Өчигдөр буюу Лхагва гарагт Лондоны металлын бирж (LME) дээр зэсийн ханш 1.1 хувиар өсч, тонн тутам нь 9013.50 ам.долларт хүрлээ. Энэ нь өссөн үзүүлэлттэй гарч байгаа 5 дахь хоногийн үзүүлэлт юм. Хятад улс хилээ нээх шийдвэр гаргасны дараа худалдаачид зэсийн эрэлт өснө гэж таамаглаж байсанчлан зэсийн үнэ өнгөрсөн зургадугаар сараас хойш анх удаа ийнхүү тонн тутамдаа 9000 ам.доллараас давлаа. Дэлхийн эдийн засаг 2022 оны дундуур саарч, зээлийн хүү өсч, ам.долларын ханш чангарснаар зэсийн үнэ огцом унасан байсан юм. Ам.долларын ханшийн сулралт он гарснаас хойш зэс зэрэг металлын үнэ 8 орчим хувиар өсөхөд нөлөөлжээ. Доллар 2022 оны зунаас хойших хамгийн доод түвшиндээ хүрч, ам.доллараар үнэлэгдсэн металлыг бусад мөнгөн тэмдэгтээр худалдан авагчдад илүү боломж бий болж байна. Дашрамд дурдахад, “Capital Economics” компани “Оюутолгой”-н гүний уурхай ашиглалтад орох үед буюу 2025 онд зэсийн ханш 10 мянган долларт хүрнэ гэсэн “хэт өөдрөг” таамаглал дэвшүүлж байсан. Үүнээс гадна цар тахал намжсанаар 2023 оныг дуусталх хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьтай байна гэсэн таамаглал бий. Үүнд аж үйлдвэрийн гол металл болох зэсийн ханшийн өсөлт таатай нөлөөлөл үзүүлнэ гэсэн таамаглалыг дэвшүүлжээ.