Нүүр Ярилцлага Ж.Бадамхорол: Төмөр замын хоол үйлдвэрлэл зах зээлд танигдаж байна
Ярилцлага

Ж.Бадамхорол: Төмөр замын хоол үйлдвэрлэл зах зээлд танигдаж байна

G.Press 3 сарын өмнө 217 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ-ын Кейтеринг-Зочлох үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Бадамхоролтой уулзаж тус хэлтсийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаар ярилцлаа.

 

-Кейтеринг-зочлох үйлчилгээний хэлтсийнхээ үйл ажиллагааг товч танилцуулна уу?

-Манай хэлтэс 1951 онд УБТЗ-ын  Ажилчдын хэрэгцээг хангах хэлтэс нэртэйгээр анх байгуулагдсан. Улаанбаатар хотын Хүнсний трестийн III гуанзыг төмөр замд шилжүүлэн вокзалын рестораныг ажиллуулж эхэлснээр Төмөр замын худалдаа-нийтийн хоолны салбар үүсэж хөгжсөн түүхтэй.  Энэ жил бид 75 жилийн ойгоо тэмдэглэнэ. 

Замын-Үүдээс Улаанбаатар, Сүхбаатар, Эрдэнэт чиглэлийн төмөр зам дагуу нийт 39 цэг салбарт 300 гаруй хүн ажилладаг. Бид төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төмөр замчид болон зорчигчид, үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнсээр, чанартай үйлчилгээ үзүүлэх зорилго тавин ажиллаж байна.

-Өнгөрсөн онд танай хамт олон төлөвлөгөөгөө хэрхэн биелүүлж ажилласан бэ?

-“Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих” жилийн зорилтын хүрээнд төлөвлөсөн ажлаа 90.8 хувийн гүйцэтгэлтэй биелүүлсэн. Санхүүгийн үр дүнгийн хувьд  12.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж  5.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж,  борлуулалтын орлого өнгөрсөн оноос таван хувиар өссөн дүнтэй байна.

Төмөр замаас барьж буй одоогийн ажилчдын хоолны үнэ орцныхоо үнээс ч доогуур байгаа. Энэ нь алдагдалтай ажиллах гол шалтгаан болж байна. Тухайлбал, гол нэрийн хүнсний түүхий эдийн үнийн өөрчлөлтийг зөвхөн 2025 оныг 2024 онтой харьцуулж үзэхэд  41 хувиар өссөн дүнтэй байна.

Нэг талаас манай хэлтсийн алдагдал мэт харагдаж байгаа боловч нөгөө талаас УБТЗ ХНН-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд төмөр замчдадаа үзүүлж байгаа бодит дэмжлэг гэж үзэх нь зүйтэй.

-Танайх кейтеринг үйлчилгээгээрээ үндсэн орлогоо бүрдүүлдэг үү?

-Өнгөрсөн онд манай хамт олон захиалгат кейтеринг үйлчилгээ, галт тэрэгний кейтеринг, тэмдэглэлт баяр ёслол,  хурал арга хэмжээний болон хээрийн гэх мэт 550 гаруй  кейтеринг үйлчилгээг зохион байгуулж, нийт  1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Тухайлбал, Хавдрын үндэсний зөвлөлийн захиалгат  галт тэрэгний, ‘’Шинэ оны нар харах’’ АНУ-ын Элчин сайдын тусгай үйлчилгээ, ОХУ, БНХАУ, Монгол Улсын төмөр замуудын хилийн хэлэлцээр зэрэг томоохон кейтеринг үйлчилгээг амжилттай зохион байгуулж ажилласан. Энэ нь манай нийт борлуулалтын 10 гаруй хувийг л эзэлж байна.

-Төмөр замын бус гадны байгууллага кейтеринг үйлчилгээ хэр авдаг вэ?

-Нийт кейтеринг үйлчилгээний 30 орчим хувь нь төмөр замын бус гадны байгууллагын үйлчилгээ байдаг. Тодруулбал, Баянгол дүүрэг, их дээд сургуулиуд, яам, тамгын газрууд, төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын компаниудад захиалгат кейтеринг үйлчилгээ үзүүлдэг.

- Шугам зам дагуу тархсан олон салбар нэгжтэй танай хэлтсийн менежментийн онцлог юу вэ?

-Төмөр зам дагуу буюу хойд хилээс урд хил хүртэл тархан байрласан манай хэлтсийн салбар байгууллагууд дотоод хяналт шалгалтыг эрчимжүүлэх замаар түүхий эд хүлээн авахаас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн үйлчлүүлэгчдэд хүргэх хүртэлх үе шат бүрт гарч болзошгүй эрсдэлүүдийг урьдчилан үнэлж,  эрүүл ахуйн зохистой дадлуудыг хэвшүүлэн чанар, эрүүл, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. 

