Энэ намрын Замын даргын үзлэг Баянтүмэн тасгаас эхлэхээр болов. Өмнө ийм тохиолдол гарч байгаагүй гэнэ. Үзлэгийн комиссынхон Улаанбаатараас өглөөний нартай уралдан Баянтүмэний зүг хөдөллөө. Намрын шар наран урдаас ээж, алтан шаргал тал нүд алдам үргэлжилнэ. Жирэлзэн өнгөрөх замын уртад хадлангийн талбайд хүн, машин хөлхөлдөж, хамаж боосон өвснүүд эгнэн жагссан цэрэг шиг жирэлзэн өнгөрнө. Өмнөөс ирэх өндөрлөж ачсан өвстэй машинууд борвио дайвалзуулан хажуугаар зөрөхдөө эгээтэй л шүргэх нь холгүй өнгөрцгөөнө. Адуу мал тааваараа бэлчиж, аргагүй л хөдөө нутагт алтан намар иржээ.
Баянтүмэн тасагт энэ сарын 23-25-ны өдрүүдэд ажилласан Замын даргын үзлэгийн комиссыг Замын Суурь бүтэц хариуцсан орлогч дарга В.В.Каренда, Тээврийн хяналтын албаны дарга Д.Батдорж нар ахлав.
Үзлэгийн комиссынхны хөлөглөсөн галт тэрэг Баянтүмэн өртөөнөөс шөнийн турш аялж Эрээнцав өртөөнд очих хүртэл төмөр зам дээр мал байсан тул найман удаа хурдаа удаашруулж, заримдаа бараг яаралтай тормос хийх шахуу нөхцөлд хүрч байв. 2026 он гарснаас хойш аюултай бүсэд хоёр удаа мал дайрагдсан тохиолдол гарчээ. Энэ бол шугам замд хориг хашаа алдаг оног байгаатай холбоотой. Иймд галт тэргийг өдрийн цагаар явуулдаг болгох, морин эргүүлийн орон тоог сэргээх саналтай байгаагаа Депогийн дарга хэллээ. “Галт тэрэг Баянтүмэн-Эрээнцавын хооронд нэг талдаа есөн цаг 30 минут явдаг учраас шөнө явахаас аргагүй. Иймд хориг хашааг сэргээх талаар Замын хэмжээнд яригдаж байгаа. Баянтүмэнгийнхэн 10 км замд шинээр хориг хашаа хийсэн байна. Цаашид шаардлагатай материал, хэрэгслээр хангагдсан тохиолдолд энэ ажилд Баянтүмэнгийн төмөр замчид бүгд оролцож чадах уу” гэж Тээврийн хяналтын албаны дарга Д.Батдоржийг асуухад бүгд нэгэн дуугаар “Чадна” гэж чангаар хариулав.
Баянтүмэн тасаг нь Эрээнцав өртөөнөөс Баянтүмэн өртөө хооронд нийтдээ таван өртөө, 238 км гол зам, өртөөний болон салаа 33 км зам, 79 суман шилжүүлэг дээр ТЭМ2 маркийн дөрвөн илчит тэрэг, зорчигчийн гурван вагон, тусгай зориулалтын нэг, ачааны паркийн 16 вагонтойгоор тээвэр зохион байгуулалтын үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. Зүтгүүрийн хувьд гол замаас хоёр тэрэг шинээр хүлээж авсан. Хуучин хоёр тэргээ буцаахаар хүлээж байгаа ажээ. Ачааны вагоны хувьд гол тээвэр хийдэг таван вагоны ашиглалтын хугацаа дууссан. Үлдсэн вагонууд 38-аас дээш жилийн насжилттай байна. Зорчигчийн вагон ч мөн адил насжилт өндөр байна. Түүнчлэн Депод 2002 оноос хойш их засвар хийгээгүй. Иймд ирэх жилийн их засварын төлөвлөгөөнд тусгаж өгөхийг Депогийн дарга үзлэгийн комиссоос хүслээ.
“Түлш хэмнэлт, хэтрэлт машинч болгон дээр харилцан адилгүй байна. Иймэрхүү түлш хэмнэлт, зарцуулалт нь эцсийн бүлэгт хулгайгаар дуусдаг гашуун жишээ бий” гэж Тээврийн хяналтын албаны дарга Д.Батдорж сануулаад энэ талаар хийж байгаа ажлыг асууж танилцав.
Баянтүмэн тасгийн дохиолол холбооны хувьд хуучин агаарын шугам ашиглаж байгаа зарим газарт агаарын шугамын тулгуур солих ажил хийгдэхээр болсон юм байна. Цаашид үүнийг энэ хэвээр үргэлжлүүлэх үү, эсвэл шилэн кабелийн сүлжээнд холбогдох уу гэдэг асуудлыг авч үзэх цаг болжээ. Уг нь шилэн кабельд холбогдоход 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гарсан боловч Замын санхүүгийн байдлаас шалтгаалж шийдэгдэхгүй хойшлогдсоор байгаа ажээ. Ер нь хүссэн ч, эс хүссэн ч шилэн кабельд холбогдох нь зайлшгүй. Тэр тусмаа төмөр замын зүүн коридорын асуудал хүчтэй яригдаж байгаа үед эртнээс бэлтгэлээ хангах нь чухал учраас асуудлыг ойрын хугацаанд боловсруулж, танилцуулахыг Замын Суурь бүтэц хариуцсан орлогч дарга В.В.Каренда үзлэгийн комисст ажиллаж байгаа Дохиолол холбооны албаны дарга Л.Гунгаажанцанд үүрэг болголоо.
