цаашлаад зорчигч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэж хэрэглэгчдийн сайшаалыг хүртэж байна.

Нийт зургаан хэсэг, 102 метр урсдаг зам бүхий энэ гарцаар өдөрт дунджаар  гурван мянган зорчигч үйлчлүүлэгч зорчих бөгөөд тулгуур эрхтний бэрхшээлтэй болон хүүхэд, өндөр настнууд чөлөөтэй зорчих бололцоог олгож буйгаараа онцлог юм.  

 

Тээшийн агуулахын нэг цэгийн үйлчилгээ

 

Хэрэглэгчдийг тав тухтай  үйлчлүүлэх боломжийг хангах зорилгоор орон нутгийн тээш, ачааны тээш тээвэрлэлтийн нэг цэгийн үйлчилгээний заалыг 2024 оны 9-10 дугаар сард  бүрэн засварлаж төвийн дулааны шугамд холбуулан үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн. 

Тээш болон ачааны тээш тээвэрлэлтийн бүх төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, ачаа тээшээ тээвэрлүүлэхээр өгсөн болон хүлээн авах үйлчлүүлэгчид галт тэргээр зорчих тасалбараа өөртөө үйлчлэх цахим машинаар захиалан худалдан авах боломжтой боллоо.

Тээшийн нэг цэгийн үйлчилгээ нь Улаанбаатар өртөөний зүүн талд тээшийн агуулахад байрлаж байна.

 

Тээшийн агуулахыг төвийн дулааны шугамд холболоо

 

Тус агуулахаар өвөл, хүйтэн сэрүүний улиралд үйлчлүүлж буй зорчигч, үйлчлүүлэгчид ачаа тээшээ тээвэрлүүлэхээр ирэхдээ тээврийн бичиг баримт бүрдүүлэх хэсэгт дулаацах байр байдаггүй, хүйтэн байдаг талаар маш их  гомдол ирүүлдэг байсан юм. Нэг цэгийн үйлчилгээ бүхий дулаан танхимыг тохижуулан үйлчилгээнд нэвтрүүлснээр хэрэглэгчдийн сайшаалыг хүртэж үйлчилгээний чанарын шаардлагыг нэг шат ахиулж, иргэдийн тав тухыг хангадаг боллоо.

Тээшийн агуулахыг төвийн дулаанд холбосноор үйлчлүүлж буй зорчигч, үйлчлүүлэгчид мөн ажилчдынхаа ажиллах  ая тухтай байдлыг хангаж халаалтын асуудлыг бүрэн шийдвэрлэлээ.

 

Тасалбар худалдаалах төвийн нэг цэгийн үйлчилгээ

 

Монголд зочлох жилийн хүрээнд төв буудлын гадна самбарын хаягжуулалтыг шинэчиллээ. Мөн амрах байрны найман өрөөнд их засвар хийж тохижуулснаар үйлчлүүлэгчдийн ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг ханган ажиллаж байна.

Төв буудлын арын талбайд зорчигч үйлчлүүлэгчдэд зориулсан Зорчигч тээврийн төвийн үйлчилгээний байршлыг заасан бүдүүвч зураг, жуулчдын төвлөрөн очдог 10 газрыг багтаасан Улаанбаатар хотын схем бүхий зурагт гэрлэн самбарыг байршуулсан.

Тасалбар худалдаалах төвийн нэгдүгээр давхрын зааланд иж бүрэн засвар хийж зорчигч, үйлчлүүлэгчдэд зориулсан утасгүй wireless төхөөрөмж болон залгуур, chat GPT ажиллагаа бүхий төхөөрөмжийг суурилууллаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.