Санаачлагч:Эрчим хүч ус хангамжийн I ангийн дарга Д.Наранбаяр,

Зохиогч: Т.Болдхуяг, монтёр-токарьчин Б.Хархүү

Техникийн тодорхойлолт:

  1. Ашиглалтын өндөр-(1-3) үе сунах, 1.5-4.65м

  2. Зөөж, тээвэрлэх, хадгалах үеийн өндөр-1.5м-2.0м

  3. Гэрэлтүүлэгчийн чадал-4х120вт хүртэлх

  4. Зөөврийн үүсгүүр-3.2кВА

  5. Аргамж тросс тус бүр 6м урттай, дөрвөн ширхэг

  6. Гэрэлтүүлэгчийн хөндлөн траверс-1.5м

  7. Холболтын утас-10м

40 сая төгрөгийн үнэтэй төхөөрөмжийг таван сая орчим төгрөгт хийнэ

Эрчим хүч, ус хангамжийн I ангийн хамт олон зөөврийн гэрэлтүүлэгчийн эвхдэг суурь зохион бүтээжээ. Энэ тухай Реле хамгаалалт, автомеханикийн инженер С.Ганбат ингэж ярилаа.

   -Манай байгууллагын ажиллагаанд цаашлаад УБТЗ-ын хэмжээнд зам угаах, осол сүйрэл гарах, зам эрүүлжүүлэх, хоорондын замд ажил гүйцэтгэх зэрэг хойшлуулшгүй ажлын үед зөөврийн гэрэлтүүлэгч зайлшгүй шаарддаг. Манай ангийн хувьд GDQ8A-4R маркын  дугуйт гэрэлтүүлэгч ердөө ганц байдаг нь хүрэлцдэггүй байсан юм. Үүний Зах зээлээс худалдаж авахад 40 гаруй сая төгрөг. Хөрөнгө санхүүгийн хомсдолоос болоод нэмж авч чадахгүй байна. Тиймээс өөрсдөө дотоод нөөц бололцоогоо ашиглаад хийсэн. Тоноглол засварын цехэд угсарч байгаа гэрэлтүүлэгчийн суурь нь цахилгааны үүсгүүр, дөрвөн ширхэг гэрэлтүүлэгчийн хамт 4-5 сая төгрөг болж байна. Найм дахин бага өртөгтэй.

-Эхний ээлжинд таван суурь хийсэн гэж сонссон. Туршилтын үр дүн ямар гарав?

     - Бид таван ширхэгийг угсарч бэлэн болгосон. Үүнээс хоёрыг нь шугам замын хоёр хэсэгт, нөгөө гурван ширхгийг аваарын нөөц материал болгон ашиглаж байна. Өнгөрсөн оны есдүгээр сард Дархан өртөөнд зохион байгуулсан “Сэргээн босгох дадлага сургалт”-ын үед ашигласан. Мөн Баруунхараагийн 202 дугаар километрийн гармын өргөтгөл, шинэчлэлийн ажил, Хангай зөрлөгийн “нар харах” аяллын үед ашигласан. Гэрэлтүүлгийн хэмжээ 5-6 люкс норм, шаардлагыг бүрэн хангаж, замчид, замын удирдлагууд сэтгэл өндөр байгаа.

-Нэг суурийг хийхэд хэр хугацаа шаардах вэ?

   - Материал бэлэн үед 2-3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллахад ажлын найман цагт хийж бэлэн болгоно. Будгийг хатахыг тооцвол хоёр өдөрт бэлэн болно гэсэн үг. Ер нь, ашиглалтын болон тээвэрлэлтийн зардал бага. Өндөрлөг, ус чийг, намаг шалбааг, салхитай, хазгай гэх мэт орчны ямар ч нөхцөлд ашиглах боломжтой. Гэрэлтүүлэх талбайн хэмжээнээс хамаарч гэрэлтүүлэгчийн тоо, чадлыг өөрчлөх боломжтой учир эрчим хүч хэмнэх, зардал бууруулах боломжтой зэрэг давуу талтай. Манай холбооныхон суурийг ашиглан камер байрлуулж л байсан.