УИХ-ын чуулганы өчигдрийн /2025.01.09/-ийн хуралдаанаар  “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Энэ төсөлд төмөр замын тээврийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байхаар зохицуулжээ. Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдах Төмөр замын газар нь өсөн нэмэгдсээр байгаа тээврийн хэрэгцээг хангах, төмөр замын суурь бүтцүүдийн галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулна. Одоо энэ үүргийг УБТЗ хэрэгжүүлдэг.

Нэгдсэн удирдлагаар хангах, төмөр замын салбарт мөрдөх дүрэм, журам, стандартыг боловсронгуй болгох, төмөр замын тээврийн үйлчилгээнд оролцогч олон өмчийн хэлбэрийн хуулийн этгээдийн зах зээлийн өрсөлдөөний тэгш байдлыг хангах үүрэгтэй.

Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Уг газрыг байгуулахдаа Зам, тээврийн сайдын 2025 оны төсөвт багтаан “Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын нэгдсэн төв” улсын үйлдвэрийн газрыг татан буулгаж, Зам, тээврийн яамнаас агентлагийн чиг үүргийг хэрэгжүүлдэг тодорхой тооны орон тоог шилжүүлнэ.