Нүүр Томилолт Замын-Үүд ТҮГ 70 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ
Томилолт

Замын-Үүд ТҮГ 70 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ

G.Press 2 сарын өмнө 104 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

УБТЗ-ын Вагон ашиглалтын депогийн харьяа Замын-Үүд Техник үйлчилгээний газрын /ТҮГ/ түүхт 70 жилийн ойн баярын үйл ажиллагаа энэ сарын 20-нд тохиож, гурван үеийн хэлхээс болсон залуучууд, дунд үе, ахмад төмөр замчид хүрэлцэн ирж баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.  Ойн баярт УБТЗ-ын Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр, Вагоны аж ахуйн албаны ерөнхий инженер Б.Наранбат, Замын-Үүдийн ТҮГ-ын үе үеийн дарга, мастерууд оролцлоо. Мөн БНХАУ-ын Эрээн, Жининь хотын Вагон депогийн удирдлагууд уригдан иржээ. Ахмад төмөр замчид, инженер техникийн ажилтнууд, вагон үзэгч нар ч баярын ойн хүндэт зочид байлаа.

Замын-Үүд ТҮГ-ын дарга Г.Эрдэнэбаатар, “1956 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр Монгол, Хятад Улс хооронд анхны галт тэрэг солилцсон цагаас эхлэн Замын-Үүд техник үзлэгийн газар байгуулагдсанаар эдүгээ 70 жил өнгөрчээ. Бидний хамт олноос Монгол Улсын заан, ОУХМ, их говийн манлай дуучид, мэргэжлийн аваргууд төрөн гарсан. Бидний гэрэлт ирээдүй, байгууллагын үнэт өв соёлыг бэлэглэсэн ахмад буурлууддаа баярласан талархсанаа илэрхийлье. Замын-Үүд ТҮГ нь өнөөдөр 106 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил үүргээ явуулж байна. Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ачаа тээвэрлэлт, вагон бүрийн бүрэн бүтэн байдал бол бидний хариуцлагаас шалтгаалдаг учраас энэ үүрэгт ажлаа нэгэн зорилго,  хамтын хүчээр даван туулж ирээдүй хойч үедээ амжилт дүүрэн өвлүүлэн үлдээх болно. Энэхүү түүхт ойн баярт хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч, ууган ажилтны нэг Ч.Пүрэвсүрэн танд онцгойлж талархал илэрхийлье. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хамт олны ган зам нь зурайж, галт тэрэг хурдан байх болтугай” хэмээн баярын хүндэтгэлийн арга хэмжээг нээж үг хэллээ. Тус ТҮГ-ын ууган ажилтан Ч.Пүрэвсүрэн гуай өдгөө өдгөө нас сүүдэр 90 гарсан ч ануухнаараа энэ байгууллагын анхны түүхийг хүүрнэн амьд "архив" болж залуустаа домог мэт түүхийг өгүүлж байгаа аж.  Тэрбээр 1956 онд мастер Б.Загдсүрэнтэй анх уулзаж, төмөр замчны гараагаа эхэлжээ. Түүний анхны багш нь автотоормосны үзэгч И.П.Кальмыков гэж орос мэргэжилтэн байж төмөр замын олон зүйлийг өвлүүлэн үлдээж өдгөө ч тэр л сахилга хариуцлагаар хойч үе нь үргэлжлүүлж байгааг бахдан ярилаа. 

УБТЗ-ын Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр, Вагоны аж ахуйн албаны ерөнхий инженер Б.Наранбат нар ч мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүссэн юм.

Замын-Үүд ТҮГ-ын авьяастнууд болон УБТЗЧ-ын уран бүтээлчид ая дууны эгшигэн хадаг өргөн мэндчилж, үүний зэрэгцээ төмөр замчдад олон сайхан шагналын хур буулаа.

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар вагон үзэгч Ч.Гантөмөр, “Хүндэт төмөр замчин” тэмдгээр Замын-Үүдийн ТҮГ-ын өндөр настан Д.Ганболд, Р.Энхзаяа, В.Нэргүй, бригадын дарга М.Соёмбо, вагон үзэгч Д.Анхбаяр, Ж.Болдбаатар, Ч.Амарбаяр, ахлах вагон үзэгч Б.Ариунболд, техникийн агент Т.Дэлгэржаргал, А.Оюунсүрэн нарыг шагнав. “Төмөр замчны алдар” тэмдгээр Ш.Ганболд, Д.Ганчимэг, Д.Эрдэнэбаатар, “Тэргүүний төмөр замчин”  цол тэмдгээр Ч.Насантогтох, С.Номун-Эрдэнэ, Г.Гантуяа, “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр Д.Буяннэмэх, Э.Баярцэнгэл, “Хүндэт үнэмлэх”-ээр Б.Даваамагнай, Дорноговь аймгийн Засаг даргын жуух,өргөмжлөлөөр М.Хишигсүрэн, Б.Батцэцэг, Дорноговь аймгийн ИТХ-ын өргөмжлөлөөр Б.Ганбаатар, Н.Отгонбаатар, Ш.Тогтуунбилэг, Б.Базарсад, Б.Бат-Эрдэнэ нар тус тус шагнууллаа.

