Нүүр Дугаарын сурвалжилга Замчдын сургалтын төвд залуус сэтгэл өндөр байна
Дугаарын сурвалжилга

Замчдын сургалтын төвд залуус сэтгэл өндөр байна

G.Press 11 цагийн өмнө 16 үзэлт 0 сэтгэгдэл

УБТЗ-ын Замын аж ахуйн албаны харьяа Толгойт дахь Сургалтын төв цомхоон бүтэцтэй хэрнэ үр өгөөж арвин “айл” юм.

Тус төв энэ намар 24 дэх хичээлийн жилийн нээлтээ замчны мэргэжлийн чадамж олгох сургалтаар эхлүүлжээ. Төмөр замчдын эгнээнд дөнгөж хөл тавьж буй 20 гаруй залуус хичээлдээ шамдан суралцаж байна. Хотын төвөөс зайдуухан нам гүмхэн орчинд тохилог, дулаан, цэвэр цэмцгэр сургалтын болон дотуур байртай энэ төвд суралцагсад тун сэтгэгдэл өндөр байдаг гэнэ.  Дотуур байр тухтай, өдрийн гурван хоолтой, номын сантай, компьютер дээр тест бөглөх, гаднаа полигонтой гээд бааз суурь сайтай юм билээ. Хоёр жилийн өмнө сургалтын болон дотуур байрандаа их засвар хийлгэсэн тул байр сууц нь тун тохитой юм. Тус төвийн мастер багш Я.Ариунболдтой уулзаж, төвийн сургалтын үйл ажиллагаа, үүрэг зорилгыг сонирхлоо.

Түүний танилцуулснаар энэ төвд үндсэн хоёр чиглэлээр сургалт явагддаг аж. Нэгдүгээрт, замчдын мэргэжил дээшлүүлэх сургалт. Энэ нь дотроо замчин, дохиочин, сум цэвэрлэгч, гармын жижүүр, тор засагч, замын машин механизмын механик, туслахуудын, мөн сэв шалгагч нарын, гүүр хоолойн ажилтнуудын, бригадын дарга бэлтгэх зэрэг олон төрлөөр явагддаг аж. Ийм төрлийн сургалт ажлын 10-15 хоногийн хөтөлбөртэй байдаг аж. 2025 оноос Замын Удирдлагын асуудал хариуцсан орлогч даргын өгсөн үүргийн дагуу тус төв замчны мэргэжлийн чадамжийн гэрчилгээ олгох сургалтыг зохион байгуулах тусгай зөвшөөрлийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Боловсролын яамнаас авч чадамж олгох сургалтыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс зохион байгуулж эхэлжээ. Түүнээс хойш Замын ангиудаас нийт 260 орчим хүнийг сургалтад хамруулж, чадамжийн гэрчилгээ олгоод байгаа аж.

Энэ нь сүүлийн жилүүдэд төмөр замд ажиллах хүний нөөцийн хомсдолтой байгаа үед “нүдээ олсон” шийдэл байна.  Замын ангиуд замчнаар ажиллах хүсэлтэй мэргэжилгүй хүмүүсийг ажилд авч тус төвд сургалтад хамруулж авдаг болсон байна. Мэргэжлийн чадамж олгох 45 хоногийн сургалт нь танхимын болон практик дадлага хосолсон байдлаар явдаг. Суралцагсад танхимын 15 хоногийн сургалтаар онолын мэдлэг олж авч, 30 хоног нь практик дадлага хийсний дараа Боловсролын яамнаас томилогдсон комисст шалгалтаа өгч, мэргэжлийн гэрчилгээ авдаг юм байна.  Төвийн сургалтын хөтөлбөрийг УБТЗ-ын Замын аж ахуйн албанаас баталдаг бөгөөд мэргэжлийн хичээлүүдээс гадна, ХАБЭА, харилцаа хандлагын хичээл заадаг аж. Мөн суралцагч нарт зам хэмжигч вагон, сэв шалгагч вагон, Улаанбаатар өртөөний довын үйл ажиллагаатай танилцуулах, УБТЗ-ын Түүхийн музей үзүүлэх, чөлөөт цагаар нь бусад үзвэр үйлчилгээ үзүүлдэг зэрэг үйл ажиллагааг хөтөлбөрт нь багтаасан гэлээ.  Сургалтын төлөвлөгөөг нь Замын аж ахуйн албанаас баталж, түүний дагуу сургалтаа зохион байгуулдаг гэв. Жилд 250-260 хүнд сургалт явуулах төлөвлөгөөтэй.

