Замын II анги үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ой энэ жил тохиож байна. Тус ангийнхан 75 жилийнхээ ойд зориулж олон арван бүтээлч ажлыг хийхээр төлөвлөжээ. Ойн хүрээнд урлагийн наадмыг нэгдүгээр сарын 15-28-ны хооронд Замын бүх хэсэгтээ зохион байгуулж, энэ сарын 3-нд “Ган зам” паласын тайзнаа шалгарсан авьяастнуудын тоглолтыг толилуулсан юм.
Энэ үеэр Замын II ангийн дарга Д.Алтангэрэл “Энэ урлагийн наадамд сэтгэл гарган оролцсон бүх замчдадаа талархлаа илэрхийлье. Уг үйл ажиллагаа нь түүхт ойгоо угтсан их ажлын салхийг хагалж буйгаараа онцлог юм. Мөн Замын захиргаанаас энэ оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан энэхүү урлагийн наадмыг зохион байгууллаа. Урлаг соёл, спортын тэмцээн уралдаан бол хамт олны эв нэгдлийг бэхжүүлдэг, идэвх зүтгэлийг нь сэргээдэг олон талын ач холбогдолтой. Урлагийн наадмын шилдэг авьяастнуудын тоглолтыг ойн баяраараа нийт хамт олондоо толилуулна. Сэтгэл зүтгэл гарган оролцсон замчдадаа дахин баяр хүргэе. Та бүхнийг минь урлагийн “Янжинлхам” бурхан ивээг!” гэлээ.
Төгсгөлд нь номинаци бүрээр шилдгүүдээ тодруулан шагнан урамшуулж, нийлбэр дүнгээр тэргүүлсэн Замын хэсгийг шалгаруулж шагналаа. Урлагийн наадмын тэргүүн байрын цомыг Замын VII хэсэг, дэд байрыг Замын V хэсэг, гуравдугаар байрыг Замын XVIII хэсгийн хамт олон хүртлээ.