 

 

Замын-Үүд ТҮГ 11 жил гологдолгүй ажилласан бахархам түүхтэй

 

Замын-Үүд зангилаа 1956 оны 12 дугаар сарын 31-нд ашиглалтад орсноор Замын-Үүдийн техник үзлэгийн газар анх байгуулагдаж, анхны даргаар нь ЗХУ-ын мэргэжилтэн Сапунов, мастераар Зотов нар ажиллаж байжээ. Мөн Техник үзлэгийн газрын зэрэгцээ Механикжсан  засварын газар гэж байсан бөгөөд даргаар  нь ЗХУ-ын мэргэжилтэн Л.М.Пастухов ажиллаж байв. Анхны техник үзлэгийн газар нь 60 хүний орон тоотой, дөрвөн ээлжтэй, найман техникийн агенттай байв. Вагон засварын газар нь хоногт 80-90 вагонд урсгал засвар хийдэг байжээ. 1961 онд механикжсан засварын газар болон Техник үйлчилгээний газрыг нэгтгэн Механикжсан техник үйлчилгээний газар гэж нэрлэж, анхны даргаар Д.Сандаг томилогдон ажиллаж байжээ. Тус газрын мастер Б.Загдсүрэн гуай бол гурван  албан тушаалын анхдагч буюу Механикжсан засварын газрын анхны орлогч бөгөөд боловсон хүчин, Техник үйлчилгээний газрын анхны монгол дарга, Механикжсан техник үйлчилгээний газрын анхны мастер юм.

Замын-Үүд Техник үйчилгээний газрын хамт олон зөвхөн галт тэргийг аялалд бэлтгээд зогсохгүй хөрш зэргэлдээ орон болон шилжүүлэн ачилтын вагон бэлтгэн өгдөг байв. Замын-Үүд ТҮГ нь 1973-1984 он хүртэл 11 жил буюу хамгийн олон жил гологдолгүй ажилласан бахархам түүхтэй. 1985 онд вагонд салгалттай засвар хийх ажлыг хөнгөвчлөхийн тулд Донбасс машиныг ашиглалтад оруулснаар хоногт 50-60 вагон ачилтад бэлтгэх боломжтой болж вагон цэвэрлэгчийн орон тоог 20 хүнтэй болгож, хоёр ээлжээр ажилладаг болжээ. 2008 онд Замын-Үүд ТҮГ “SA-37A” маркийн хийн комьпрессорыг ашиглалтад оруулж вагон үзэгч М.Соёмбо, Д.Пүрэвжав, С.Номун-Эрдэнэ, Г.Мөнхбамбар нар сургалтад хамрагдсанаар анхдагчид болов. 2008 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Замын-Үүд-2 өртөө шинээр ашиглалтад орсноор Замын-Үүд ТҮГ-ын харьяа техник үйчлигээний хэсэг бий болж, ингэснээр бригадын дарга, ахлах үзэгч, шурган үзэгч, вагон үзэгч зэрэг 24 хүний орон тоо нэмэгдэж, бригадын даргаар Ц.Эрдэнэдорж, Л.Хонгорбаатар, Г.Болд-Эрдэнэ нар томилогдон ажиллаж байжээ.

2012 онд явуулын засварын бригадыг шинээр санаачлан УАЗ-2206-69 маркийн автомашиныг тоноглон ашиглалтад оруулж, Өргөн өртөөн хээрийн нөхцөлөөр 88 тн зэсийн баяжмал ачсан хагас вагоны хос дугуйг сольж ажиллагааг туршихад амжилттай хэрэгжсэн байна.

