Зам засварын машинт станцын орлогч дарга Занаа овогтой Баттулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр 2024 оны есдүгээр сард энэ албанд томилогдож ирсэн бөгөөд өмнө нь Замын I ангид замчнаас ажлын гараагаа эхэлж, орлогч дарга хүртэл 26 жил ажилласан юм байна.
-Та хамт олныхоо өнгөрсөн жилд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар танилцуулна уу?
-Манай Зам засварын машинт станц өнгөрсөн 2024 онд Замын албаны хэмжээнд хамгийн хүнд хэсэглэл болох Замын II ангийн тахир тойруу, хамгийн бага радиустай тахир, сэтэрхий ихтэй, уулуудтай, өгсүүр уруу ихтэй, хэвгийтэй хүнд хэсэглэлд Мааньт, Агуйт, Хоолт, Баян, Хонхор, Туул зөрлөгүүдийн хооронд 45 километр замд замын шинэчлэл хийх их засварын ажлыг амжилттай хийж дуусгалаа.
Энэ ажлыг хийж гүйцэтгэхдээ орчин үеийн шинэ технологи GPS төхөөрөмжийг ашиглаж бүх замын тэнхлэг, өндөржилтийг багажаар хэмжиж, яг шугамаар проектын дагуу эвдэрсэн замыг засах, замын хэвгийг багасгах зэрэг ажлуудыг зураг төслийн дагуу хийж гүйцэтгэлээ. Суурь бүтэц дээр энэ хэсэгт ингэж ажил хийснээр замын техникийн байдал сайжирч, техник нэвтрүүлэх хүчин чадал, хурд нэмэгдсэн зэрэг олон давуу талууд байгаа. Мөн энэ хэсгүүдэд замчид өдөр тутмын урсгал арчилгаа олон дахин давтамжтай хийдэг байснаа больсон. Ингэснээр замчдын амь нас, аюулгүй ажиллагааг ханган, аливаа эрсдэлээс сэргийлж, осол аваарыг бууруулсан зэрэг олон давуу талтай боллоо. Мөн гармын аюулгүй байдал сайжирч, эрсдэлийг эрчимтэй бууруулах нөхцөл бүрдлээ.
-Гүүр, хонгилон байгууламж, суваг шуудуу зэрэгт хийсэн ажлуудынхаа талаар ярина уу?
-Өнгөрсөн онд манай байгууллага Замын I, III, IV, VI ангиудад үер уснаас сэргийлж ус өнгөрүүлэх зориулалтаар нийт 13 хоолой хиймэл төхөөрөмжийг шинээр барьж гүйцэтгэсэн. Нэг жилийн хугацаанд 13 хоолой барина гэдэг нэлээд их хэмжээний далайцтай ажил юм. Энэ ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн. Манай Гүүр хоолойн бригад дангаараа хийсэн.
-Энэ байгууламжийг барихад шаардлагатай багаж, материалыг хаанаас хэрхэн бэлтгэж нийлүүлэв?
-Зам шинэчлэхтэй холбоотой материалыг Замын захиргаа, Замын алба, Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаар дамжуулаад оны эхнээс захиалан нөөцөлж авсан. БНХАУ-аас зам төмрөө захиалж авсан. Хөтөлийн Төмөр бетон дэрний үйлдвэрээс бетон дэрээ захиалж авсан. Ингээд Салхитын үе угсрах бааз дээр угсрах ажиллагаа хийгдэж их засвараа хийсэн.
-2025 онд зам засвар, шинэчлэлтийн талаар ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Энэ 2025 онд 34 километр зам шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөгөө гараад батлагдсан. Одоо бид бэлтгэлээ хийгээд явж байна. Замын III ангийн техникийн нөхцөл муудсан, 30 жил болсон модон дэртэй зам дээр Олон Овоо, Цомог, Айраг хоорондын 34 километр зам шинэчлэлтийн ажил хийхээр бэлтгэл ажилдаа ороод явж байна. Зам төмрийн тендер шалгаруулалт амжилттай болж, Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаар дамжаад гэрээгээ хийсэн байгаа. Ирэх долоо хоногоос зам төмөр орж ирнэ. Бид угсралт бэлтгэл ажлаа хийнэ. Салхит дээр Хөтөлийн Төмөр бетон дэрний үйлдвэрээс бетон дэрний 60-70 хувийг татаад авчихсан байна.
Зам засварын гол ажлыг хийдэг учраас манай Зам засварын машинт станцад замын хүнд машин механизмууд байдаг. Үүнд зам чигжигч ЭПО 3-3000 машин, ЭПР-02 машин байна. Энэ хоёр машины их засварын хугацаа хэтэрсэн. ОХУ руу явуулж их засвар хийлгэхээр сүүлийн дөрвөн жил ярьсан. Энэ жил л их засварт явуулахаар нааштай хариу шийдвэр гарч ирэх долоо хоногоос хойшоо явуулах гэж байна. Энэ хоёр гол машин маань ОХУ-д их засварт орж засагдаж ирсний дараа замын их засвараа эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Бэлтгэл ажилд зам төмөр ороод ирвэл үе угсраад зам тавих бэлтгэл ажлаа хийж эхлэхэд бэлэн болно. Чулуун заводод щебень нөөцлөх ажлыг хийж байгаа.
