Замын дарга Х.Хэрлэн 40 дүгээр долоо хоногийн нэгдсэн хурлыг удирдлаа. Тайлант долоо хоногт нэг гологдол гарчээ. Тодруулбал, энэ сарын 2-ны 09.20 цагийн үед Замын-Үүд-1 өртөөнд ДГКу-2875, 3060 мотовоз холбох 16 дугаар замаар Замын-Үүд-2 өртөө явах үедээ сум зүссэн байна. Хурлын үеэр Тээврийн хяналтын албаны дарга Д.Батдорж “Замын аж ахуйн алба зүтгүүрчдийн гаргахаа больсон гологдлыг гаргалаа. Хариуцлага ер нь хаана хаана суларч байна” хэмээн шүүмжилж, сум зүссэн болон буруу замаас дохио нээсэн гологдлыг сүүлийн 20 жилийн судалгааг танилцууллаа. Хориглосон дохио дайрах гологдол 2006 онд ес гарч байсан бол жил ирэх тусам буурсаар энэ онд тэглэх боломжтой байсан ч ийнхүү нэг гарчээ.
Дутагдлын хувьд Зүтгүүрийн аж ахуйн алба боон бусдаар тус бүр гурав бүтгэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үед 45 гологдолтой байсан бол энэ оны мөнд үед 34 гарч, 11 гологдлоор буурсан үзүүлэлттэй байна. Дутагдлын хувьд өнгөрсөн онд 426 байсан бол энэ оны мөн үед 435 болж есөн нэгжээр нэмэгдүүлжээ.
Тээврийн хувьд оны эхнээс энэ сарын 1-нийг дуустал 25915.8 мянган тонн ачаа тээвэрлэж, 105.7 хувиар биелүүлжээ. Энэ нь төлөвлөгөөтэй харьцуулбал 1419.1 мянга, өмнөх оны мөн үеэс 1499.0 мянган тонноор тус тус өссөн үзүүлэлт юм.
Мөн хугацаанд 183696.3 мянган тонн ачаа ачиж, 105.4 хувиар биелүүлэв. Энэ нь төлөвлөгөөг 941.3 мянга, өмнөх оны мөн үеэс 1174.9 мянган тонноор тус тус давуулсан амжилт аж.
Орон нутгийн 261700, транзит 103600, экспорт 251300, импорт 103000 тонн буюу нийт 719600 тонн ачаа тээвэрлэв.
“Эрдэнэт” үйлдвэр 16, “Багануур” ХК 210, “Шивээ-Овоо” ХК 77 вагон буюу төлөвлөгөөний дагуу буулгасан бол “Шарын гол” ХК ачиж эхлээгүй байна.
Тээврийн чанарын үзүүлэлтээр хэсгийн хурдыг тайлант долоо хоногт төлөвлөгөөг 39.79 км/цагаар биелүүлжээ. Төлөвлөгөөтэй харьцуулахад 0.39 км/цагаар хурдсаж, 101 хувиар биелэв. Зурмагийн тасалдлаас шалтгаалан 25 галт тэрэг 1956 минут зогссон байна. Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Д.Мөнхтулга сүүлийн үед зурмагийн тасалдал буурахгүй, өсөх хандлагатай байгааг онцоллоо.
Галт тэрэгний дундаж жин 3262.40 тонн болж, төлөвлөгөөнөөс 22.40 тонноор өсөж, 100.69 хувиар биелсэн ч өмнөх долоо хоногоос 44.84 тонноор буурав. Зүтгүүрийн бүтээмж 1520.16 мянган бохир тонн/км болж, төлөвлөгөөнөөс 60.16 мянган бохир тонн/км-ээр нэмэгдэж, 104.12 хувиар биелж, өмнөх долоо хоногоос 42.05 мянган бохир тонн/км-ээр нэмэгджээ. Вагон эргэлт 4.0 хоног болж төлөвлөгөөнөөс 0.5 хоногоор хурдассан байна.
Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар 112 галт тэрэг /734.2 вагон/ хүлээн авч, 111 галт тэрэг /715.5 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 15.8-16 галт тэрэг болов.
