Нүүр УБТЗ ХНН Залуу замчид чууллаа
УБТЗ ХНН

Залуу замчид чууллаа

G.Press 1 жилийн өмнө 103 үзэлт 0 сэтгэгдэл

 

Цас хаялсан хаврын тэр нэгэн өглөө “Ган зам” паласт өглөөний цэнгэг агаар шиг шинэ сэргэг нэгэн сайхан үйл ажиллагаа эхэлсэн юм. “Замчин” гэх эрхэм алдраар ижилсэн 170 залуугийн 170 өөр хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, эрчим хүчийг нэгэн дор цуглуулсан  “Шинэ залуу замчдын уулзалт зөвлөгөөн”-ийг Замын II ангиас зохион байгуулсан нь тэр байлаа.

Энэ сарын 26-нд зохиогдсон уг уулзалт зөвлөгөөнийг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулсан нь ёстой “нүдээ олсон” санагдсан. юм.

Тус ангийн 800 гаруй ажилтны 85 орчим хувь нь тав хүртэл жил ажиллаж буй залуус гэнэ. Тэдгээр залуусыг төлөөлөн уг зөвлөгөөнд хоёр сараас хоёр жил хүртэлх хугацаанд ажиллаж буй 170 орчим залуу замчин хүрэлцэн иржээ.

Энэхүү зөвлөгөөнд Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга, Зам тээврийн салбарын залуучуудын зөвлөлийн тэргүүн Ш.Нямсүрэн, Замын аж ахуйн албаны дарга асан Монгол Улсын гавьяат тээвэрчин Ю.Нямжаргал нарын хүндтэй зочид хүрэлцэн ирж, залуу замчдад Замын II ангийн өндөр босго, өргөн үүдээр алхан орж, ажил амьдралын гараагаа эхлүүлж байгаад нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүссэн юм. 

Замын II ангийн дарга Д.Алтангэрэл зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ тус анги байгуулагдсан цагаасаа суурь бүтцийн бүтээн байгуулалт, засвар үйлчилгээнд манлайлан ажиллаж ирсэн. Мөн эгнээнээсээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Түгж, тус ангийн ерөнхий инженер асан Монгол Улсын Гавьяат барилгачин Д.Энхтулга нарын олон алдар гавьяатнуудыг төрүүлсэн бахархам түүхтэй хамт олны залгамж халаа болон орж ирсэн залууст баяр хүргэн цаашдын ажилд нь амжилт хүслээ.   

Түүнчлэн, залуу замчдын дотор ОХУ-д Зам харилцааны их сургууль төгссөн дөрөв, БНХАУ-д Төмөр замын их сургууль төгссөн хоёр, мөн ТЗДС, Политехник коллежийг төгссөн олон залуу байгааг дурдаад “Замын II ангийн ирээдүй та бүхний гарт бий шүү” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Ер нь, тус ангийнхан оны эхнээс “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд тодорхой ажлуудыг хийж эхэлжээ. Түүний нэг нь гадаадад төмөр замын их дээд сургууль төгсөөд ирсэн зургаан залуугаа Замын ангийн удирдлага оны эхээр хүлээн авч уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон байна.

Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн залуу замчдад хандан “УБТЗ-ын замын аж ахуйд одоогийн байдлаар 3200 гаруй ИТА, замчид ажиллаж байна. Үүнээс 30 гаруй хувийг эзэлдэг Замын II ангийн 800 гаруй ажилчдын эд эс болж, ажил хөдөлмөрийнхөө гарааг эхлүүлж байгаа та бүхэндээ ажлын амжилтыг Замын захиргааны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье. Энэ жил Замын II ангийн түүхт 75 жилийн ой тохиож байна. УБТЗ-ын хөгжилд тус ангийн оруулсан хувь нэмэр асар их. Тийм ч учраас энэ ангиас олон арван алдар гавьяатнууд төрөн гарсан байдаг.

Та бүхэн жилийн 365 хоног, хоногийн 24 цаг тасралтгүй тээврийн хэвийн, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг хүлээдэг ажилтнууд юм шүү. Залуус та бүхэн сургуулиа төгсөөд өөрсдийн хүсэл мөрөөдлийг өвөртлөөд энэ алдар хүндтэй, алтан босготой ангид орсон байх. Энэ байгууллагад ажиллаж хөдөлмөрлөснөөрөө өөрсдийн хүсэл мөрөөдлийг биелүүлнэ гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Замын II анги бол УБТЗ-ын урдаа барьдаг, тэргүүлэгч байгууллага гэдгийг хэлэхэд таатай байна. Та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе” гэв.

Мөн эл өдөр Төв эмнэлгийн сэтгэл зүйч Т.Батцэнгэл , “Манлайллын боловсрол” төвийн лектор Б.Батням нар сонирхолтой лекц уншлаа.