Замын ангиуд ч замчдаа 2-3 жилийн давтамжтай мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж мэдлэг чадварыг нь ахиулж, зэргийг нь нэмэх бодлогыг барьдаг байна. Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж буй замчдын хувьд энэ төвд суралцах хугацаандаа үндсэн цалингаа авч суралцаад, төгсөхдөө зэрэг ахиулах шалгалтаа өгөөд буцдаг байна. Замчид энэ төвд суралцснаар зэргээ ахиулж, цаашлаад цалин хөлс ч нэмэгддэг тул энэ төвд суралцах тун дуртай байдаг гэнэ.

Мэргэжлийн хичээлийг мастер багш Я.Ариунболд, цагийн багш М.Наранхүү нар заадаг бол арга зүйч Б.Дэлгэрмөрөн зохион байгуулалтын ажлуудыг хариуцаж, тогооч О.Цэнд-Аюуш өдрийн гурван удаагийн халуун хоол цайгаар үйлчилж байна. Мөн шаардлагатай үед Замын аж ахуйн алба ИТА-чдыг сургалтын үйл ажиллагаанд татан оролцуулдаг юм байна. Сургалтын танхим, номын сан, компьютерын танхим, замчдыг практикаар дадлагажуулах сургалтын полигон, стендүүд, программ хангамж болон лекц, хичээлийн тестүүд, видео хичээл зэргийг ашиглан сургалтыг явуулж байна.

Мэргэжил дээшлүүлэх сургалтын төлбөрийг Замын ангиуд сургалтын зардлаасаа гаргадаг бол мэргэжлийн чадамж олгох сургалтын төлбөрийг 50 хувийг байгууллага нь, 50 хувийг нь суралцагч өөрөөсөө гаргах журмаар явдаг аж. Зарим тохиолдолд байгууллага нь 100 хувьд даах тохиолдол ч байдаг гэлээ.

Цагийн багш М.Наранхүү замчны мэргэжил эзэмшихээр шамдаж буй шавь нартаа хичээлээ заахынх нь хажуугаар цөөн асуултад минь дараах хариултыг өглөө.

-Би 2022 оны гуравдугаар сараас хойш цагийн багшаар ажиллаж байна. Өмнө нь Замын II ангид 36 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Тэгээд 2013-2015 онд МСҮТ-д хоёр анги төгсгөөд 2022 оноос энд багшилж байна. Энэ төвийн сургалтын зорилго нь замчдын мэдлэгийг дээшлүүлэх, УБТЗ-д мэдлэгтэй замчин бэлтгэх юм. Замчны мэргэжил, технологийн дагуу хэрхэн ажиллах вэ гэдгийг л шавь нартаа зааж байна. Мөн замчин, сумчин, дохиочин, ахлах замчны мэргэжил дээшлүүлэх сургалтууд ар араасаа явж байна. Сургалтын төв замчдад их өгөөжтэй. Замын аж ахуйн албанаас замчдынхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэх, зэргийг нь ахиулах, цаашлаад тогтвор суурьшилтай ажиллахад нь ихээхэн анхаарч хөрөнгө мөнгө зарцуулж энэ сургалтын төвийг ажиллуулж байдагт би хувьдаа их талархалтай явдаг. Энд ирсэн хүмүүст дутагдах зүйл байхгүй. Гадаах полигон дээр бүх төрлийн дохио, гарам байна. Программын дагуу бүхий л хичээл байна. Номын сан, компьютерын өрөө байна. Шугам замаас ирээд дотуур байрандаа байрлаад өдрийн гурван хоолтой суралцах бүх боломж хангагдсан.  Замын хэсэг, ангиас нь замчдыг сургалтад явуулахад Замын албанаас бүх боломж нөхцөлөөр нь хангаж байна. Энд сураад мэргэжлийн зэргээ ахиулахад цалин хөлс нь нэмэгдэнэ. Тэгэхээр замчид маань дуртайяа суралцаж, технологийн алдаа гаргахгүй ажиллах ур чадвараа дээшлүүлж авч байгаа юм. Сургалт бол маш үр өгөөжтэй.

-Та ямар хичээлүүд заадаг вэ?

-Би замын урсгал арчилгаа, зам дээр ажиллах технологи, зам дээр ажил гүйцэтгэхдээ ямар хорио хамгаалалт тавих вэ, галт тэрэг өнгөрүүлэхдээ хаана гарч зогсох вэ гэх мэт замчдын мэдэх ёстой бүх зүйлийг зааж байна.

-Та шавь нартаа хандаж юу хэлэх вэ?