Нарийн царигаар өмнөх долоо хоногоос буурч, 46 галт тэрэг /355.5 вагон/ хүлээн авч, 44 галт тэрэг /345.5 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 6.2-6.5 галт тэрэг боллоо.
Сүхбаатар-Наушкиар 57 галт тэрэг /384.2 вагон/ хүлээн авч, 52 галт тэрэг /358 вагон/ хүлээлгэн өгч, хоногт дунджаар 7.4-8.1 галт тэрэг солилцжээ.
Тайлант долоо хоногт чингэлгийн 61 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос дөрвөөр илүү, оны эхнээс нийт 2914 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 56 галт тэргээр давуулсан үзүүлэлт юм.
Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги транзитын 1858, импортын 433 чингэлэг шилжүүлэн ачсан нь транзит өмнөх долоо хоногоос 109-өөр өсөж, импорт 123-аар буурчээ.
Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 414 чингэлэг, 2361 вагон ачаа байна.
“Эдрэнэс Тавантолгой” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрээс өчигдрийн байдлаар 49 галт тэрэг буюу 1660 вагон, 111565.69 тонн мидлинг тээвэрлэжээ.
Түүнчлэн, Худалдан авах ажиллагаа, борлуулалтын болон Их барилга, хөрөнгө оруулалтын албаны дарга нар ажлаа танилцууллаа. Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны дарга Б.Ууганбаярын танилцуулснаар өчигдрийн байдлаар 664.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 423 худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг ЗТЯ-аар батлуулжээ. Үүнээс 328 тендер /492 бакц/-ийг зарласан байна.
Энэ үеэр, оны эхнээс авч үзвэл УБТЗ-ын тээврийн хэмжээ нэмэгдсэн ч ОХУ-аас ирэх транзит чингэлэг буурсантай холбоотой орлого зургаан тэрбум төгрөгөөр багасаж байгааг Төлөвлөлт, эдийн засгийн албаны дарга З.Энхбаяр танилцуулав. Өөрөөр хэлбэл, дотоодын буюу алдагдал хүлээдэг тээврийн хэмжээ нэмэгдэж, орлого олдог тээвэр буурчээ. Тэрбээр, “Оны эхэнд түлшээ 1350 ам.доллараар авч байсан бол энэ сард 1550 ам.доллар болж өссөн. Цалинг 15 хувиар нэмсэнтэй холбоотой сар бүр есөн тэрбум төгрөг нэмэгдэж байгаа. Энэ хоёр гол зардал өссөн тул нэн шаардлагатай биш худалдан авалтуудыг зогсоож, хэмнэх саналтай байна. Замын захиргаа банкнаас зээл авч таван зүтгүүр худалдан авахаар төлөвлөсөн. Энэ байдлаараа явбал оны эцэс гэхэд манай данс банкны шаардлагыг хангаж чадахгүй болох эрсдэл үүснэ” гэв. Үүнийг судалж үзэхийг Замын дарга үүрэг болголоо.
Түлшний хувьд Замын хэмжээнд 4736 тонн буюу ес хоногийн нөөцтэй байгаа аж. Цаашид нөөцийг нэмэгдүүлэх талд анхаарч ажиллаж буйгаа Б.Ууганбаяр дарга танилцууллаа.
Их барилга, хөрөнгө оруулалтын албаны дарга Б.Баярмагнайн танилцуулснаар оны эхнээс их барилгын 57 ажил батлагдсан байна. Мөнгөн дүнгээр нь авч үзвэл үүний 75.6 хувь нь зам шинэчлэлтийн ажил эзэлж байгаа аж. Их засвараар төлөвлөсөн 202 ажил байснаас 31 ажлаар буурсан байна.
Хурлын төгсгөлд Замын дарга шугам замд баригдаж буй орон сууцуудын явцад хяналт тавьж, цаашид урьдчилгаа нь бүрдсэн, найдвартай орох төмөр замчдын судалгаанд үндэслэж барилгын компанитай хамтарч ажиллаж байхыг анхааруулж, хөдөлмөрийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг бүх шатандаа хангаж ажиллахыг үүрэг болголоо.
М.Наранболд
