Монголын эзэмшиж буй 10 га газрыг тээвэр логистикийн төв болгож, ашиглалтад оруулснаар 180 гаруй улсын 500 орчим боомттой холбогдох боломж нээгдэх аж.
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин боомт дахь Монголын эзэмшлийн газрыг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулах саналыг Хятадын талд тавилаа. Дэлхийд долоодугаарт эрэмбэлэгддэг тус боомтод Монголын эзэмшиж буй 10 га газрыг тээвэр логистикийн төв болгож, ашиглалтад оруулснаар 180 гаруй улсын 500 орчим боомттой холбогдох боломж нээгдэх аж.
Тяньжин порт группийн удирдлагын онцолсноор, далайн тээвэр нь өртөг зардлын хувьд агаарын тээврийн зууны нэг, төмөр замын аравны нэг, авто тээврийн гуравны нэгтэй тэнцэж, цаг хугацаа, өртөг зардал хэмнэж, олон улсын зах зээлд нэвтрэх үүд хаалга юм.
Чингэлэг тээвэрт автоматжуулалт, ухаалаг системийг дэлхийд анх удаа нэвтрүүлсэн тус боомтод 1200 гаруй хүний ажлын байрыг 200 хүн гүйцэтгэж, эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр хангадаг. Тус боомтоор 2022 онд нийт 471 сая тонн бараа, 21 сая ширхэг стандарт чингэлэг нэвтрүүлсэн бол 2023 оны тоон мэдээллээр 653 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа аж.