Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш УБТЗ-ын Захиран хуваарилах хэлтсийн 70 жилийн ойд зориулсан “Галт тэрэгний хөдөлгөөний зурмаг-төмөр замын тээврийн ажлын үндсийн үндэс” номынхоо нээлтийг өнөөдөр Удирдах газарт хийлээ. Номын нээлтэд УБТЗ-ын Замын орлогч нараас гадна алба, хэлтсийн дарга, орлогч, хөдөлгөөний диспетчерүүд, ТЗДС-ын эрдэмтэн багш нар оролцов. Энэхүү ном нь Р.Рашийн бичиж, нийтлүүлсэн зургаа дахь ном бөгөөд Техникийн бодлого, стандартчлалын албаны орлогч дарга Л.Энхболд редакторлон Замын Ерөнхий инженерийн орлогч А.Батболд хянажээ. Мөн тус номонд орсон зураг, бүдүүвчийг Тээвэр зохион байгуулалтын албаны Зурмагийн инженер Э.Булганбаяр үйлдсэн байна. Номын зохиогч Р.Раш нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Диспетчерийн хөдөлмөр бол хүнд бөгөөд хийморьтой ажил. Шөнийн ээлжинд гараад өглөө буухад бие ёстой мах болно. Ажил хийж байхад зурмагаас хөндийрөх бололцоогүй. Ариун цэврийн өрөө орохдоо хүртэл ахлах диспетчерээ өөрийн оронд гуйж суулгах жишээтэй. Хоолыг гуанзныхан тусгай халуун саванд хийж, арай л халбагадаж өгөхгүй. Ийм л хөдөлмөр” хэмээн диспетчерийн ажлын онцлогийг тодотгосон юм. Номын талаар сэтгэгдлээ хэлсэн УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных "Одоо ажил үүргээ гүйцэтгэж яваа хөдөлгөөнийхөн, диспетчер өртөөний жижүүрүүд, энэ мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад маш хэрэгтэй гарын авлага боллоо" хэмээн үнэлэв.