ОХУ-ын Москва хотноо  “Оросын төмөр замууд” НХН-ийн зохион байгуулсан “Залуучуудын XV чуулга уулзалт”-д УБТЗ-ыг төлөөлөн  Тээврийн хяналтын албаны хяналтын байцаагч Б.Азжаргал, Г.Мөнгөнхуяг, Замын даргын туслах-нарийн бичгийн дарга М.Энхманлай, Эрчим хүч, ус хангамжийн I ангийн инженер О.Ариунбилэг, Дохиолол холбооны I ангийн Эрдэнэт холбооны инженер Б.Бадамхатан нар оролцлоо. Тус чуулган өнгөрөгч есдүгээр сарын 17-24-ны хооронд зургаан өдрийн турш үргэлжилсэн бөгөөд Монгол, Беларусь, Казахстан, Узбекстан, Куба, Армени, Абхаз, БНХАУ, Киргизстан  зэрэг ` улсыг төлөөлөн 48 хүн оролцсон байна. Харин зохион байгуулагч тал буюу ОХУ-аас 1000 гаруй залуу оролцож, салбарынхаа хэтийн хөгжилд залуу төмөр замчдын гүйцэтгэх үүрэг оролцооны талаар зөвлөлдсөн байна.  Энэ талаарх мэдээллийг тус чуулганд оролцоод ирсэн залуусын тайлан мэдээнээс тоймлон хүргэе.

 

РЖД-ийн удирдлагуудын товч танилцуулга

 

Чуулганы эхний өдөр гадаадын орноос хүрэлцэн очсон залуус Корпартивный университет”-д чуулан өөрсдийн ажилладаг байгууллагынхаа талаар товч танилцуулга хийжээ. Энэ хүрээнд УБТЗ-ыг төлөөлж очсон залуус байгууллагаа сурталчилан танилцуулахын зэрэгцээ Оросын төмөр замууд нээлттэй хувьцаат нийгэмлэгийн телевизэд Монголын төмөр замчин залуусын хийж хэрэгжүүлж байгаа ажил, тэдэнд чиглэсэн төрийн болоод байгууллагын бодлогын талаар ярилцлага өгсөн байна. Харин хоёр дахь өдөр нь буюу есдүгээр сарын 18-нд Москва хотоос 70 км-ийн зайд орших “Яхонты Ногинск” амралтын газрын “Конгресс Холл” танхимд чуулганы нээлт албан ёсоор болсон байна. Энэ үеэр Оросын төмөр замууд нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Белозеров тэргүүтэй удирдлагууд оролцож, өөр өөрийн хариуцсан чиглэлүүдийнхээ дагуу илтгэл тавьсан юм. Мөн энэ үеэр чуулганд оролцогчид тэднээс сонирхсон асуултдаа хариулт авах, хамт дурсгалын зургаа татуулах боломж ч бүрдсэн аж.

Дараагийн өдөр нь төлөөлөгч залуус РЖД-ийнТээвэрлэлт удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцжээ. Мөн “Корпоративный университет”-д “Ачаа тээвэр”, “Зорчигч тээвэр”, “Хурдны харилцаа” сэдвүүдээр ОАО “РЖД”-ийн холбогдох алба, төв, хэлтсүүдийн мэргэжилтнүүд төлөөлөгчдөд зориулан илтгэл тавьснаар үндсэн үйл ажиллагаа өндөрлөсөн аж.

 

РЖД-г хөгжилд хөтөлсөн бүтээн байгуулалтууд

 

