УБТЗ-ын 2025 оны төлөвлөгөөт зам шинэчлэлтийн ажил өнгөрсөн Даваа гарагт (VIII/25) амжилттай дууслаа. Зам засварын машинт станцын хамт олон 34.6 км зам засварын ажлаа өнгөрсөн тавдугаар сарын 12-нд эхэлж, нийт 18 удаагийн цонхоор Олон-Овоо-Цомог-Айраг Баганхангай өртөөний хооронд зам шинэчлэлтийн ажил хийжээ. Цонхны ажилд Зам засварын машинт станц 293 хүний бүрэлдэнхүүнтэй ажиллаж, мөн УБТЗ-ын зам, тээвэр, зүтгүүр, хөдөлгөөн, дохиолол холбоо, эрчим хүч зэрэг олон байгуулага хамт олон хамтран ажилласан байна. Их засвар хийснээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал сайжирч, тээх, нэвтрүүлэх чадвар дээшилж байгаа юм. Зам сум шинэчлэлтийн ажилд амжилттай ажилласан замчдадаа Замын удирдлагын зүгээс баяр хүргэж, урамшуулж шагнасан байна.