2014 онд Замын-Үүд ТҮГ-ын салгалттай засварын замд их засварын ажил хийж, ВРП-ын I,IV зам болон вагоны угаалгын тавцанг буулгаж, Донбассын замыг 150 метрээр, ВРП-ын III замыг 175 метрээр уртасгаж, хос дугуйн замыг 50 метрээр сунгаж шинэчлэн барьжээ. Мөн тус газар ажилчдын ур чадвар, дадлага туршлага, техникийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сургалтын танхимыг тохижуулж, тренежерийг иж бүрэн ажиллагаатайгаар ашиглалтад оруулж, 2015 онд Вагон ашиглалтын депогийн хэмжээнд зохиогдсон уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Нарийн царигийн өртөөний технологийн горимд 2024 онд өөрчлөлт оруулан тоормосын бүрэн туршилтыг сүүлийн хоёр вагоны тоормосын ажиллагаагаар шалгадаг болсон. Шөнийн цагт зөөврийн улаан гэрэл, өдрийн цагт дарцгийг галт тэрэгний эхний вагоны тэвшин дээр зүтгүүрийн машинчийн талд байрлуулан хамгаалалтад авч тоормосын бүрэн туршилт хийх хугацааг 35 минут байсныг 10 минут болгож багасгасан. 2021 оны их засвар хөрөнгө оруулалтаар салгалттай засварын суурин хийн төхөөрөмжийн даралтад савыг шинээр сольж байршуулснаар салгалттай засвараас гарсан вагоны автомоормосын бэлэн байдлыг хангаж ажиллах нөхцөл бүрдсэн  зэрэг арвин туршлагатай хамт олон юм.

 

70 жилийн ойгоо угтаж олон бүтээлч ажлуудыг хийв

 

Замын-Үүд ТҮГ нь долоон жил нэг сар буюу 2585 хоног ХАБЭА-н осол зөрчилгүй ажиллаж байна. 2023 онд УБТЗ-аас зарласан контент бүтээх уралдаанд ТҮГ-ын ХАБЭА-н орон тооны бус зөвлөлийн баг оролцож А-26 тоот тушаал “Эрсдлийн үнэлгээ хийх” контент бэлтгэж тэргүүлжээ. 2023 онд Замын-Үүд ТҮГ-ын ажлын байруудад дахин сайжруулалтад хийж 5S менежментийн тогтолцооны хүрээнд эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр, зөв зохион байгуулалттай ажлын байр, орчинг бий болгож, бүтээмжтэй ажиллах ухамсар төлөвшүүлэх, ажилтнуудын идэвхи оролцоог нэмэгдүүлэн ажиллахад гол ач холбогдол өгч ISO45001:2018 стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болжээ.

2024 оны их засвараар Донбасс машины замын засварын ажлыг Замын IV анги гүйцэтгэж, 175 метр урт Р-50 хос төмөр зам, 420 ширхэг бетонон дэр, хавчаар бэхэлгээний хэрэгсэл зэргийг шинээр сольж 200 шоо.метр хучлага дэвсэж хэвгийг арилгаж завсарлажээ.

“Депо-Багш-Шавь” гурвалсан гэрээгээр ажилласан ажилтнуудын дунд техникийн мэдлэг, ур чадвар  сорих тэмцээн зохион байгуулж, нийт 50 вагон үзэгч хамрагджээ. Тэргүүн байранд багш Д.Буяннэмэх, шавь Н.Отгонболд, багш Б.Батмөнх , Ч.Гантулга, шавь Э.Сайханбилэг, Б.Наранхүү нар удаалжээ.

Улаан-Уул ТҮХ-ийн вагон үзэгчийн технологийн орон сууцыг өөрсдийн хүчээр урсгал засвар хийж, гал тогооны тавилга угсарсан байна. Мөн Замын-Үүд-1, 2 өртөөний ээлжийн вагон үзэгч, салгалттай засварын хувцас солих өрөөнд засвар хийж, ширээ сандалтай болгож тохижуулжээ. Замын-Үүд ТҮГ-ын дарга, мастеруудын өрөөнд их засвар хийжээ. Мөн технологийн горимыг  2024 онд шинэчлэн батлуулснаар галт тэрэг техникийн үзлэгт хүлээгдэх хугацаа бүрэн арилсан байна.  2023 онд сургалтын танхимдаа засвар хийж тохижуулснаар ажилтнууд техникийн болон ХАБЭА-н  сургалтыг зохион байгуулах таатай орчин бүрдэж, шинэ залуу ажилтнуудтай багш шавийн гэрээ байгуулж, дагалдан вагон үзэгчийн мэдвэл зохих техникийн онолын мэдлэг, үзлэг үйлчилгээ, засвар хийх ур чадварыг эзэмшүүлж байна.

Вагон ашиглалтын депогийн харьяа Замын-Үүд ТҮГ-ын түүхт 70 жилийн ойн баяраа өргөн дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүллээ.

 

 

П.Түмэндэмбэрэл  

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.