Харин дөрөв дэх өдөр нь буюу есдүгээр сарын 21-нд төмөр замчин залуус “РЖД”-ийн I орлогч дарга бөгөөд “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны Оросын  талын тэргүүн С.А.Павловтай уулзаж, “РЖД”-ын гадаад төсөл хөтөлбөрүүдийн талаарх товч илтгэлийг  сонссон байна. Үүний дараа, залуус Москвагийн төмөр замын ялгах өртөө “Бекасово”-ийн үйл ажиллагаатай танилцжээ.  Бекасово өртөө нь хоногт 7000 вагон боловсруулах хүчин чадалтай хүчжүүлсэн ялгах довын төхөөрөмжөөр тоноглогдсон 25 минут тутамд нэг галт тэргийг задлан найруулдаг, хүлээн авах, явуулах, ялгах гурван парктай замын нийт урт нь 12.8 км юм. Тус өртөөний замууд нь условный 100-аас дээш вагоны багтаамжтай бөгөөд Москвагийн дөрвөн том ялгах өртөөний нэг юм. Мөн РЖД болон БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Москва хотын хамгийн том АБТЭМА болох “Белый Раст” -ийн үйл ажиллагаатай танилцжээ. “Белый Раст" ХХК  болон "Оросын төмөр зам" ХК (177 га) хамтран шинэ үеийн тээвэр, ложистикийн цогцолбор “ТLC”-ийг бүтээн байгуулж байгаа аж. Энэ нь чингэлэг, хүнд, том үйлдвэрийн ачаа, дугуйт болон гинжит тээврийн хэрэгслийг зохицуулах зориулалттай юм. Мөн тус цогцолборт савласан болон тавиуртай ачааны агуулахын цогцолбор, гаалийн бүрдүүлэлтийн төв байгуулахаар төлөвлөжээ. 2016 оны арваннэгдүгээр сарын 7-нд БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көчян, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, Хятадын Инкоу боомтын групп корпорацийн удирдах зөвлөлийн дарга Ли Хэжүн, Оросын төмөр замын ерөнхийлөгч Олег Белозеров нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар уг төсөл хэрэгжиж эхэлжээ. Инкоу боомт нь Манжуур болон Транс Сибирийн төмөр замыг холбосон Хятадын хамгийн том боомт юм.

Гэрээний дагуу “Белый Раст ”нь???  TLC ХХК-ийн 49 хувийг худалдаж авсан аж. Тэд Хятад, Оросын Холбооны Улс, Европын холбоо хоорондох барааны урсгалыг үндсээр нь нэмэгдүүлэх, тээвэр, ложистикийн коридорыг бий болгохыг зорилгоо болгосон аж. Энэ бол Хятадын зүүн өмнөд эрэг, зүүн хойд бүс нутгуудаар дамжин өнгөрөх тээврийн гол транзит зам. “ТLC”-ээр дамжуулан Ази болон АСЕАН-ы эдийн засгийн тойрог Инкоу боомтод үйлчилнэ. Цаашлаад Манжуур, Өвөрбайгалийн боомтоор дамжин Орос, Европын баруун хэсэг рүү ачаа тээврийг илгээж байна. TLC-ийн барилгын ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын шууд хяналтад байдаг аж. Бүтээн байгуулалтын хүрээнд одоогоор 1050 м урттай даацын фронтуудыг барьж дуусгажээ. 2018 оны наймдугаар сард жилд 700 мянган TEU-ийн эргэлттэй чингэлэг терминал ашиглалтад оржээ. Ингэснээр Ази - Европын хамгийн том, хамгийн их ачаа эргэлт явагдах болсон байна. Төслийн өвөрмөц байдал, Оросын төмөр замтай шууд холбогдож байгаа тул “TLC” нь Москва муж дахь барааны урсгалын гол оператор  хамгийн хүчирхэг компани болох үндсийг бүрдүүлсэн талаар мэргэжилтнүүд танилцуулсан байна. "Оросын төмөр зам" олон талт цогцолбор нь үйлдвэрлэлийн олон тооны үйлдвэрүүдийн анхаарлыг татах төв болох нь гарцаагүй юм.

 

УБТЗ-ын залуус үндэсний соёлоо сурталчлав

 

