Айлчлан ирж байгаа шинэ оноо амжилт бүтээлийн дээдээр угтаж байгаа төмөр замчид Та бүхэндээ шинэ жилийн мэнд дэвшүүлье.
Улиран өнгөрч байгаа 2025 он бол дэлхийн улс төр, эдийн засаг тогтворгүй, уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, зах зээлийн үнэ ханш буурсан хүндхэн жил байсан ч Замын захиргаанаас авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ, төмөр замчдын шаргуу хөдөлмөрийн үр дүнд ачаа тээврийн түүхэн дээд амжилтаа ахиулж, шинэ дээд амжилт тогтоож чадлаа. 2025 оны эхний хагас жилд тээвэрлэсэн ачаа өмнөх оны мөн үеэсээ 441 мянган тонноор буураад байсныг манай төмөр замчид ганцхан сарын дотор 3 сая 97 мянган тонн ачаа тээвэрлэж, алдсан боломжоо нөхөж чадсан явдал нь УБТЗ-ын хамт олны бас нэгэн шинэ дээд амжилт боллоо. Мөн төмөр замын тээврийн салбарын түүхэнд анх удаа 108 вагон бүхий 10 мянган тонн жинтэй галт тэргийг аялуулсан нь манай тээх нэвтрүүлэх хүчин чадал улам бүр өсөн нэмэгдэж байгааг харууллаа.
Ийнхүү УБТЗ-ын хамт олон 2025 онд 33,5 сая тонн ачаа тээвэрлэж шинэ дээд амжилт тогтоосон төдийгүй тээврийн орлого өмнөх оноосоо 15 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь Замын удирдлага тээврийн тарифын индексжүүлэлтийг амжилттай хэрэгжүүлсний бодит үр дүн юм.
Ийнхүү тарифын индексжүүлэлтийг хийж, тээврийн орлого өссөнөөр тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх, дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэх, төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх санхүүгийн боломж улам дээшилж, дээрх чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүллээ.
Олон овоо-Айраг өртөө хоорондын замд 34.6 км их засварын ажил хийж, Улаанбаатар-1 өртөөний суман шилжүүлгүүдийг Р65 төмөр бетон ялуу болгож шинэчлэх, зүтгүүрийн хөдөлгүүрийн цахилгаан эд ангийн засварын цехийг барьж байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийлээ.
Замын захиргаа 2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, уг зорилтын хүрээнд ажилтнуудынхаа ур чадварыг хөгжүүлэх, ажиллах орчныг эрүүл, аюулгүй болгох, нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг нь дээшлүүлэх чиглэлээр тодорхой олон ажлуудыг хэрэгжүүлж үр дүнд хүрлээ.
2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгох зорилт дэвшүүлсэн нь байгууллагын хүний нөөцийн стратегийг шинэ шатанд гаргах эхлэл болж, ажилтнуудын ур чадвар, бүтээмж, сэтгэл ханамж, тогтвор суурьшил, байгууллагын соёлыг дээшлүүлэхэд чухал үр дүн үзүүллээ.
“УБТЗ” ХНН 2026 оныг “Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх жил” болгох зорилт дэвшүүлсэн нь нийгэмлэгийн хөгжилд том ахиц өөрчлөлтийг авчрах болно.
Улс орныхоо хөгжлийг нуруун дээрээ тээж явдаг 16 мянган төмөр замчид Та бүхэндээ шинэ ондоо амжилт, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Ган зам зурайж галт тэрэг хурдан байг.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга .................Х.ХЭРЛЭН
