Энэ жил хийх 46 км замын их засварт 7.911.36 тонн Р-65 зам төмөр шаардлагатайгаас 3.955.68 тонн зам төмөр гэрээний дагуу нийлүүлсэн буюу нийлүүлэлт удааширчээ. Мөн 47 суман шилжүүлэг солихоос эхний ээлжийн 10 иж бүрдэл бүхий суман шилжүүлгийг хүлээж авсан байна. Тиймээс Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаныхан зам төмөр нийлүүлэлтэд өндөр анхаарал хандуулж ажиллахыг Замын даргын нэгдсэн хурлын үеэр Их барилга, хөрөнгө оруулалтын албаны дарга Б.Баярмагнай онцоллоо.
Түүнчлэн, Багахангайд баригдаж байгаа 40 айлын ипотекийн орон сууцны гүйцэтгэл 65 хувьтай, УБТЗ-аас 22 ажилтан захиалга өгсөн бол Сайншандад барьж буй 180 айлын ипотекийн орон сууцны А блокийн гүйцэтгэл 100 хувьтай, улсын комисс хүлээн авчээ. Харин Б блокийн гүйцэтгэл 80 хувьтай, ирэх сард ашиглалтад өгөх бол УБТЗ-ын 51 ажилтан захиалга өгснөөс 26 нь урьдчилгаагаа бүрэн төлсөн байна. Замын-Үүдэд барьж байгаа 108 айлын ипотекийн орон сууцны гүйцэтгэл А блок 86, Б блок 93.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг орон сууцыг энэ онд багтаан ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ. УБТЗ-аас 40 ажилтан захиалга өгснөөс 23 нь 30 хувиа бүрэн төлсөн байна.
