Замын долоо хоногийн нэгдсэн хурлыг Замын дарга Х.Хэрлэн удирдлаа. Өмнөх долоо хоногт хөдөлгөөний аюулгүй байдлаар хоёр гологдолтой байсан бол 36 дахь долоо хоногт Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 561 дүгээр км-ийн нэгдүгээр зуутад галт тэргэнд үхэр дайрагдан яаралтай тоормос хийсэн нэг гологдол гарч, Замын III ангид тооцсон байна. Тус ангийнхан гарам гарцын аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллаагүйг Тээврийн хяналтын албаны дарга Ариунболд хэлэв. Ялангуяа, гүүрний шанааны торыг сайжруулах ажил зохион байгуулах шаардлагатайг онцолсон юм. Сар бүр Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргаас гарч буй цахилгаанд энэ чиглэлээр тодорхой үүрэг өгдөг ч Замын аж ахуйн алба, харьяа ангиуд ажил зохион байгуулаагүйгээс энэ төрлийн гологдол гарч байна гэж дүгнэжээ. Тиймээс хориг хашааны дотогш мал орохгүй байх нөхцөл бүрдүүлж ажиллах үүргийг Замын дарга өглөө.
Дутагдлын хувьд Зүтгүүрийн аж ахуйн албанд зүтгүүр эвдэрч тусламж авсан, ачаа орхисон зэрэг гурав, Замын аж ахуйн албанд зам дээр мал байснаас яаралтай тоормос хийсэн нэг, бусдаар тооцсон буюу зам дээр, хүн, автомашин байсан гурав гээд нийт долоон дутагдал бүртгэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гологдол тав, дутагдал 150 нэгжээр тус тус буурчээ. Тээврийн хяналтын алба Төмөр замын газрын комисстой хамтран “Эрдэнэт” ДЦС-ын Төмөр замын цехийн төмөр замын хэсэгт ажиллаж, нийт 18 замынх нь тавыг хөдөлгөөнд хааж, үл тохирлоо ариглах 15 хоногийн хугацаатай үүрэг өгсөн байна. Мөн Шарын голын уурхайн зам, сэлгээний илчит тэрэг, “Дархан” ДЦС-ын салбар зам зэрэг цөөнгүй газар үзлэг шалгалт хийж, илэрсэн үл тохирлуудыг арилгах үүрэг өгснөө Тээврийн хяналтын албаны дарга танилцууллаа.
Харин Тээвэр зохион байгуулалтын албаны даргын танилцуулснаар өнгөрсөн долоо хоногт 106 радио галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос давсан үзүүлэлт бөгөөд 28 радио галт тэргийг мөрдүүлэн аялуулж, дөрвөн галт тэрэг саатжээ.
Оны эхнээс есдүгээр сарын 043-ийг дуустал 21 сая 805.2 мянган тонн ачаа тээвэрлэсэн буюу 95.8 хувийн биелэлттэй байна. Энэ хугацаанд 15 сая 259.6 мянган тонн ачиж 94.6 хувиар биелжээ. 36 дугаар долоо хоногт 614800 тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх долоо хоногоосоо 48600 тонноор илүү байна. Тодруулбал, орон нутгийн 190700, транзит 113900, экспорт 234900, импорт 75300 тонн ачаа тээвэрлэжээ.
Мөн долоо хоногт “Багануур” ХК төлөвлөгөөнөөс 62 вагон дутуу буюу 702, “Шивээ-Овоо” 71 вагоноор дутуу буюу 353 вагон ачсан бол “Шарын гол” ХК гурван вагоноор давуулж 311, Эрдэнэт үйлдвэр 104 вагон ачсан байна.
Буулгалтын хувьд тайлант долоо хоногт 5254 вагон буулгасан буюу хоногт дунджаар 86 вагон дутуу буулгажээ. Хэсгийн хурд 39 км/цагийн төлөвлөгөөг 39.49 км/цагаар биелүүлэн +0.49 км/цагаар, өмнөх долоо хоногоос +0.40 км/цагаар тус тус давуулсан байна. Өнгөрсөн долоо хоногт зурмагийн тасалдлаас шалтгаалсан 30 галт тэрэг 1974 минут зогсож, хэсгийн хурдыг 0.24 км/цагаар удаашруулжээ. Өмнөх долоо хоногтой харьцуулахад зурмагийн тасалдал хоёр галт тэргээр нэмэгдсэн ч зогссон цаг 340 минутаар буурсан байна.
Галт тэрэгний дундаж жин өнгөрсөн долоо хоногт 3329.53 тонн болж, төлөвлөгөөнөөс +129.53 тонноор давж, өмнөх долоо хоногоос 12.1 тонноор нэмэгдсэн байна.
