УБТЗ ХНН-ийн Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан анги (АБТЭМА) нь 2026 онд үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, байгууллагын хөгжлийг бататгах зорилт дэвшүүлэн хамт олноороо чармайн ажиллаж байна.
Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн ачааны терминал нь төв (АБТЭМА), хойд (Ачиж буулгах 44 дүгээр талбай), Толгойт (Толгойт дахь талбай), Амгалан (Амгалан дахь талбай) гэсэн дөрвөн хэсэгт үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр хэсгүүдэд захиргаа, аж ахуйн цех, машин механизм, засварын цех, нэгдүгээрээс тавдугаар цех, тооцооны хэсэг зэрэг бүтцийн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна.
Үндсэн үйл ажиллагааны зориулалтаар 14 нийтийн хэрэглээний зам, хоёр чингэлгийн талбай, хүнд ачааны дөрвөн талбай, битүү агуулах гурав, нэг задгай агуулах, хоёр налуу тавцан ашиглан ачаа тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Төв АБТЭМА, ачаа буулгах 44 дүгээр талбай, Толгойт болон Амгалан дахь ачиж буулгах талбайд тус бүр ачааны төрөлд тохирсон оосорлох хэрэгслээр тоноглогдсон вандан кран, битүү болон задгай агуулахад сэрээт авто ачигчийг ашиглан аюулгүй, үр ашигтай ажиллагааг хангаж байна.
АБТЭМА-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл
Ачаа, чингэлгийн тээврийн захиалга хүлээн авах, зөвшилцөх
Ачаа, чингэлгийг тээвэрт хүлээн авах
Өөрийн ачааны машинаар ачаа, чингэлгийг хүргэж өгөх, очиж авах
Вагон, автомашинд ачих, буулгах
Чингэлгийн талбайд ачих, буулгах
Тээврийн баримт бичиг үйлдэх
Батлагдсан тарифын дагуу хөлс, хураамж хураах
Ачаа хадгалах, чингэлэг хадгалах
Вагоны ачаа тээврийн үзлэг хийх
Акт тогтоох, гомдол хүлээн авах
Төрийн хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг.
Онцлох амжилт
АБТЭМА нь 2025 онд 40 тэрбум төгрөгийг Замын санхүүд төвлөрүүлж, УБТЗ ХНН-ийн түүхэнд анх удаа Замын даргын тушаалын дагуу ВПР-02 М-015 техник хэрэгслийг чанартай, шуурхай ачиж бэхлэн ОХУ руу тээвэрлэсэн нь оны онцлох үйл явдал боллоо.
Эдгээр ажлыг үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдолгүй, зөрчил дутагдалгүйгээр гүйцэтгэхэд ангийн 201 ажилтан идэвхи санаачилгатайгаар ажилласан юм. Иймээс ч Замын захиргаанаас хамт олны минь хөдөлмөрийг үнэлж, “Төмөр замчны алдар” тэмдгээр дөрөв, “Тэргүүний төмөр замчин”-аар найм, “Онц хөдөлгөөнчин” гурван ажилтныг шагналаа. Мөн “Хүндэт үнэмлэх”-ээр дөрвөн хүнийг мөнгөн шагналаар 18 ажилтныг шагнаж урамшууллаа.
Замын аварга ажилтнаа ч шалгаруулж, Зангилааны аваргаар хоёр ажилтныг тодрууллаа.
Хүний нөөц ба стандарт
“Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд баталсан 64 зүйлтэй төлөвлөгөөг 95.5 хувьтай биелүүлж, ажлын хэмжээ буурсан нөхцөлд ч Чанарын менежментийн MNS ISO 9001, Хөдөлмөрийн аюулгүй байдлын ISO 45001 стандартуудыг нэвтрүүлэн баталгаажуулж, чанар, бүтээмжийг тогтвортой хадгалан ажиллаж байна.
Цаашдын зорилт
Бид дээрх амжилтаа бататган, улам нэмэгдүүлэх зорилгоор ангийн барилга байгууламж, машин механизмын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэхээр 2026 оны их барилга, их засвар, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд саналаа хүргүүлээд байна. Эдийн засгийн үр өгөөжийг тооцсон уг саналыг Замын захиргаа дэмжинэ гэдэгт хамт олон бид итгэл дүүрэн байна.
