Нүүр УБТЗ ХНН Замын дарга сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
УБТЗ ХНН

Замын дарга сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

G.Press 3 сарын өмнө 116 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

 

Морилон ирж байгаа XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн мэндийг улс орны хөгжил, УБТЗ-ынхаа төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулсан ахмад настан, төмөр замчид та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Улиран өнгөрч байгаа модон могой жил бол дэлхийн улс төр, эдийн засаг тогтворгүй, уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, зах зээлийн үнэ ханш буурсан хүндхэн жил байсан ч Замын удирдлага хүндрэлийн эсрэг хариу арга хэмжээ шуурхай авч, төмөр замчид маань шаргуу ажилласны үр дүнд  33.7 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоолоо. Мөн Ази-Европын хооронд дамжин өнгөрөх чингэлгийн 3850 галт тэргийг аялуулсан нь өмнөх оноосоо 706 галт тэргээр илүү байна.

Тэрчлэн, нийгэмлэгийн тээврийн орлого өмнөх оноосоо 16.5 хувиар давж биеллээ. Энэ нь тээврийн тарифын индексжүүлэлтийг амжилттай хэрэгжүүлж буйн үр дүн юм. Ингэснээр тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа өсгөх, дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний чанараа сайжруулах, төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх санхүүгийн боломж улам дээшилж, дээрх чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүллээ.

Олон-Овоо-Айраг өртөө хоорондын замд 34.6 км зам шинэчилж, гол замынхаа нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүллээ. Мөн Багахангай өртөөний замыг сунгаж, зургаан суман шилжүүлэг тавьснаас гадна Улаанбаатар-1 өртөөний суман шилжүүлгүүдийг Р65 төмөр бетон ялуутай болголоо.

Мөн сэлгээний хоёр шинэ зүтгүүр худалдан авч хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчилж, зүтгүүрийн хөдөлгүүрийн цахилгаан эд ангийн засварын цехийн барилгыг барьж, гадагшаа урсаж байсан олон тэрбум төгрөгийг дотооддоо шингээх боломж бүрдлээ. 2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, уг зорилтын хүрээнд төмөр замчдынхаа нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангахад онцгой анхаарч ажиллав.

16 мянган төмөр замчныхаа үндсэн цалинг 10 хувиар нэмж, сарын ажлын үр дүнгийн шагналын таван хувийг үндсэн цалинд шилжүүлснээр ажилтнуудын дундаж цалин 12.3 хувиар нэмэгдлээ. Мөн 2025 оны жилийн ажлын үр дүнгээр олгох шагналт цалинг нь 200 хувиар тооцож олголоо.

Үүнээс гадна говийн бүсэд ажиллаж байгаа 4246 ажилтанд 5 тэрбум 215 сая төгрөгийн говийн нэмэгдэл, 1900 замчинд 6 тэрбум 605 сая төгрөгийн зам арчлалтын нэмэгдэл, хүүхдээ асрах чөлөө авсан 2622 төмөр замчин ээжид 1 тэрбум 423 сая төгрөгийн тэтгэмж, зээлээр орон сууц анх удаа худалдан авсан 70 ажилтанд тус бүр зургаан сая төгрөгийн дэмжлэгийг тус тус олголоо. Мөн “УБТЗ-д тогтвор суурьшилтай ажилласны төлөө” шагналаар 2340 ажилтныг шагнаж, 5 тэрбум 224 сая төгрөг олгосон байна.

Төмөр замчдаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Замын-Үүд, Сайншанд, Багахангайд баригдаж байгаа ипотекийн орон сууцанд төмөр замчдаа төлбөрийн нэн таатай нөхцөлөөр хамруулах ажлыг зохион байгууллаа.

Нийгэмлэгийн 16 мянга шахам ажилтны 39.6 хувийг эзэлдэг эмэгтэй ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих зорилгоор эмчилгээ үйлчилгээний сувиллыг байгууллаа. Мөн төмөр замчдынхаа хүүхдүүдийн сурч хүмүүжих боломж, орчин нөхцөлийг сайжруулахын тулд 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтад орууллаа.

Ийнхүү УБТЗ-ын хамт олон модон могой жил дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлж, улс орныхоо хөгжилд урьдын адил жинтэй хувь нэмрээ оруулсаар байна.

УБТЗ-ын хамт олон гал морин жилд дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлж, олон бахдам амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм дээд алдраар овоглосон 16 мянган төмөр замчид та бүхэндээ гал морин жилдээ аргамаг хүлэг шигээ хийморьтой, амжилт бүтээл дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин жаргалтай сар шинэдээ сайхан шинэлээрэй.

                             

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар

                            УБТЗ ХНН-ийн дарга                 Х.ХЭРЛЭН                            

 

 

        

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.