Залуучуудын төв зөвлөлийн Удирдах зөвлөлийн хурлыг энэ сарын 1,2-нд Баянбуурал амралтын газар зохион байгуулж УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга бөгөөд Залуучуудын байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Ш.Нямсүрэн, Тээвэр зохион байгуулалтын албаны дарга бөгөөд Залуучуудын байгууллагын хүндэт зөвлөх М.Цогт нарын албаны хүмүүс оролцов. Мөн Залуучуудын зөвлөлийн тэргүүн Ц.Золбаатар нар тэргүүтэй 33 салбар зөвлөлийн тэргүүнүүд оролцов.  Хурлын эхний өдөр оролцогчид хувь хүний хөгжлийн сургалтад сууж, Залуучуудын төв зөвлөлийн 2022 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг сонслоо. Мөн 2023 онд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцаж, түүнтэй холбоотой санал хүсэлтээ хүргүүллээ. Ингээд хурлын төгсгөлд шилдэг салбар зөвлөл, гишүүдийг шалгаруулсан юм. 2022 оны шилдэг салбар зөвлөлөөр Ж.Нацагдорж тэргүүнтэй Улаанбаатар татах хэсгийн залуучуудын зөвлөл шалгарч, хоёр гишүүнээ хувь хүний хөгжлийн, хоёр гишүүнээ орос, англи хэлний сургалтад суух эрхийн бичиг мөн 500 мянган төгрөгөөр шагнуулсан юм. Харин Залуучуудын төв байгууллагын “Шилдэг ажилтан”-аар Сүхбаатар өртөөний залуучуудын салбар зөвлөлийн тэргүүн Б.Солонго, Улаанбаатар өртөөний техникч Ганхуяг нар шалгарч Эрхүүгийн Зам харилцааны их сургуульд 10 хувийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичиг, ирж очих галт тэрэгний тасалбараар шагнуулсан билээ. Түүнчлэн, хамтран ажиллагч “Юнител” групп залуусын дунд азын сугалаа зохион байгуулж, гарын бэлгээ гардууллаа. Хурлын хоёр дахь өдөр оролцогч залуус воллейбол, дартсын тэмцээнд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Ийнхүү Залуучуудын төв байгууллагын Удирдах зөвлөлийн хурал ажил хэрэгч бөгөөд спортлог хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.Дараагийн хурал ирэх есдүгээр сард зохион байгуулагдана.