Баянтүмэн тасгийн цахилгаан шугам сүлжээний урт нь гол замын нэг цахилгаан сүлжээний хэсэгтэй дүйцэж байгаа учраас хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын нөхцөлийг хангуулахын тулд зайлшгүй эрчим хүчний тасаг байгуулах хэрэгцээ шаардлага байна. УБТЗ өөрөө эрчим хүч хэрэглэдэг, зардаг тусгай зөвшөөрөл бүхий байгууллага учраас энэ хүрээнд Баянтүмэн тасаг бие дааж үйл ажиллагаа явуулах боломжтой юм байна. Иймд гол замуудын нэгэн адил эрчим хүч зарж борлуулдаг үйл ажиллагаагаа эхлүүлмээр байна. Үүний тулд Цахилгаан шугам сүлжээний хэсэг байгуулснаар үйл ажиллагаа явуулах эрх үүсэх юм байна. Одоогоор олох орлогын хэмжээ бага боловч цаашид суурьшлын хэмжээ, хэрэглэгчийн тоо нэмэгдсэнээр орлогын шинэ эх үүсвэртэй болж, зөвхөн цахилгаан эрчим хүч хэрэглэгч биш хангагч байгууллага болох ирээдүй байна гэдгийг үзлэгийн комиссын гишүүн Эрчим хүч, ус хангамжийн төвийн дарга П.Баяржаргал онцоллоо.
Замын даргын үзлэг болгоноор Замын II хэсэг буюу 37 дугаар точикийг цахилгаан эрчим хүчээр хангах асуудал хөндөгддөг. Уг нь 250 сая төгрөгийн зардлаар нарны дэлгэц суурилуулж, сэргээгдэх эрчим хүчээр хангахаар тохирсон ч хөрөнгийн асуудал шийдэгдэхгүй удаж байна. Иймд ирэх жилийн төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг тэр хэллээ.
Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд Чингисийн далан өртөөний уурын зуухыг энэ оны аравдугаар сарын 15 гэхэд яаралтай ажилд оруулахыг Замын Суурь бүтэц хариуцсан орлогч дарга В.В.Каренда холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Баянтүмэн тасагт өмнөх үзлэгүүдээр илэрсэн үл тохирлуудыг зассан байна. Гэвч энэ удаагийн үзлэгээр үл тохирол нэмж гарсаар байна. Энэ бол Баянтүмэн тасагт бодит байдлын сургалт шаардлагатайг нотолж байгаа хэрэг юм. Хэдийгээр өртөөний даргаар болон өртөөний техникчээр шинээр томилогдсон хүмүүст технологитой холбоотой бичиг баримтыг дүрэмд нийцүүлэн боловсруулах, тооцоолох аргачлалын талаар, хөдөлгөөнтэй холбоотой зөрлөгүүдэд ажилладаг хүмүүст газар дээр нь сургалт явуулж, ойлголтын зөрүү нь арилсан ч гол зам дээр бодит байдлын сургалт хийх зайлшгүй шаардлага гарч байгааг комиссын гишүүд онцолж байлаа.
Байгууллагын хаягжилт нэгэн жигд биш, стандартын бус байна. Хамгийн түрүүнд хилийн өртөө Эрээнцав, тулгуур өртөө Баянтүмэний хаягийг кирилл, монгол, англи үсгээр, заагдсан стандарт хэмжээний дагуу өөрчлөх хэрэгтэй байна.
Ер нь орон нутгийн нөхцөл байдлаас шалтгаалж Баянтүмэн тасагт ямар ч ажилтан хоёроос доошгүй төрлийн ажлыг давхар хариуцдаг юм байна. Тэглээ гээд үндсэн ажлаа орхигдуулж болохгүй. Харин ажлын байрны тодорхойлолтод хийх ажлыг нарийн тусгаж, хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгааг ажлын байр солигдох бүрт заавал өгөх шаардлагатайг анхаарууллаа.
Үзлэгийн төгсгөлд Замын Суурь бүтэц хариуцсан орлогч дарга В.В.Каренда үг хэлж, замчдын зүгээс гаргасан санал хүсэлтийг шийдвэрлэхээ илэрхийлж, үүрэг даалгавар өглөө.
Баянтүмэн тасгийн дарга Д.Батмөнх үзлэгийн комисст талархал илэрхийлж, илэрсэн үл тохирол, зөвлөмжийг бүрэн арилгаж, өгөгдсөн үүрэг даалгаварыг ирэх хаврын Замын даргын үзлэгээр гүйцэд биелүүлсэн байна гэж амлалаа.
Замын даргын үзлэгт амжилттай үнэлэгдсэн нэгжийн удирдлагуудад Замын Суурь бүтэц хариуцсан орлогч дарга В.В.Каренда “Батламж” гардуулж, үр бүтээлтэй ажилласан замчдад УБТЗ-ын шагналуудыг гардуулав.