Зүтгүүрийн бүтээмжийн хувьд тайлант долоо хоногт 1426.3 мянган бохир тонн/км-ээр биелүүлж, төлөвлөгөөнөөс -43.7 мянган бохир тонн/км-ээр дутуу, өмнөх долоо хоногоос +37.31 мянган бохир тонн/км-ээр илүү байна.
Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар хоногт дунджаар 15.8 буюу өнгөрсөн долоо хоногт 111 галт тэрэг /702.8 вагон/ хүлээн авчээ. Харин 109 галт тэрэг /708 вагон/ буюу хоногт дундаар 16 галт тэрэг хүлээлгэн өгсөн байна.
Нарийн царигаар хоногийн дунджаар 7.6 галт тэрэг солилцож долоо хоногт 378 вагон хүлээн авч, 418 вагон хүлээлгэн өгсөн байна. Сүхбаатар-Наушкиар 56 галт тэрэг /361.4 вагон/ хүлээн авсан нь өмнөх долоо хоногоос нэг галт тэргээр давж, хоногийн дундаж нь 8 галт тэрэг болжээ. Харин 58 галт тэрэг /374.7 вагон/ хүлээлгэн өгсөн нь өмнөх долоо хоногоос гурван галт тэргээр илүү, хоногийн дундаж нь 8.2 галт тэрэг болсон байна. Үндсэндээ галт тэрэг солилцоо хэвийн үзүүлэлттэй байна.
Тайлант хугацаанд чингэлгийн 74 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос хоёроор илүү байна. Оны эхнээс чингэлгийн нийт 2552 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 357 галт тэргээр илүү байна. Замын-Үүд Шилжүүлэн ачих анги өнгөрсөн долоо хоногт транзитын 2364, импортын 573 чингэлэг шилжүүлэн ачжээ. Энэ нь өмнөх долоо хоногоос импорт 297, транзит 266 чингэлгээр илүү ачсан үзүүлэлт юм. Одоогийн байдлаар Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 1633 чингэлэг, экспортын 2508 вагон ачаа байгаа аж. Үүнээс төмрийн хүдэр 1673, жонш 348, зэсийн баяжмал 221, нүүрс 249, тэжээл 17 вагон байна.
Замын хэмжээнд нефть, нефтийн бүтээгдэхүүн ачсан 1009 вагон зогсож байгаа аж. Үүнээс тухайлбал, Сүхбаатарт 317, Аршаантад 164, Толгойтод 267, Улаанбаатарт 65, Амгаланд гурав, Чойрт 80 вагон зогсож буйг Тээвэр зохион байгуулалтын албаны дарга танилцууллаа. Тиймээс Замын дарга Х.Хэрлэн Улаанбаатар хот дахь нефть, нефтийн бүтээгдэхүүн ачсан вагонуудын хуримтлалыг багасгах, тодорхой хугацааны дараа шугам замын сул замтай байгаа өртөө рүү татах гэхчлэн ямар арга хэмжээ авч болохыг судалж танилцуулахыг үүрэг болголоо. Учир нь, ЗТЯ-наас Улаанбаатар хотод аюултай ачаа удаан хугацаагаар байлгахгүй байхад ямар нэгэн арга хэмжээ авч ажиллах чиглэл өгсөн байна.
Хурлын үеэр Дохиолол холбооны алба энэ онд хийсэн засвар шинэчлэлтийн, мөн Их барилга, хөрөнгө оруулалтын албаны дарга их барилга, их засварын ажлуудыг танилцуулж, одоо үлдээд буй ажлаа оновчтой эрэмбэлж, хүйтнээс өмнө хийж дуусгахаа хэлсэн юм. Хурлын төгсгөлд Улаанбаатар-1, 2 дээр Улаанбаатар хотоос хийх гэж буй хонгилон гарцын хонхны ажлуудыг хөдөлгөөний аюулгүй байдал болон тээврийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүйгээр зохион байгуулахыг санууллаа.
Мөн зүтгүүрээс шалтгаалсан зурмагийн тасалдал их гарч байгаа тул хүйтрэхээс өмнө зүтгүүрийн бэлэн байдлыг бүрэн хангаж ажиллахыг Зүтгүүрийн засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга, Зүтгүүрийн аж ахуйн албаны дарга нарт үүрэг болголоо. Түүнчлэн, дотоодын нүүрсний худалдан авалтыг яаралтай зохион байгуулах үүргийг Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны даргад өгч, өвлийн бэлтгэлээ маш сайн хангахыг бүгдэд нь анхаарууллаа.