-Одоогийн замчид азтай. Энэ сургалтын төвийг Замын аж ахуйн алба 20 гаруй жил аваад явж байна гэдэг нь замчдынхаа ахуй амьдралд хэр анхаарал хандуулж байгаагийн нэг илрэл. Энд сурахад бүх зүйл бэлэн. Тиймээс замчид маань өөрийнхөө төлөө мэрийж сурахаас яах билээ. Ташрамд хэлэхэд, би өөрөө замчнаас ажлын гараагаа эхэлж, бригадын дарга, мастераар Толгойтын хоёр хэсэг дээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Намайг голохгүй урьж багшлуулж байгаад талархаад би ч шавь нартаа өөрийнхөө чаддаг мэддэг, бүх л юмыг зааж сургахыг мэрийж байна даа /инээв/.

 Тус сургалтын төвд сурч буй залуусын заримаас нь сэтгэгдлийг нь сонслоо.

О.Өгөөмөрзаяа: 

-Би Замын II ангийн нэгдүгээр хэсэг буюу Шатан зөрлөгт ажиллахаар хуваарилагдсан. Манай гэр Түнхэлд байдаг. Гэр бүлийнхэн маань ер нь төмөр замчид. Тиймээс замчин болохоор шийдсэн. Шатанд сар ажиллаад замчны II зэргийн шалгалтаа өгчихөөд одоо энэ төвд ирээд сурч байна. Сурах бүх бололцоо бүрдсэнд сэтгэгдэл маш өндөр байна. Энд ирээд олон найзтай боллоо. Сурч мэдэх зүйл их байна. Замын II ангиас 14-үүлээ сурч байгаа. Өдөр нь бид хичээлдээ суугаад орой нь чөлөөт цагаараа шатар даам тоглох, ном унших, сагс тоглох зэргээр цагийг хөгжилтэй өнгөрөөдөг.

Г.Бадамсүрэн: Би Замын III ангийн гуравдугаар хэсэг Лүн зөрлөгөөс ирсэн.  Замчнаар ажилд орж, гурван сар ажиллаад одоо замчны мэргэжлийн үнэмлэхтэй болохоор суралцаж байна. Сургалтын төвийн дотуур байр нь тохилог, хоол унд нь амт чанар сайтай, сурахад таатай байна. Манай ангид надтай нийлээд дөрвөн эмэгтэй, бусад нь эрчүүд байгаа.

-Г.Ган-Эрдэнэ:

-Замын I ангийн 14 дүгээр хэсгээс ирсэн. Манай ангиас нийт таван хүн сургалтад сууж байгаа. Би Замын нэгдүгээр ангид ажилд ороод таван сар замчнаар ажиллаад энд сурч байна. Хоёрдугаар зэрэгтэй ажиллаж байсан. Сургалтаа дуусгаад шалгалтаад өгч III зэрэгтэй болно. Сургалтын төв маань тохилог, багш нар маань хичээлээ маш ойлгомжтой заадаг. Өмнө нь хэдэн сар ажилласан болохоор суралцахад их дөхөмтэй байна.

Төмөр замчдын эгнээнд дөнгөж хөл тавьж буй энэ залуус урам зоригтой суралцаж, чөлөөт цагаараа шатар даам, сагс тоглох зэргээр үр бүтээлтэй өнгөрөөж байна. Тэдний ийнхүү итгэл төгс байгаа нь оюутан ахуй үеийг минь эрхгүй санагдуулав. Тун богинохон хугацаанд нэгэн анги хамт олон болж, хэдийнэ эвсэг нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлсэн нь тэдний харилцаа хандлагаас харагдаж байлаа. Гэгээхэн мөрөөдлөөр дүүрэн залуусын ирээдүй гэрэлтэй, хос мөнгөн зам нь ээлээ өгөх нь гарцаагүй ээ гэх бодол төрсөн юм.

Сургалтын төвийн мастер багш Я.Ариунболд намайг үүднээсээ үдэхдээ үйл ажиллагааг нь үргэлж дэмждэг Замын захиргаа, албаны удирдлагууд, хамтран ажилладаг Замын ангийнхандаа залуусынхаа өмнөөс талархлаа илэрхийллээ.

Намрын сэрүү унаж, модод шарлаж, намрын бороо ганц нэг хаялан хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам хаянд ирснийг илтгэх ч энэ төвийн хувьд төмөр замын ирээдүйг авч явах залуусын нүд нь гэрэлтэй, сэтгэл нь гэгээлэг байна. Цаанаа л нэг дулаахан мэдрэмж төрүүлсэн сурвалжилгаа энд хүргээд өндөрлөе. 

 

Б.Гүнжээ

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.