Манай хэлтэс нь Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO22000:2018 стандартыг нэвтрүүлэх ажлыг 2022 оноос  эхлүүлэн судалгаа шинжилгээ хийн, стандарт шаардлагын дагуу бэлтгэл ажлыг хангаж 2023 онд баталгаажих аудит хийлгэсэн. Монгол Улсад хоол үйлдвэрлэлийн салбарт ‘’Хүнсний аюулгүй байдлын менежментийн олон улсын стандарт”-ыг нэвтрүүлсэн анхны байгууллага болж, гэрчилгээ авсан.Үүнээс хойш тасралтгүй сайжруулалт хийж  2025 онд магадлангийн аудитыг амжилттай хийлгээд байна.

Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO22000:2018 стандартыг нэвтрүүлснээр түүхий эд, бараа материалын бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчийн гар дээр хүргэх хүртэлх технологийн үе шат бүрт эрүүл, аюулгүй байдлыг хангуулан, эрсдэлд суурилсан шийдэл хэрэгжүүлэлтийн арга хэмжээг авч ажиллаж байна.

Мөн зөөврийн болон суурин төрөл бүрийн хэмжилтийн багаж, төхөөрөмж,  үнэлгээний олон төрлийн түргэвчилсэн оношлуур, урвалжууд дээр тулгуурлан хяналт үнэлгээг хийх “Бичил хяналт, үнэлгээний лаборатори”-ийг Ганзам хоол бэлдцийн үйлдвэрийг түшиглэн байгуулсан. Ингэснээр хэлтсийн хэмжээний хоолны газрууд болон Хоол бэлдцийн үйлдвэрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, хүлээн авч байгаа түүхий эд материалд зөвхөн мэдрэхүйн үзүүлэлтээр үнэлгээ хийдэг байсан бол одоо мэдрэхүйн үзүүлэлт болон зарим хоол, хүнсний физик, химийн үзүүлэлтүүдийг үнэлэх, хянах, залруулах  боломж нөхцөл бүрдсэн.   Ингэж олон улсын стандартыг нэвтрүүлснээр олон эерэг үзүүлэлт бий болсон.

-Ажилчдынхаа эрүүл мэндийг эмнэлгийн үйлчилгээнээс гадна хоол хүнсээр нь хамгаалах ёстой гэж бодож байна. Тиймээс танай байгууллага энэ бодлоготой хэрхэн уялдан ажиллаж байна?

-Бид өнгөрсөн онд Зорчигчийн вагон депо болон ХАБЭА-н албатай хамтран  галт тэрэгний зарим үйлчлэгч нарыг хоол хүнсээр дамжуулан ‘’Эрүүл мэндийг дэмжих нөлөөлөл‘’ төслийг амжилттай хэрэгжүүлж ажилласан. Үүгээр галт тэрэгний аяллын үед үйлчлэгч нарт зориулсан зохистой хооллолтын цэс гарган, хоол үйлчилгээ үзүүлсэн. Эрүүл мэндийн хувьд маш олон эерэг үзүүлэлт гарсан. Мөн ажилчдын хоолны цэсэнд эрүүл мэндийг дэмжих хоол, кето хоол, сет хоол зэргийг тусган төмөр замчдадаа үйлчилж байна.

“Эрүүл төмөр замчин” хөтөлбөрийн төсөлд хоол хүнсээр дамжуулан эрүүл мэндийг дэмжих  ажлын саналуудыг боловсруулан хүргүүлэхээр бэлтгэж байна.

-Төмөр замын зарим салбар нэгжид танайд харьяалагдахгүй хоолны газар цөөнгүй бий. Тэдгээр газрын хоолны амт чанар, үйл ажиллагаанд хяналт тавьдаг уу?

-Одоогоор тэдгээрт ХАБЭА-н алба хяналт тавин ажилладаг. Манай байгууллага аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн хүсэлтийн дагуу харьяа хоолны газруудын ажилчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хоол үйлдвэрлэл, хоол хүнсний аюулгүй байдалд мөрдөгдөх зохистой дадал зэрэг сэдвээр практик болон онолын сургалтуудыг зохион байгуулж хамтран ажилладаг. Тухайлбал, 2025 онд Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо, ЗЗМС, Хүүхдийн сектор, Баянтүмэн тасаг, замын ангийн цайны газрууд гэхчлэн байгууллагууд сургалт авсан.

-Жинчин зочид буудал, “Дорнын говь” жуулчны баазын үйл ажиллагаа хэр байна вэ?

