Х.Хонгорзул охин аливаад авьяастай, сэргэлэн цовоо, онц сурдаг, сургуулийнхаа бүхий л тэмцээн уралдаанд оролцдог тэргүүний сурагч. Шүлэг зохиож, “Хүрэл тулга” хүүхдийн наадмаас медаль авч, миссийн тэмцээнд оролцож явсан охин гэнэтхэн л бие нь сульдаж ядарсаар хоёрхон хоногийн дотор ухаангүй сэхээний тасагт шилжсэн байна. Улмаар өндөр хэмжээний чихрийн шижинтэй хэмээн оношлогдоод энэ мөчөөс эхлэн бүхий л эмчилгээг хийлгэсээр өнөөг хүрчээ.
Охины ээж Л.Хулан УБТЗ-ын “Ган зам пресс” төвд дэвтэрлэгчээр ажилладаг. Л. Хулан гурван хөөрхөн охинтой, өрх гэрээ толгойлж яваа бүсгүй. Түүний өвөө, эмээ, ээж нь энэ үйлдвэрт насаараа ажиллаад гавьяандаа суусан буурлууд бий. Л.Хулан амьдралын төлөө зүтгэн охиноо эрүүл болгохоор хөдөлмөрлөж явна. Айлын хашаа байшин түрээслэн, охидоо ганцаар өсгөж яваа нэгэн. Цэл залуудаа төрүүлсэн түүний том охин Х.Хонгорзул өдгөө 19 настай. Дэгэж дэрвэж явсан Х.Хонгорзул охин 2016 онд чихрийн шижин буюу диабетийн нэгдүгээр хэлбэрээр оношлогдож, өдгөө өвчин нь улам даамжирч маш хүнд байна. Өвчиндөө шаналан хичээлдээ явж чадахгүйд хүрч, наймдугаар ангиасаа арга буюу сургуулиасаа гарчээ. Хонгороо охины ээж, эмээ өвөөд яваагүй эмнэлэг, хандаагүй эмч үлдсэнгүй. Одоо 89 хувийн хөдөлмөрийн чадваргүй хэвтэрт орж, эм тариагаар амь зогоож байна. Өдөр бүр маш өндөр өртөгтэй хоёр төрлийн сахрын тариаг дөрвөн удаа тариулж, хүчтэй өвчин намдаах эм ууж, байнгын хэвтэрт байгаа юм. Хөөрхий охиныг туйлдуулж байгаа муухай өвчин хоног өнгөрөх тусам хүндэрч хоёр хөл, шүд, буйл гэхчлэн биеийн бүхий л хэсгээр нь тархан идээлж, хоол нойроо ч авч чадахгүй тарчилж байна. Энэ бүх эм тариаг хийлгэхийн тулд эмч, эмнэлгийн зүгээс автомат тариа шахагч буюу инсулины памп тавих шаардлагатай гэжээ. Өндөр өртөгтэй эм тарианы хажуугаар зөвхөн энэ пампыг авахад л 20 гаруй сая төгрөг хэрэгтэй. Аюулт өвчнөө ялахын тулд бууж өгөхийг хүсээгүй тэвчээртэй хонгорхон охин, охиныхоо төлөө өдөр бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөж байгаа халуун сэтгэлт ээж хоёрт чадах чинээгээрээ туслаарай хэмээн уриалж байна. Хайрлан дурлаж, хийж бүтээх эрмүүн хүслээр жигүүрлэх ид насандаа өвчнөө ялан дийлэхээр тэмүүлж байгаа залуухан охинд амьдрал хайрлая хүмүүс ээ.
Ган зам пресс төв Ган зам сонины редакц
Хаанбанк 5064167801 /ээж Л.Хулан/
Утас: 94299341