Нэгэн зорчигч байсхийгээд л вагоны дундуур алхаж, ямар нэг юм хайгаад байх шиг холхино. Ажигласны эцэст би түүнийг хулгайч байх хэмээн таамаглав.
Наталья Сергеевна 23 жилийн турш галт тэрэгний үйлчлэгчээр ажиллажээ. Энэ хугацаанд тэрбээр зорчигчдоо анхны харцаар л таньдаг туршлагатай болжээ. Хэн нь шөнөжин шуугиулж, хэн нь илүү хөнжил гуйх, хэн нь хөршөө муулахыг бараг хараад л мэдэрдэг байлаа. Түүний зөн совин ер нь л ховорхон л алдана шүү.
Москва–Эрхүү чиглэлийн галт тэрэг цагтаа хөдөллөө. Наталья тасалбараа шалгаж, бүх вагоноо тойрч, орны цагаан хэрэглэлээ тараав. Бүхий л зүйл ердийнхөөрөө үргэлжилж байлаа. Гэтэл шөнө дундаас хойш нэгэн хачирхалтай зүйлийг анзаарлаа. Тавдугаар купенд сууж явсан дөч орчим насны хар хүрэм, жижиг үүргэвчтэй эр купенээсээ гарч ирээд вагоны нэг захаас нөгөө зах хүртэл удаанаар алхаад байлаа. Цонхны дэргэд хэсэг зогссоноо буцлаа.
Наталья эхэндээ түүнийг зүгээр л нойр нь хүрэхгүй яваа хүн байх гэж бодлоо. Гэвч цагийн дараа тэрбээр дахин гарч ирэв. Дахиад л вагоноор дундуур алхаж, бүүр хагас онгорхой купе бүр рүү өнгийн харж байв.
Ингээд Наталья сэрэмжилж эхэллээ. Өглөөний гурван цагийн үед сайхь эр гурав дахь удаагаа гарч ирэхэд Наталья бүр ч ихээр сэжиглэв. Тэрбээр удаанаар алхаж, унтаж буй хүмүүсийн царайг ажиглан, хаалганы дээрх суудлын дугаарыг шалгаж байлаа.
"Хулгайч байна..." гэж Наталья бат нот итгэлээ. Иймэрхүү хулгайч нарыг өмнө нь ч харж байсан. Хэний гар утас ширээн дээр байгааг, хэний цүнх түгжээгүйг ажиглаж, бүгдийг унтахыг хүлээдэг хүмүүс.
Тэр өрөөнийхөө дэргэд мөнөөх эрийг зогсоогоод, -Та ямар нэг юм хайж байгаа юм уу? хэмээн асуулаа. Залуу цочин эргэж харав.
-Үгүй ээ... Зүгээр л алхаж байна.
-Шөнөжингөө юу, гурав дахь удаагаа юу даа?
Залуу хэсэг дуугүй болж, харцаа буруулаад, - Нойр хүрэхгүй байна гэв.
Наталья түүнийг анхааралтай ажиглав. Тайван харагдах хэдий ч нүд нь тогтож өгөхгүй байлаа. Согтуу биш, түрэмгий ч биш. Гэхдээ ямар нэгэн зүйлийг нуугаад байгаа нь илт байв.
-Та өрөө рүүгээ буцаад ороорой. Вагон дотуур битгий дэмий сэлгүүцээд бай. Хэрэв хэрэгтэй зүйл байвал надад хэлээрэй хэмээн Наталья түүнд анхааруулав. Эрэгтэй толгой дохин буцав.
Наталья унталгүй хөрш вагоны үйлчлэгч Ирина руу залгалаа.
-Ира, танайд бүх зүйл тайван уу?
- Тайван. Яасан бэ?
-Манайд нэг сэжигтэй хүн байна. Вагоноор эргэлдээд, хүмүүсийг ажиглаад л байх юм. Хэрэв танай вагонд орвол шууд над руу залгаарай.
- За ойлголоо.