Мөн УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын дэд тэргүүн Ж.Нацагдорж Залуучуудын байгууллагынхаа талаар, Замын II ангийн ҮЭ-ийн хорооны дарга П.Жаргалсайхан ҮЭ-ийн байгууллагын талаар мэдээлэл хүргэлээ. 

Уулзалт зөвлөгөөнд оролцсон залуусын заримаас сэтгэгдлийг нь сонссон юм.

 

Замын II ангийн есдүгээр хэсгийн бригадын дарга А.Шижирээ:  Би 2022 онд ТЗДС-ийг төгсөөд Замын IV ангиас хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн. 2023 оны наймдугаар сараас Замын II ангийн есдүгээр хэсэгт шалгалтын бригадын даргаар шилжиж ирсэн. Хамт олон маань маш сайхан хүлээж авсан. Би гурав дахь үеийн төмөр замчин гэдгээрээ бахархдаг. Өвөө минь машинч байсан. Ээж минь өртөөний жижүүр. Би замын инженер мэргэжилтэй.

 

-Өнөөдрийн уулзалт зөвлөгөөний талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

 

-Маш үр өгөөжтэй сайхан сургалт болж байна. Манай хэсэг 33 хүнтэй. Энэ зөвлөгөөнд манай хэсгээс 22-35 насны арван залуу ирж оролцож байна.

 

Замын II ангийн долдугаар хэсгийн замчин Б.Цэнд-Аюуш: Би ТЗДС-ийг замын инженер мэргэжлээр төгсөөд долоо хоноод л 2022 оны долдугаар сарын 1-нд Замын II ангийн 12 дугаар хэсэгт анх замчнаар ажилд орсон. Энэ зөвлөгөөнд оролцож байгаадаа баяртай байна. Замын долдугаар хэсгээс наймуулаа оролцож байгаа. Манай хэсгийн замчдын 70 орчим хувь нь залуучууд байдаг.

Долдугаар хэсэг бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Түгж агсны ажиллаж байсан хэсэг. Үүгээрээ залуучууд бид бахархдаг. Энэ ташрамд, Замын II ангийн ах эгч нартаа талархаж явдгаа хэлье. Анх замчин болж байхад бүгд л эелдэг найрсаг угтан авч, зааж зөвлөдөг байсан. Одоо ч тэднээсээ суралцсаар байна. Энэ жил Замын II ангийн түүхт 75 жилийн ой тохиож байгаа их онцлог жил гэж бодож байна. Ангийн удирдлага, нийт хамт олондоо мэнд дэвшүүлье. 

 

-Төмөр замчны мэргэжлийг яагаад сонгов?

 

-Би Архангайнх. Мэргэжил сонгоход ах минь нөлөөлсөн. Ах маань Замын 11 дүгээр хэсэгт бригадын даргаар ажилладаг байсан. Ахындаа хааяа ирэхэд зөрлөгийн амьдрал их таатай сайхан санагддаг байсан.

 

Замын II ангийн XIII хэсгийн замчин Д.Номин: -Би Төв аймагт төрж өссөн. Ах, эгч хоёр маань төмөр замчин учраас би ч гэсэн багаасаа төмөр замчин болно гэж боддог байсан. Дунд сургуулиа төгсөөд Политехникийн коллежид элсэж, 2023 онд төгсөөд Замын II ангийн XIII хэсэгт ажилд орсон. Хэсгийн ах эгч нар маань намайг маш сайхан хүлээж авсан. Замчны ажил эхэндээ их хэцүү санагдаж байсан ч өөрийн сонирхож, дурлаж сонгосон мэргэжил болохоор огт шантарч байгаагүй. Замчнаар ажиллах их сайхан. Замчдын ажил маш үүрэг хариуцлага өндөртэй чухал ажил гэдгийг ойлгосон учраас ажлаа чин сэтгэлээсээ сайн хийхийг хичээдэг. Энэ зөвлөгөөнд оролцож байгаадаа баяртай байна. Бид хэсгээсээ долуулаа ирсэн гэв.

 

Нүдэндээ галтай нүүрэндээ цогтой шижигнэсэн залуус нэгэн дор цугларсаныг харахад бахтай, бас огшмоор сайхан санагдаж байлаа. Зарим нь бүр хар нялхаараа харагдана. Гэхдээ тэд төмөр замын “тулах багана”-ын нэгэн эд эс гэдгээ хэдийнэ ухамсарласан мэргэжлийн замчид болсон нь ярианаас нь илт.

Залуу нас бол хүний амьдралын хавар юм. Залуу нас бол даль жигүүр юм.  Тэр өдөр “Ган зам” паласт хайраар дүүрэн 170 зүрх нэгэн хэмээр цохилж, 170 хүсэл мөрөөдөл тээн зүг зүгтээ дүүлэн нисэх шиг санагдсан. Тэгэхдээ тэд УБТЗ-ын төдийгүй улс орныхоо ирээдүйг мөрлөж яваа.

 

Б.Гүнжээ 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.