Дэлхийн хэмжээнд зэсийн эрэлт 2027 он гэхэд өнгөрсөн оны түвшнээс 2.6 хувиар өсөж, 29.8 сая тонн хүрнэ гэж “Bloomberg New Energy Finance”-ийн шинжээчид тооцооллоо. Мөн зэсийн хомсдол 5.4 сая тонн хүрснээр 8200 ам.долларт тогтворжоод байгаа зэсийн үнэ 20 хувиар өсөж, тонн нь 9800 ам.доллар болж магадгүй гэж тооцоолсон байна.
Харин нийлүүлэлтийн хувьд 10 хувиар өсөж, 24.4 сая тонн хүрэхээр байгаа аж. “Ivanhoe Mines” Конго улс дахь олборлолтоо эхлүүлснээр зах зээлд нийлүүлэх хэмжээ нэмэгдэнэ гэж үзжээ. Тус улс 2022 онд 2.2 сая тонн зэс үйлдвэрлэж, зэсийн олборлолтоор дэлхийд гуравдугаарт бичигдэж байсан юм.
Улс орнууд ногоон эрчим хүчний шилжилтэд анхаарлаа хандуулж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хөрөнгө оруулалт дээд цэгтээ хүрээд байгаа нь зэсийн үнэд дэмжлэг болно гэж үзсэн байна.
Хэдий тийм боловч зэсийн хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн салбар нь уналтад орж, барилга бүтээн байгуулалтын ажил нь доголдоод байгаа гэдэг утгаараа эрэлтэд сөргөөр нөлөөлж магадгүй гэж шинжээчид тооцоолжээ.