Натальягийн нойр хүрсэнгүй. Хоёрдугаар купед явсан настай хос, долдугаар купед байсан бага насны хүүхэдтэй ээж, аравдугаар купед суусан оюутнууд... Хэн нь хохирогч болж мэднэ хэмээн болгоомжлон бодсоор байлаа.
Өглөө нь өнөөх эр тамхи татан вагон хоорондох тавцан дээр зогсож байв.
Наталья - Та үнэнээ хэлэхгүй бол би галт тэрэгний даргыг дуудна шүү.
Эрэгтэй тамхиа унтраагаад эргэж харав. -Уучлаарай, би хэнийг ч айлгаж, юуг ч хулгайлах гээгүй.
-Тэгвэл юу хайгаад байгаа юм? Залуу эр хэсэг дуугүй байснаа намуухнаар,
- Би нэгэн хүнийг хайж байгаа юм.
- Хэнийг тэр вэ?
-Вера Ивановна гэдэг настай эмэгтэйг. Гэвч би зөвхөн нэрийг нь л мэднэ. Бас тэр жил бүрийн аравдугаар сарын сүүлээр Москва–Эрхүү чиглэлээр явдаг байсан гэдгийг.
Наталья гайхаж хоцров.
- Юу?
Мөнөөх эр гүнзгий амьсгаа аваад, - Хорин таван жилийн өмнө би асрамжийн газрын хүүхэд байсан. Эрхүүд байдаг авга ах дээрээ очиж техникумд сурахыг мөрөөддөг байлаа. Гэвч тасалбар авах мөнгөгүй учраас нууцаар энэ галт тэргэнд суусан юм. Явж байтал, цагдаа намайг бариад буулгах гэж байхад нэгэн эмэгтэй миний миний өмнөөс тасалбарын мөнгийг нь төлсөн юм.
Тэр эмэгтэй "-Хүү минь, сайн сураарай. Том болоод чи ч бас хэн нэгэнд туслаарай" гэсэн
Наталья юу ч хэлж чадсангүй.
-Би овгийг нь мэддэггүй. Зөвхөн нэрийг нь, царайг нь, бас охин дээрээ Эрхүү рүү явдаг гэж ярьсныг нь л санаж байна хэмээлээ. Залуу халааснаасаа хуучирч үрчийсэн хар цагаан зураг гарган ирэв.
-Энэ юм уу?
-Үгүй ээ. Энэ бол миний ээж байгаа юм. Намайг таван настай байхад нас барсан. Вера Ивановна ээжтэй минь яагаад ч юм адилхан байсан болохоор би мартаж чадаагүй.
Наталья түүний хоолойноос худал хуурмаг зүйл огт олж сонссонгүй.
- Та жил бүр хайдаг юм уу?
- Өнгөрсөн жил анх удаа хайхаар оролдсон. Гэхдээ олоогүй ээ. Магадгүй өдрөө андуурсан байх гэж бодоод энэ жил дахин энд яваа юм. Уучлаарай. Би үнэхээр юуг ч хулгайлах гээгүй шүү. Зүгээр л тэр эгчийг олоод "баярлалаа" гэж л хэлэхийг хүссэн.
Тэр мөчид Наталья өөрөөсөө ихэд ичив. Тэр мэдээж хулгайч биш байлаа. Амьдралыг нь өөрчилсөн хүнд талархлаа л илэрхийлэхийг хүссэн нэгэн байжээ.
- Таныг хэн гэдэг вэ?
- Олег.
- Олег, би тэр эмэгтэйг манай вагонд байгаа эсэхийг мэдэхгүй. Гэхдээ чамайг хүсвэл зорчигчдоос сураглаж үзье.
-Танд маш их баярлалаа.
Наталья түүнд цай уухыг санал болгож, зорчигчидтой ярилцсаар явлаа.
Зургадугаар купенд дал орчим насны болов уу, буурал үсээ хойшоо боосон туранхай эмэгтэй сууж байв.
-Та цай уух уу?
- Үгүй ээ, охин минь, баярлалаа.
-Хаашаа явж байна. Хол явах уу?
-Эрхүү орно оо. Охин дээрээ очно.
