“Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний экспорт ямар байгаа талаар Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас цөөн асуултад хариулт авлаа.
-Нүүрсний экспорт зогссон гэсэн мэдээлэл гараад байгаа. Нөхцөл байдал ямар байна вэ?
-Нөхцөл байдал хэвийн явж байгаа. Зургадугаар сарын 13-ны байдлаар буюу таван сарын хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" компани 11.5 сая тонн нүүрс борлуулчихаад байна. Энэ нь өнгөрсөн бүтэн жилийн борлуулалтаас илүү гарчихсан явж байна. Таван сар 13 хоногийн хугацаанд нийт 1.2 тэрбум ам.долларын дүнтэй нүүрс экспортод гаргасан байна.
Эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд нийт 25 сая гаруй тонн нүүрс борлуулаад байна. Үүний 11.5 сая тонн нь “Эрдэнэс Тавантолгой”-н борлуулсан нүүрс гэсэн үг. Одоо бидэнд дахиад зургаан сар байна. Тэгэхээр нүүрсний экспорт энэ эрчээрээ яваад байхад оны төгсгөлд улсын хэмжээнд 50 гаруй сая тонн нүүрс боруулж чадна. Үүнээс “Эрдэнэс Тавантолгой” 30 орчим сая тонныг боруулахаар зорин ажиллаж байна.
-Тэгвэл худалдан авалт ямар байгаа вэ. Хятад руу Орос, Индонез, Австрали нүүрсээ нийлүүлж байгаа учраас манайхаас авдаг нүүрс багасчихвий гэсэн болгоомжлол байна л даа?
-Тийм зүйл байхгүй. Хамгийн сүүлийн мэдээлэл авахад өнгөрсөн сарын 26-нд Сингапур улсад нүүрсний талаар олон улсын хурал болсон. Энэ хурал дээр БНХАУ-ын Монголоос авдаг нүүрсний хэмжээ өндөр хэвээрээ байна гэдэг үндэслэлүүд яригдсан байна.
Мөн 2023 оны дөрөвдүгээр сарын байдлаар БНХАУ нийт 31.1 сая тонн коксжих нүүрс импортоор авсан байна. Үүний 49 хувь нь буюу 15 сая орчим тонн нүүрс нь манайхаас авсан нүүрс. Нүүрсний экспорт зогссон юм байхгүй. Харин үнэ буураад байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар 160 орчим ам.долларт хэлбэлзэж байна.
-Үнэ цаашдаа буураад байвал яах вэ?
-Үнэ өсөх хандлагатай байгаа. Бид байнга анализ хийж байдаг. Сангийн яаман дээр ч судалгааны газар анализ хийдэг. Үүнээс харахад долдугаар сараас буцаад өсөх хандлага байгаа.
-Тээвэр хэвийн явж байгаа юу?
-Тээвэр ямар ч асуудалгүй явж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” 20 удаагийн арилжаагаар 1.2 сая тонн нүүрс биржээр арилжсан. Үүнийгээ бид хугацаанд нь хүргэж өгч байгаа.
Ний нуугүй хэлэхэд оны эхэнд Хятадын талаас биржийн арилжаанд орж өгөхгүй, хүндрэл үүсч байсан. Одоо бол Хятадын томоохон компаниуд биржийн арилжаанд оролцох хүсэлтээ илэрхийлээд ороод эхэлчихсэн. Тэгэхээр манай Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа биржийн худалдааг БНХАУ-ын Засгийн газар бодлогын хувьд хүлээн зөвшөөрч байна.
Борлуулсан нүүрсээ хүргэж өгөх асуудал дээр нэг хэсэг саатсан. Одоо бол хэвийн болсон. Өдөрт 50-100 машиныг Ганц мод боомт дээр буулгаж байна.
-Танай компанийн олж байгаа орлогод үндэслэн төсөвт тодотгол хийж цалин, тэтгэврийг нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Компанийн орлого оны эцэст хэдэн хувиар давахаар байна вэ?
-Ковидын өмнө хамгийн оргил үедээ сард 1.4-1.5 сая тонн нүүрс “Эрдэнэс Тавантолгой” гаргаж байсан бол он гарснаас хойш 1.8-2.5 сая тонн гаргаж байна. Экспорт хэвийн явж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр яагаад экспорт зогссон гэсэн мэдээлэл гараад байгааг мэдэхгүй. Бид бол үнэн бодит мэдээллийг л өгч байгаа. Биржээр коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс, сул коксжих нүүрсийг зараад амжилттай борлуулж байна. Сайн чанарын нүүрс өмнө нь 110 ам.доллар байсан бол одоо хамгийн оргил үедээ 187 ам.доллароор зарж байна. Эрчим хүчний нүүрс 63-73 ам.доллароор зарж байна.
-Нүүрсний үнэ хэзээнээс буурсан бэ. Үнэ буурахаар төсөвт оруулах орлого буурах эрсдэл үүсэх үү?
-Үнэ дөрөвдүгээр сараас буурсан. Сайн чанарын коксжих нүүрс 200 ам.доллароор зарж байгаад 160 руу орсон. Зургадугаар сарын сүүлээр үнэ буцаад өснө гэсэн хүлээлттэй байгаа. Гэхдээ бид төсөв дээр нүүрсний үнийг 140 ам.доллароор тооцсон учраас төсвийн орлого талдаа хүндрэл гарахгүй. Эрсдэлээ тооцож байгаа учраас тодотгол дээр ч үнийг хөдөлгөөгүй.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани эхний таван сарын байдлаар улсын болон орон нутгийн төсөвт нийт нэг их наяд төгрөгийн татвар төлсөн. Үүнээс 727 тэрбум төгрөгийг АМНАТ-өөр, ААНОАТ-т 288 тэрбумыг төлсөн байна. Харин Эрдэнэт үйлдвэр 697, Оюу толгой 237-г төлсөн байна. Энэ хоёрыг нийлүүлснээс илүү татварыг “Эрдэнэс Тавантолгой” төлчихөөд байна.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: itoim.mn
