Монгол Улсын эдийн засагт голлох үүрэгтэй Замын-Үүд боомтын төмөр замаар тээвэрлэх экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ өсөхийн хэрээр төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг илүү сайн хангах шаардлага үүссэнтэй холбоотойгоор Замын-Үүд эргэлтийн депог УБТЗ-ын Ерөнхий хорооны шийдвэрээр Сайншанд татах хэсгийн харьяанаас гаргаж бие даасан Татах хэсэг болголоо.
Замын-Үүд эргэх депог Татах хэсэг болгох нээлтийн ёслолд УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн, Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков болон бусад Замын орлогч дарга нар оролцож, тууз хайчилж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Замын-Үүд эргэх депог Татах хэсэг болгосноор ачааны таван ширхэг 2ТЭ116УМ серийн зүтгүүрийг тус татах хэсгийн үндсэн хөрөнгөд шилжүүлж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засварыг бие даан хийдэг болно. Мөн эдгээр засварыг хийдэг болсноор ачааны зүтгүүрийг Сайншанд, Улаанбаатар луу явуулж засвар хийлгэдэг байсан үр ашиггүй зардал, сул гүйлтийг багасгах ач холбогдолтойгоос гадна өөр бусад олон хүндрэл арилах юм.
