Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт сэтгүүлчидтэй “зангиагүй” уулзалт хийж, тэдний сонирхсон асуултад нь хариуллаа. Уулзалтад сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, И.Буянжаргал, УБТЗ ХНН-ийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд, Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга Н.Энхцогт, Тээвэр зохион байгуулалт хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн тэргүүтэй алба хэлтсийн дарга, удирдлагууд оролцлоо. Уулзалтын  үеэр сайд С.Бямбацогт “Зам, тээврийн салбарын үйлчилгээ хүрдэггүй, хүртдэггүй нэг ч хүн байхгүй. Тийм болохоор ил тод, нээлттэй, авлига, хүнд суртлаас ангид байх ёстой. Аюулгүй ажиллагаа, үйлчилгээний чанар хүртээмжийг нэгдүгээрт тавьж ажиллана. Тиймээс энэ 2023 оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил” болгож зарлалаа. Энэ хүрээндээ бид тулгуур таван зорилтоо тодорхойлсон” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Авто замын салбарт гэхэд замаа хугацаанд нь чанартай барьж, засвар арчлалтыг нь илүү сайжруулан, даац хэтрүүлдэг байдалтай хатуу тэмцэх зорилт тавьсан байна. Тухайлбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал, дөрвөн эгнээ замын ажлыг энэ онд бүрэн дуусгахаас гадна Дундговь-Өмнөговь, Хэнтий, Өвөрхангай-Баянхонгор чиглэлийн 107 км замд их засвар хийж, Ховд-Улаангом чиглэлийн 163, Алтай-Улиастай чиглэлийн 178 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлэх аж. Харин төмөр замын салбарт, “Төмөр замын тээврийн тухай хууль”-ийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулахаа дуулгав. Тэрбээр, “Шинэ төмөр замын төслүүд хэрэгжиж эхэлснээр үндэсний төмөр замын сүлжээний урт одоогоор 2.964.9 км болж 40 хувиар нэмэгдлээ. Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 876.4 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусаж, төмөр замаар хийх экспортын хоёр болон гурав дахь гарцтай болсон. Манай төмөр замчид Замын-Үүд-Эрээний боомтоор нэвтрэх ачаа, чингэлгийн тээврийн хэмжээг нэмэгдүүлсэн. Энэ жилээс бид Эрээн өртөөнд хоногт дунджаар 16 галт тэрэг хүлээлгэж өгнө. Мөн Зүүнбаян-Сайншанд өртөөг өргөтгөж, хоорондын замын 47 км-т их засвар хийнэ. Дээр нь, өнөө жил дөрвөн чиглэлийн нийт 1.399 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, Ханги, Гашуунсухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулна. Түүнчлэн, Шивээхүрэн-Сэхэ боомтын хил холболтын төмөр замын төсөл, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426.7 км төмөр замын төслийг эхлүүлэхээр болсон. Энэ мэтчилэн төмөр замын салбарт маш олон бүтээн байгуулалт өрнөнө. Хөдлөх бүрэлдэхүүний хувьд 20 зүтгүүр, 800 вагоноор нэмэгдүүлнэ” гэсэн юм. Мөн УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд вагон хуваарилалтыг нээлттэй ил тод болгож, цахим системд шилжүүлсэн, экспортын ачааны тарифыг 15-20 хувиар нэмэгдүүлсэн зэрэг  товч мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Тариф нэмснээр УБТЗ олон жил хуримтлагдсан алдагдлаа нөхөх, үйлчилгээгээ чанаржуулах, төмөр замчдынхаа цалинг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг сайжруулах боломж бүрдэж буйг онцолсон.

Ийнхүү сэтгүүлчидтэй хийсэн “зангиагүй” уулзалтаар зөвхөн авто зам, төмөр зам гэлгүй нисэхийн салбар, авто тээврийн үйлчилгээ зэрэг ЗТХ-ийн салбарын бүхий л мэдээллийг нээлттэй, ил тод ярилцсан юм.