Олон арван шинэ уурхай барихгүй бол дэлхийн электрон төхөөрөмж үйлдвэрлэхэд ашиглаж буй зэсийн эрэлт ойрын арван жилд нийлүүлэлтээсээ давна гэж өнгөрсөн долоо хоногт болсон салбарын удирдлагууд болон шинжээчдийн салбарын гол чуулган дээр мэдэгдэв. Энэхүү урьдчилсан мэдээ нь мотор, батерей, цахилгаан утас зэрэгт өргөн хэрэглэгддэг цахилгаан дамжуулах хамгийн сайн металлуудын нэг болох зэс буюу ногоон эрчим хүчний шилжилтийн хамгийн чухал металлыг дэлхийн хаанаас, хэрхэн олж авах тухай хурцадмал байдлыг харуулж байна. "Хэрэв бидэнд хангалттай зэс байхгүй бол энэ нь эрчим хүчний шилжилтийг богиносгож болзошгүй" гэж “Trafigura AG”-ийн гүйцэтгэх захирал Жереми Вейр дэлхийн зэсийн бага хурлын үеэр мэдэгджээ. 2035 он гэхэд дэлхийн нийлүүлэлт 26 хувиар нэмэгдэж,  38.5 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа ч эрэлтээс 1.7 хувиар бага байна гэж Олон улсын зэсийн холбооноос гаргасан мэдээлэлд дурдсан байна. Уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “FLSmidth”-ийн  шинжээч Жошуа Мейер “Хэрэв бид зэс болон бусад металлын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй бол Парисын уур амьсгалын хэлэлцээрийн нөхцөлийг биелүүлэх ямар ч боломжгүй” гэжээ. Зэсийн шинэ уурхайн зөвшөөрлийн тоо сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшиндээ буурсан талаар Голдман Сакс мэдээлсэн бөгөөд уурхайнуудыг зөвшөөрөл олгох, барихад ихэвчлэн 10-20 жил шаардагддаг байна. Голдман зэсийн эрэлт нэмэгдэж байгаа нь үнийг нь 2025 он гэхэд 15 мянган ам.долларт хүргэнэ гэж үзэж байгаа нь одоогийн түвшнээс 67 хувиар  өндөр байгаа юм.   Шинэ эрэлтийн дийлэнх нь цахилгаан автомашинаас бүрдэх төлөвтэй байна. Гэхдээ хангалттай хэмжээний зэс байхгүй бол цахилгаан машин үйлдвэрлэгчид зэснээс хөнгөн цагаан руу шилжиж магадгүй гэдгийг шинжээчид анхааруулав. Хөнгөн цагаан нь зэсээс хөнгөн бөгөөд хямд, хэврэг.  Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч “Codelco” компанийн гүйцэтгэх захирал Андре Сугаррет “Зэсийг дахин боловсруулах тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд түүнийг бараг бүхэлд нь дахин боловсруулдаг болоход ойрхон байна” гэжээ.  Харин “Aurubis AG” компани зэс катодынхоо бараг тал хувийг дахин боловсруулсан материалаар хийдэг боловч 100 хувь  хүрэхийн тулд хэдэн арван жил шаардлагатай гэж мэдэгджээ. “Aurubis”-ийн гүйцэтгэх захирал Роланд Харингс "Ирэх жилүүдэд зэсийн эрэлт нэмэгдэж байгаа тул бидэнд  илүү олон  уурхай хэрэгтэй байна" гэжээ.

 Эх сурвалж: Mining.com