-Өнгөрсөн жил “Жинчин” зочид буудал, жуулчны баазын борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс есөн хувь өссөн. Үйлчлүүлэгчид ая тухтай, сэтгэл ханамжтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, жуулчны баазын үйл ажиллагааг сэргээх зорилгоор  “Дорнын говь” жуулчны баазад гадна дотор засвар, тохижилтын ажлыг хийж үйл ажиллагааг нь дахин сэргээсэн. Мөн “Жинчин” зочид буудлын өрөөнүүдийг орчин үеийн  өнгө төрхөөр засварлан  тохижуулсан. 

-Өнгөрсөн онд Замын захиргаа хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжихэд гол бодлогоо чиглүүлсэн. Танай байгууллагын хүний нөөцийн тогтвор суурьшил ямар байна вэ?

-Манай хэлтсийн хэмжээнд хоол үйлдвэрлэлийн салбарын ажилчид, тэр дундаа үйлчилгээний туслах ажилтан буюу үйлчлэгч, сав угаагч, туслах тогооч зэрэг ажлын байрууд тогтвор суурьшилгүй л байна.

Тогооч нарын хувьд зах зээлд хоол үйлдвэрлэлийн мэргэжилтэн бэлтгэх их дээд сургууль, коллежид элсэгчдийн тоо цөөрсөн. Нөгөө талаар ур чадвартай ажилчдын цалин урамшуулал харьцангуй өндөр буюу 5-8 сая төгрөгийн цалин олгодог болсон байна. Үйлчлэгч, сав угаагчаар ажиллах хүн улсын хэмжээнд хомсодсон.

-Гадны зах зээл рүү бэлэн бүтээгдэхүүнээ гаргаж байна уу?

-Бид бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор 2024 оноос хойш CU ая тухтай сүлжээ дэлгүүрт өөрийн үйлдвэрийн таван нэрийн хөлдөөсөн хоолны бэлдэц, хөргөж савласан хоолыг нийлүүлж байна. Улаанбаатар хотод CU сүлжээ дэлгүүрийн 550 салбар байдаг. Энэ хэмжээгээр төмөр замын хоол үйлдвэрлэл зах зээлд танигдаж байна.

Хуучны “Ганзам ресторан”-аа орчин үеийн өнгө төрхөөр засварлан тохижуулж лоунж хэлбэрээр үйл ажиллагаа явуулж эхлээд жил болж байна.  Ингэж өөрчилснөөр өмнөх онуудад алдагдалтай ажиллаж  байснаа бодвол 2025 оноос эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж ашигтай ажиллаж эхэлсэн.

-Одоо танай байгууллагад тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-Кейтеринг-зочлох үйлчилгээний хэлтсийн харьяа ажилчдын хоолны 28 салбар нэгж байна. Үүний 80 орчим хувь нь зориулалтын бус, хэт бага зай талбайтай байранд хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ явуулдаг.Энэ нь хоол хүнсний аюулгүй байдал алдагдах нөхцлийг үүсгэж байдаг.

Эдгээр цайны газрын барилга байгууламж нь тухайн өртөө болон бусад аж ахуйн нэгжүүдийн балансад бүртгэлтэй байдгаас шалтгаалан хоол үйлдвэрлэлийн газрын стандарт шаардлагад нийцүүлэн бие дааж засаж өөрчилөхөд хүндрэлтэй байдаг.

 Гэхдээ бидний ажлыг дэмжин хамтран ажилладаг аж ахуйн нэгжийн удирдлагууд ч бас бий. Тухайлбал Эрдэнэт, Чойр, Багануур өртөөдийн цайны газруудыг стандартад ойртуулан тохижуулж засвар хийсэн байгаа.

Дээр дурдсанчлан зах зээлд хоол үйлдвэрлэлийн мэргэжилтэн бэлтгэх их дээд сургууль, коллежид элсэгчдийн тоо цөөрсөн, ур чадвартай ажилчдын цалин өндөр байгаа учраас ажиллах хүчний хомсдол үүсэх эрсдэлтэй зэрэг нь манайд тулгамдсан асуудал болж байна.

-Хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шинэлэг ажлууд байгаа юу?

-2026 онд Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 болон Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO45001:2018 стандартуудыг нэвтрүүлэх зорилт тавин бэлтгэл ажлаа хангаж байна. Ингэснээр хүнсний аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанар, ажилтны аюулгүй байдлыг уялдаа холбоотойгоор хангаж, байгууллагын үйл ажиллагааг олон улсын менежментийн жишигт нийцүүлэн тасралтгүй сайжруулах үндэс суурийг бүрдүүлэх нөхцөл болж байна. Мөн төмөр замын салбарт хоол үйлдвэрлэлийн салбар үүсэж хөгжсөний 75 жилийн ойг угтан томоохон бүтээлч ажлуудыг төлөвлөж бэлтгэл ажлуудаа хангаж байна.

 

             

            -Дэлгэрэнгүй ярилцсан танд баярлалаа

 

А.Энхсайхан

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.