Улаанбаатар зангилааны Замын даргын улирлын үзлэгийн дүнгийн хурал өнгөрсөн Баасан гаригт Ган зам паласт болсон . Дүнгийн хуралд Тээврийн хяналтын албаны байцаагч нар үзлэгийн үеэр илэрсэн дутагдал, гологдлын талаар товч мэдээлэл хийж, засаж залруулахад анхаарах зүйлсийн талаар тус тусын зөвлөмжийг өглөө.
Хурлын төгсгөлд Замын даргын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн хэлэхдээ “Нээлттэй мэдээллийн тогтолцоо байгууллагууд дээр сайн ажиллаж байна. Бид шинээр ашиглаж байгаа болохоор зарим нэг зүйл дээр алдаа оноо байлгүй л яахав. Тиймээс үүнийг тайлбарлан таниулахад онцгой анхаарах хэрэгтэй. Үзлэгийн дүнгээс харахад бүх байгууллага тааруу байгаа юм биш ээ. Сайхан санаачилга гаргасан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн байгууллага олон байна. Гэхдээ бидэнд хэзээ ч хоёрдугаарт тавьж болохгүй, аравдугаарт тавьж болохгүй асуудал гэж бий. Энэ нь нэн тэргүүнд аюулгүй байдлыг хангах юм. Жилийн 365 хоногт, хоногийн 24 цагт тасралтгүй явж байгаа тээврийн үйл ажиллагааг аюулгүй байдлыг хангаж байж л цааш нь явуулна. Хэдий чинээ аюулгүй ажиллагаа сайн байна, төдий чинээ байгууллагын үйл ажиллагаа тогтвортой байна. Үүнийг ханган ажиллаж байгаа та бүхэн эрсдэлийн хажуугаар дуугүй өнгөрдөггүй, ярьдаг, засдаг, өөрчилдөг байх ёстой. Энэ тал руу бид явах ёстой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд гологдол, дутагдал буурч байгаа ч зарим нэг нэгж, байгууллага дээр буурахгүй байна. Үзлэг шалгалтыг системчилсэн байдлаар хийж, гаргасан дүн шинжилгээнд тулгуурлаж тодорхой арга хэмжээг авч, шахаж шаардаж хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүн тодорхой хугацааны дараа гарах ёстой. “Бие холдвол сэтгэл холдоно” гэсэн үг бий. Албан тушаалтнуудыг ажилтнуудтайгаа ярьж зөвлөдөг, сэтгэл санааг нь хуваалцдаг цаг хугацааг гаргахын тулд “Аюулгүй байдлын соёлын өдөр”- ийг зохион байгуулдаг болсон. Энэ өдрүүдээр та бүхэн ажилтнуудынхаа алдаа, оноог яриад, ажил хэргийг нь дүгнээд явах ёстой. Үнэндээ зарим нэгэн байгууллагын удирдлагуудыг ажилтнууд нь танихгүй байгаа шүү. Нэрийг нь мэдээд байгаа мөртөө зүсийг нь хараагүй хүн олон байгаа. Байгууллагын дарга хүн чинь хамт олондоо царай зүсээ харуулж “Та нартай хамтарч ажиллах гэж байна. Би ийм хүн шүү. Бид бүгдээрээ хичээж ажиллавал амжилт бүтээл ойрхон байгаа шүү. Аюулгүй байдлаа хангаж ажиллацгаая” гэж хэлбэл бүгд л дэмжин ажиллах болно. Та бүхэн үзлэгийн талаар байцаагч нарын гаргасан дүгнэлтийг хэрэгжүүлэх талаар онцгой анхаарч ажиллахыг хүсье” гэв.