Олон улсын арга хэмжээний хамгийн чухал үйл ажиллагааны нэг нь “Үндэсний соёлын фестивал” байлаа. Энэ өдөр чуулганд оролцогч улс зочин улсын залуус үндэсний идээ, ундаагаа бэлтгэн Оросын төмөр замчин залуус болоод бус орны мэргэжил нэгт залуустаа өв соёлоо сурталчилан танилцуулсан юм. Энэ үеэр УБТЗ-ыг төлөөлж очсон таван залуу шимийн архи, ааруул, ээзгий, аарц, айраг тэргүүтэй цагаан идээ, жимс жимсгэнээ дэлгэн тавьжээ. Мөн үндэсний хоол бууз, хуушуурыг өөрсдөө бэлтгэн мэргэжил нэгт залуусаа дайлсан байна. Түүнчлэн, үндэсний өв соёлын илэрхийлэл хөөрөг даалингаар Монгол мэндчилгээ, ёс заншлыг танилцуулж, шанз хөгжим тоглон үндэсний дуу, бүжгээр бэсрэг тоглолт толилуулсан нь бусад орны мэндчилгээнээс тод ялгарч байв. Тэдний бэлтгэсэн гарын бэлгийг зохион байгуулагч тал гардан авахдаа УБТЗ-ын залуус байгууллагаа төдийгүй улс орноо сурталчлан танилцуулсныг онцлон тэмдэглэж, баяр хүргэжээ. Маргааш нь буюу есдүгээр сарын 23-нд залуус Рижскийн вокзал дахь “РЖД”-ын үзэсгэлэнгийн комплексоор зочилсон байна. Дараагаар нь Оросын тээврийн их сургуультай танилцаж “2050 оны ирээдүйн төмөр зам” сэдэвт илтгэл сонсчээ. Түүнчлэн, Ласточка”     галт    тэрэгний “Подмосковная”    мотор             вагон депогийн       үйл ажиллагаатай танилцаж, “Подмосковная” уурын зүтгүүрийн депогийн түүхийн дурсгалт газраар тойрон аялсан байна.

 

Үзсэн, сонссон зүйл  ихтэй чуулган өндөрлөв

 

Чуулганы зургаа дахь өдөр буюу есдүгээр сарын 24-нд 15 дахь удаагийн Слет молодежи” арга хэмжээний албан ёсны хаалтын ажиллагаа “Яхонты Ногинск” амралтын газрын “Конгресс Холл” танхимд боллоо. Энэ үеэр “РЖД”-ийн залуучуусын дунд 2023 онд зохион байгуулсан “Студ-отряд”, “Новое звено” төсөл хөтөлбөрүүдийг дүгнэв. Улмаар, тус хөтөлбөрийн ялагчдыг тодруулан шагнал гардуулах ёслол боллоо. Энэхүү ёслолд “РЖД”-ийн гадаад төсөл хөтөлбөр хариуцсан орлогч дарга бусад орны зочин төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.  Тэрбээр оролцогчдоос тавьсан асуултад хариулахын зэрэгцээ РЖД нийгэмлэгийн бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн юм. Төгсгөлд нь “УБТЗ” нийгэмлэгийн транзит тээврийн төрөл маш их ачаалалтай байгааг цохон тэмдэглээд цаашдын ажилд нь амжилт хүссэн байна.

“РЖД” нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг “Слет молодежи” чуулган нь залуучуудыг хөгжүүлэх, нэгтгэх, туршлага солилцох, нийгмийн идэвхийг дээшлүүлэх, шинэ бүтээл ашигтай загварыг дэмжих, технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой, бодит үр дүнтэй байдгийг УБТЗ-ыг төлөөлж оролцсон залуус онцолсон юм. Тус арга хэмжээнд 2011 оноос эхлэн гадаадын төмөр замуудын төлөөллийг оролцуулж эхэлснээр бусад улс орны төмөр замууд харилцан туршлага солилцох, хамтран ажиллах, залуучуудыг холбох мөн түүх соёлоо сурталчилах боломжийг бүрдүүлсэн байна.  Иймд дараа дараагийн арга хэмжээнд УБТЗ-аас  залуу төмөр замчдаа өргөнөөр хамруулж, бусад орны төмөр замуудаас туршлага судлуулах, залуучуудаа хөгжүүлэх, ирээдүйн дэлхийн төмөр замын хөгжилтэй хөл нийлүүлэн, УБТЗ-ын залуу боловсон хүчнийг сургаж бэлтгэх нь зүйтэй юм гэдгийг УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын дэд тэргүүн Г.Мөнгөнхуяг онцолсон байна. Мөн УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын тэргүүн Ц.Золбаатар залуучуудын идэвхи оролцоог нэмэгдүүлсэн, түүх соёлоо сурталчилсан, залуучуудыг нэгтгэх, хөгжүүлэх, урамшуулахад чиглэсэн энэ мэт үйл ажиллагааг төмөр замчин залуус бид өөрсдөө манлайлж зохион байгуулах бүрэн боломжтой гээд дараагийн жилүүдэд Слет молодежи” чуулганд ажил үйлс, амжилт бүтээлээрээ хамт олноо, үеийн нөхдөө манлайлсан залуусыг сонгоу, оролцуулах бодлого барина  гэдгээ илэрхийлсэн юм.

 

Б.Дэлгэрхишиг