-Боловсон хүчний хувьд хэр нөөцтэй байна вэ? Ажиллагсдын шилжилт хөдөлгөөн, тогтвортой байдлын талаар?
-Ер нь, хаа сайгүй боловсон хүчний талд дутагдалтай байгаа. Замын засварын анги гэлтгүй Замын ангиуд бусад албад гээд бүгдэд нь дутагдалтай байна. Өнгөрсөн жил гэхэд манайд 50 хүн дутагдалтай байсан. Их засварын үеэр хүн нэмж авч ажиллуулсан. Ялангуяа, Улаанбаатар хотод зуны гурав, дөрвөн сарын хугацаанд ажиллах хүн олддоггүй. Зуны дэлгэр цагт Улаанбаатар хотод ажлын байр түгээмэл байдаг учраас хүний олдоц муутай болсон. Иймээс бид Замынаж ахуйн албанаас шийдвэр гаргуулан Замын бусад ангиудаас 40-өөд замчинг татан авч зуны саруудад ажиллуулсан.
Энэ жилийн хувьд ажиллах хүчний дутагдалтай байгаа. Их засварын ажил эхлэхээр 65 хүн нэмж аавах шаардлагатай. Энэ үед Замын албараа дамжуулан Замын захиргаанд санал тавьж, Цэргийн ангиудаас хүн хүч нэмж авъя гэж ярьсан. Гэхдээ тэр нь бүтэмж муутай байгаа. Арга ядвал өнгөрсөн жилийнх шиг Замын ангиудаасаа замчид татах байдалд шилжихээс аргагүйд хүрэх байх.
-Ер нь ажиллах хүчний хувьд цалин хөлс, хангамж нь хүн татаж ажилуулж чадахгүй байна гэж үзэх үү? Ямаршуухан байна вэ?
-Миний ажигласнаар хүмүүс өвлийн улиралд ажил ховордохоор төмөр зам руу ажилд орох нь нэмэгдээд хавар барилга болон бусад салбарын ажлууд эхлэхээр ажлаасаа гараад явчихдаг. Манай ажил зуны дэлгэр цагт явагддаг болохоор үүнтэй холбоотойгоор хүн хүчний дутагдал гараад байдаг болов уу. Мөн уурхай болон бусад салбарууд хүн ихээр авдаг болохоор гэж ажиллах хүчний дутагдалд ороод байна гэж боддог.
-Танай байгууллагад шинэ техник технологи, ШБАЗ нэвтрүүлэх талд хэрхэн ажиллаж байна вэ?
-Манай байгууллага шинэ техник технологи, ШБАС-ыг өргөн дэлгэр хэрэглэж нэвтрүүлдэг. Ажлын байранд хөдөлмөр хөнгөвчлөх, шинээр ШБАЗ зохион бүтээх ажлууд байнга л гарч ирдэг. Өнгөрсөн онд бид есдүгээр сараас арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хүртэл хоёр сар гаруй хугацаанд замын их засвар дээр ажилласан. Энэ хугацаанд 2-3 ШБАС хийсэн. Ялангуяа, өнгөрсөн жил хүнд хэсэглэлд тахир тойруу газар үе татахад тухайн замынхаа нөхцөл байдлаас болоод үе мултардаг тохиолдол их гарч ирж байсан. Үүнээс үндэслээд зайлшгүй ШБАЗ хийх шаардлагатай болсон. Манай механикч, механизаторууд өөрсдөө санаачлаад тахир үе мултрахаас сэргийлэх хажуунаас нь татдаг гар татлага люботик маягийн зүйл хийсэн. Мөн уулзварын хавчуулга гээд бульдозероор цохиход зам төмрийн духыг хамгаалах сэргийлэхийн тулд уулзварын хамгаалалтын хамгаалагч гээд зүйлийг өөрсдөө төмрөөр цохиод зохион бүтээж хийсэн. Энэ жилийн ШБАЗ-ын уралдаан дөрөвдүгээр сард болно. Энэ уралдаанд бид өөрсдийн хийсэн бүтээлүүдээрээ оролцоно.
-Танд нэмж ярих зүйлүүд юу байна вэ?
-Зам шинэчлэлтийн их засварын ажлуудын санхүү хөрөнгийн асуудлыг цаг алдалгүй шийдсэний үр дүнд өнгөрсөн жил 45 километр замд засварын ажил хийлээ. Энэ жил энэ эрчээрээ дахин 34 километр зам тавихаар бид чармайн ажиллаж байна. Ингэж замын засварын хөрөнгө, санхүүжилтийг шийдээд, бага гэлтгүй замын их засварын ажлуудаа цаг алдахгүй, жил болгон хийгээд явах нь бидний гол зорилго байх ёстой. Энэ нь тээвэр өсөн нэмэгдэж байгаа үед тээх, нэвтрүүлэх чадварыг сайжруулахад маш хэрэгтэй чухал зүйл юм. Үүнийгээ цаг алдахгүй хийгээд явбал бидний ажил дардан сайхан байх болно доо гэж боддог, би.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
Г.Энхбаатар
