Нүүр Спорт Замын аварга шалгаруулах 30 дахь удаагийн шагайн харвааны тэмцээн боллоо
Спорт

Замын аварга шалгаруулах 30 дахь удаагийн шагайн харвааны тэмцээн боллоо

G.Press 1 жилийн өмнө 121 үзэлт 0 сэтгэгдэл

 

          

УБТЗ-ын аварга шалгаруулах 30 дахь удаагийн шагайн харвааны тэмцээн дөрөвдүгээр сарын 19-20 өдрүүдэд Хүүхдийн секторын харьяа сурагчдын дотуур байрны зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд алба, аж ахуйн нэгжийн 22 багийн 160 гаран харваачид оролцсон байна. УБТЗ-ын аварга шалгаруулах энэ удаагийн шагайн харвааны тэмцээнд Монгол Улсын Дархан мэргэн 6, Гарамгай мэргэн 4, Улсын мэргэн 3 оролцсон нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болголоо. Мөн Д.Цэгмид, Л.Нанжинбаатар, С.Буян-Өлзий тэргүүтэй ахмад харваачдын баг шигшээ 12 багт шалгарсан нь ахмад харваачдын амжилт саараагүй цэц мэргэн байгааг харуулав.

УБТЗ-ын аварга шалгаруулах тэмцээнд Вагоны аж ахуйн албаны Вагон ашиглалтын депогийн баг түрүүлж, Зорчигч тээврийн албаны Зорчигчийн вагон депогийн баг удаах байрт, Замын аж ахуйн албаны Хөтөлийн төмөр бетон дэрний үйлдвэрийн баг гутгаар байрыг тус тус эзлэв. Мөн Чойр зангилааны баг тамирчид IV байр эзэллээ. Энэхүү тэмцээн нь шагайн харваа төмөр замчдын хүсэн хүлээж шимтэн үздэг наадам болсныг харуулав.

Уг тэмцээнийг Замын удирдлагын дэмжлэгээр “Замчин” спорт хороо, Хүүхдийн сектор хамтран зохион байгуулсан байна.

Замын удирдлага үндэстний дархлааны нэг ЮНЕСКО-гийн дэлхийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн шагайн харвааны спортыг үргэлж дэмжиж байдагт УБТЗ-ын Шагайн харвааны товчоо талархал илэрхийлэв.

УБТЗ-ын харваачдын оноо нь мэргэн, хараа нь хурц, уухай нь цээлхэн байгааг энэ удаагийн тэмцээн харуулав.

Ташрамд дурдахад Вагоны аж ахуйн албаны дарга Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Л. Болд тэргүүтэй төмөр замын шагайн харвааны товчооны баг харваачид 2000 оноос хойш  үндэсний их баяр наадмын шагайн харваанд 2007, 2008, 2009, 2019 онд түрүү, 2006, 2011, 2015, 2018 онуудад үзүүр, 2013, 2020 онд гутгаар байрыг эзэлж байсан юм.

УБТЗ-ын шагайн харваачдаас. Монгол Улсын Гавьяат тамирчин, Даяар дуурсагдах мэргэн, спортын мастер Б.Шинэнбаяр, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн спортын мастер Л.Болд, Ш.Буян-Өлзий, А.Амарбаяр, Т.Гансүх, Б.Ууганбаатар, Т.Очирбаатар зэрэг шилдэг харваачид төрөн гарчээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.