Монголын үндэсний бөхийн холбоо, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас зохион байгуулдаг цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам” өнгөрсөн Баасан гарагт боллоо.
Тус барилдаанд МҮБХ-ны албан ёсны чансааны дагуу аймаг, цэргийн арслан цолтой 100 бөхөөр магнайлуулсан хүчит 256 бөх үнэнхүү хүчийг үзэн уран мэхийг уралдуулан барилдсанаас Х.Хэрлэн даргатай Монгол Улсын Хөдөлмөрийн баатар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Замын аж ахуйн албаны Замын III ангийн замчин Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлж, нийгэмлэгийнхээ нэр алдрыг цууриатуулж, энэ өдөр тохиож байгаа түүхт 76 жилийн ойдоо бэлэг барилаа. Сүүлийн үед болсон барилдаануудад тэрээр Улсын арслан Б. Орхонбаяр зэрэг алдартай сайн бөхчүүдийг давж олны талархлыг хүлээгээд байгаа юм.
