Улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж, залуу халуун насныхаа эрч хүч эрдэм чадлыг гайхуулж явсан, бахархам гавьяатай ахмадууддаа Олон улсын ахмадын өдрийн мэнд дэвшүүлье.
“УБТЗ” ХНН-ийн бахархам түүхийг урсах хөлс, уйгагүй хөдөлмөр зүтгэлээрээ бүтээж, ахмад үеийнхний алдар гавьяаг арилшгүй алтан үсгээр мөнхөлсөн ахмадуудаараа нийт төмөр замчид бид бахархаж, гүнээ хүндэтгэж байдаг билээ.
Улс орныхоо хөгжилд “УБТЗ” ХНН-ийн оруулсан хувь нэмрийг төр, засаг өндөр үнэлж “Монгол Улсын хөдөлмөрийн баатар” хэмээх эрхэм хүндтэй алдар цолыг олгоход ахмадууд Та бүхний минь хөдөлмөр зүтгэл асар их үүрэг гүйцэтгэсэн юм.
“УБТЗ” ХНН-ийн ажилсаг бүтээлч хамт олны дундаас 15 хөдөлмөрийн баатар, 60 гаруй гавьяат төрөн гарсан нь ахмадууд маань Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд ямар чухал үүрэг гүйцэтгэснийг илэрхийлж байна.
Залуу сайхан насныхаа эрч хүч, эрдэм чадлаа “УБТЗ” ХНН-дээ харамгүй зориулсан ахмадууддаа анхаарал халамж тавих нь Замын удирдлагын үүрэг, нэр төрийн хэрэг юм.
Замын захиргааны зүгээс ахмадын байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжих зорилгоор жил бүр ахмадын байгууллагадаа шаардлагатай санхүүжилтийг олгож ирсэн бөгөөд цаашид ч ахмадын байгууллагаа дэмжиж ажиллах болно.
“УБТЗ” ХНН-ийн 8882 ахмад төмөр замчдыг эгнээндээ нэгтгэсэн тус нийгэмлэгийн ахмадын байгууллага нь бүх талаараа манай улсын үлгэр жишээ шилдэг ахмадын байгууллага болтлоо хөгжиж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
“УБТЗ” ХНН-ийн ахмадын байгууллага нь бүтэц зохион байгуулалтын хувьд бэхжиж, үйл ажиллагаа нь тогтворжиж, ахмадуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд тавих анхаарал халамжаа сайжруулахад анхаарч ажиллахын зэрэгцээ нийгэмлэгийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын төлөө Замын удирдлага болон залуучуудын байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж байдаг юм. Замын удирдлага ахмад залуу үеийнхний залгамж холбоог бэхжүүлэхэд цаашдаа ч анхаарч ажиллах болно.
Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан нийт ахмадууддаа урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөе.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.ХЭРЛЭН
