Төмөр замын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирлын төгсөлтийн баяр өнөөдөр Ган зам паласт зохион байгуулагдлаа. Намрын улиралд 94 оюутан төгсөж, ТЗИС-ийн анхны дипломоо гардан авсан байна.
Тус арга хэмжээний үеэр ХНН “УБТЗ”-ын дарга Х.Хэрлэн болон Төмөр замын их сургуулийн захирал асан Д.Будхүү нарт ТЗИС-ийн “Хүндэт профессор” цол олгох ёслолын үйл ажиллагаа боллоо. Тус арга хэмжээнд ЗТХЯ, Төмөр замын газрын төлөөлөл, УБТЗ-ын удирдлагууд, ТЗИС-ийн Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш, төгсөгч оюутнууд тэдний ар гэрийнхэн оролцлоо.
Сургуулийн удирдлага, хамт олны зүгээс "ХҮНДЭТ ПРОФЕССОР" цолыг хүртэж буй эрхмүүдийн манлайлал, удирдах ухаан, өндөр чадавх нь төмөр замын салбарын хүний нөөцийн тогтвортой хөгжил, мэдлэгт суурилсан бүтээмжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг онцолсон юм.
Төмөр замын их сургуулийн хувьд Монгол Улсын төмөр замын салбарын хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх чиглэлээр:
-
Сургалтын байгууллагын нэр хүндийг өсгөх Их сургуулийн ангилалд шилжих бэлтгэл ажлыг бодлогын чанартай тушаал шийдвэр гаргаж, гадаад, дотоодын сургалт, судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлснээр УБТЗ ХНН-ийн сургалтын байгууллага нь мэргэжлийн их сургуулийн ангилалд шилжсэн.
-
Өндөр чадавхтай, өрсөлдөхүйц хүний нөөцийг системтэйгээр бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Жишээ нь, 2025 онд Төмөр замын мэргэжлээр суралцаж буй суралцагчдад УБТЗ-ын нэрэмжит тэтгэлэг тэтгэмж олгох журам батлан хэрэгжүүлэв.
-
Үндэсний болон олон улсын өндөр мэргэшсэн багш, судлаачдыг татах нээлттэй бодлого –салбарын докторуудыг гэрээт багшаар ажиллуулж, гадаадын эрдэмтэн багш нарын сургалт зохион байгуулах зэргээр мэдлэг солилцоог амжилттай хэрэгжүүлж байна.
-
Сургалтын материаллаг болон технологийн орчинг сайжруулах –дотуур байрны засвар, байгалийн ухааны лабораториуд, цахим студи шинэчлэн, шинээр байгуулахад бодлогын дэмжлэг үзүүлсэн.
-
Салбартаа манлайлахуйц өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг татах, хадгалах, хөгжүүлэх цогц бодлого – докторын сургалтын тэтгэлэг, олон улсын WoS, Scopus сан, нээлттэй мэдээлийн санд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэхэд дэмжлэгүүдийг бий болгосон.
-
Гадаад хамтын ажиллагааг их сургуулийн хөгжлийн стратегийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болгон хэрэгжүүлэх үүднээс БНСУ-ын Халла, Дунянь их сургуулиудтай хамтын ажиллагааны санамж бичиг зураглан хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, БНХАУ-ын Бугатын хотын төмөр замын коллежтой багш оюутан солилцоо, ОХУ-ын ЗХИС-иудын зочин багш нарын хичээл зохион байгуулах зэрэгт бодлогоор дэмжин ажиллаж байна.