-Та байнга явдаг уу?
- Жил бүрийн өдийд, аравдугаар сарын сүүлээр явдаг юм. Хорин найман жил явж байна даа.
Натальягийн зүрх хүчтэй цохилов.
- Таныг хэн гэдэг вэ?
- Вера Ивановна.
Тэр гүнзгий амьсгаа аваад асуулаа. -Та хорин таван жилийн өмнө нэг хүүд тасалбар авч өгч байснаа санаж байна уу?
Эмэгтэй хэсэг бодсоны дараа инээмсэглээд, - Санаж байна аа. Байдгаараа айчихсан, туранхай жаал байсан. Тасалбаргүй явж байхад нь би тасалбар авч өгсөн юм.
- Тэр таныг хайсаар өнөөдөр олжээ.
- Юу?
- Тэр одоо энэ суудлаар явж байгаа. Таныг хайгаад л.
Арваад минутын дараа Олег хаалган дээр зогсож байлаа.
- Энэ үнэхээр чи гэж үү? гэж Вера Ивановна аяархан асуулаа. Олег толгой дохив.
- Би таныг эртнээс олохыг хүсдэг байсан. Гэхдээ яаж гэдгээ мэдээгүй юм.
- Харин одоо олчихлоо шүү дээ. Тэрбээр Олегийг яг л төрсөн хүүгээ тэвэрч байгаа мэт халуун дотноор тэвэрлээ.
- Баярлалаа... гэж Олег шивнэв. Би техникумаа төгссөн. Дараа нь дээд сургуульд сурсан. Одоо инженерээр ажилладаг. Эхнэр авч хоёр хүүхэдтэй болсон. Энэ бүхэн таны л ач шүү дээ.
Вера Ивановна инээмсэглэн толгой сэгсэрлээ.
-Үгүй дээ, минийх биш. Чи өөрөө их хичээсэн байна.. Би зөвхөн чамд боломж олгосон. Харин чи тэр боломжоо л ашигласан.
Тэд бүтэн цаг гаруй ярилцав.
Наталья хаалганы цаанаас тэднийг харан зогсоод өөрөөсөө ичиж байлаа.
Олегийг вагоноос буухын өмнөхөн Наталья түүнээс уучлалт хүслээ.
- Би чамд хэтэрхий ширүүн хандсанд уучлаарай. Олег инээмсэглэв.
-Та зөв зүйл хийсэн. Та зорчигчдоо хамгаалах ёстой. Энэ бол таны ажил хэмээгээд гараа сунган, тусалсанд баярлалаа хэмээв. Наталья гарыг нь чанга атгав.
- Аз жаргал хүсье.
Орой нь Эрхүүд ойртох үед Вера Ивановна Натальяд дөхөж ирээд, - Түүнийг олж өгсөнд баярлалаа.
Наталья инээмсэглэн:
- Үгүй дээ, тэр өөрөө таныг олсон. Би зүгээр л тусалсан юм.
Эмэгтэй цүнхнээсээ жижигхэн цаасан уут гарган түүнд өгөв.
- Ав даа. Гэрийн боов. Замдаа идээрэй.
Наталья уутыг гартаа атгахад сэтгэл нь дулаацах шиг болов.
Боовноос биш... Харин энэ урт галт тэргэнд, танихгүй олон зуун хүний дунд ч гэсэн сайхан сэтгэл, хүнлэг зан оршсоор байдаг гэдгийг мэдэрсэндээ.
Тэр ажлынх нь утга учир зөвхөн тасалбар шалгах, дэг журам сахиулахаас гадна хүмүүсийг дахин уулзуулахад ч оршдог байжээ.
Галт тэрэг зогсов.
Зорчигчид цувран буусаар, Вера Ивановна ч вагоноос бууж түүн рүү эргэн гараараа даллав.
Наталья ч мөн инээмсэглэн хариу даллав.
Тэгээд тэр буцах чиглэлийнхээ бэлтгэлийг хийхээр вагон руугаа эргэн орлоо.
Орчуулсан Энхбор Дуулга
