Монгол Улсын Хөдөлмөрийн баатрын эрхэм алдраар овоглосон ахмадууд болон төмөр замчид та бүхэндээ морилон ирж буй модон могой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Улиран өнгөрч байгаа луу жил УБТЗ-ын хамт олонд буян хишгээ хайрласан буянтай жил байлаа. Манай төмөр замчдын хувьд луу жилд түүхэн тэмдэглэлт ой тохиосон төдийгүй хөдөлмөр бүтээлийн бахдам амжилтаар дүүрэн байв. УБТЗ-ын хамт олон 75 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж, нийгэмлэгийн улс орныхоо хөгжилд оруулсан хувь нэмрийг төр засаг өндрөөр үнэлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан бахархам сайхан үйл явдал тохиолоо.
Манай төмөр замчид 33.4 сая тонн ачаа тээвэрлэж, 24.2 сая тонн ачаа ачсан шинэ дээд амжилтуудаар могой жилээ угтаж байна. Мөн нийгэмлэгийнхээ дүрмийн санг 167.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсний үр дүнд гол замын таван шинэ зүтгүүрээр хөдлөх бүрэлдэхүүний паркаа нэмэгдүүлсэн. Үүнээс гадна нийгэмлэгийн тээврийн тарифыг индексжүүлэх ажлыг эрчимтэй үргэлжлүүлэн хийлээ. Ялангуяа, 30 гаруй жил алдагдалтай явж ирсэн манай нийт тээврийн гуравны нэг хувийг эзэлдэг орон нутгийн харилцааны нүүрсний тээвэрлэлтийг алдагдалгүй болгож чадлаа. Тээврийн тарифыг индексжүүлж, нийгэмлэгийн санхүүгийн алдагдлыг эрс бууруулж чадсаны үр дүнд тээврийн орлого нэмэгдэж, техник, технологийн шинэчлэл хийх, төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх боломж дээшилж байна.
Ийнхүү УБТЗ-ынхан олон сайхан бахдам амжилтаар буурал жилээ үдэж, буянтай жилээ угтаж байна. 2025 оныг бид “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгох зорилт дэвшүүлсэн.
Энэхүү зорилтоо амжилттай хэрэгжүүлснээр, нийгэмлэгийн тогтвортой хөгжлийн үндэс суурь болох хүний нөөцийн тулгамдсан асуудлуудыг шийдэх талаар том ахиц дэвшилд хүрч, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, мэргэжлийн мэдлэг ур чадвартай хүний нөөц улам нэмэгдэх болно.
УБТЗ-ынхаа бахархам түүхийг бүтээж, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байдаг ахмадууддаа болон нийт төмөр замчдадаа элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөе.
Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Х.ХЭРЛЭН