Нүүр УБТЗ ХНН Х.Хэрлэн: Орон нутгийн харилцааны нүүрс тээвэрлэлт ирэх оноос алдагдалгүй болно
УБТЗ ХНН

Х.Хэрлэн: Орон нутгийн харилцааны нүүрс тээвэрлэлт ирэх оноос алдагдалгүй болно

G.Press 1 жилийн өмнө 179 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

УБТЗ-ын орон нутгийн нүүрсний тээвэрлэлтийн тарифыг индексжүүлсэн асуудлаар УБТЗ-ын дарга Х.Хэрлэнгээс тодруулга яриа авснаа төмөр замчдадаа толилуулж байна.

 

            -Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Монополийн эсрэг газрын шийдвэрээр орон нутгийн харилцааны нүүрсний тээвэрлэлтийн тарифыг нэмэгдүүлсэн тухай таатай мэдээ дууллаа. Энэ талаар та тодруулж ярина уу?

 

            -Тиймээ. Ер нь УБТЗ-ын тээврийн үр ашгийг бууруулж, асар их хэмжээний санхүүгийн алдагдалд олон жилийн турш оруулж ирсэн тээвэрлэлтийн тарифыг индексжүүлэх шаардлага олон жилийн өмнөөс үүсээд байсныг та бүхэн мэдэх байх. Энэхүү тулгамдсан асуудлыг шийдэх талаар сүүлийн гурван жилд төр, засгийн холбогдох яам, газруудтай шаргуу зөвшилцөж ярьж хэлэлцсэний үр дүнд томоохон ахиц өөрчлөлт гарлаа. Сүүлийн хоёр жилд зургаан удаа тарифын индексжүүлэлт хийсний үр дүнд тус нийгэмлэгийн 19 бүлгийн 21 төрлийн ачааны тээвэрлэлтийн тарифын гурваас бусдыг нь алдагдалгүй болгож чадлаа. Харин 2024 онд  дотоодын ачаа тээвэрлэлтийн тарифын 8 бүлгийн ачааг 10.0-16.0 хүртэлх хувиар индексжүүлснээс гадна дамжин өнгөрөх чингэлэг тээвэрт үзүүлдэг замналын (маршрутын) хөнгөлөлтийг гурван хувиар бууруулсан. 

Тэгвэл 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 12 бүлгийн ачаа тээвэрлэлтийн тарифыг 3.9 – 30 хувь, дамжин өнгөрөх чингэлэг тээвэрт үзүүлдэг замналын (маршрутын) 12 хувийн хөнгөлөлтийг цуцлахаар болоод байна.

Мөн орон нутгийн харилцааны нүүрс буюу эрчим хүчний зориулалттай нүүрсний тээвэрлэлтийг алдагдалгүй түвшинд хүргэх асуудлыг Зам тээврийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Монополын эсрэг газар зэрэг байгууллагуудтай тууштай хамтран ажилласны үр дүнд 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 15.5 хувиар индексжүүлэхээр болсныг зориуд онцлон тэмдэглэж хэлэхэд таатай байна.

Үүний үр дүнд алдагдалтай байсан 3 бүлгийн ачааны (нефтийн бүтээгдэхүүн, хүнсний ачаа, орон нутгийн эрчим хүчний нүүрс) нэг болох орон нутгийн харилцааны нүүрс буюу эрчим хүчний нүүрс тээвэрлэлт ирэх онд өөрийн өртгийг хаах түвшинд хүрч алдагдалгүй болох юм.

 

-Орон нутгийн харилцааны нүүрс тээвэрлэлтийн тарифыг индексжүүлсэн явдалд та их ач холбогдол өгч байна. Үүний учрыг тодруулж өгнө үү?

 

-УБТЗ жилдээ 33 гаруй сая тонн ачаа тээвэрлэж байгаа, үүнээс дотоодын харилцааны ачаа тээвэрлэлтийн гуравны нэг хувийг орон нутгийн харилцааны нүүрс тээвэрлэлт эзэлдэг. Сүүлийн үед эрчим хүчний хэрэглээ жил бүр 6-10 хувиар нэмэгдэж, цахилгаан станцууд чинээндээ тултал ажиллаж, нөөц зуухаа үлдээхгүйгээр галлагаа хийж байгаатай холбоотойгоор орон нутгийн эрчим хүчний нүүрс тээвэрлэлт хэдхэн жилийн дотор 5 саяас 10 сая тонн хүртэл  огцом нэмэгдсэн. Энэ нь угаасаа үнэ тарифын хувьд алдагдалтай явж ирсэн эрчим хүчний зориулалттай нүүрс тээвэрлэлтийн зардлыг улам нэмэгдүүлж байгаа учраас асуудлыг бодитой шийдвэрлүүлэхийн тулд УБТЗ-ын удирдлагын зүгээс холбогдох тооцоо судалгаа гаргаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, Зам тээврийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Монополын эсрэг газар гэх мэт төр, засгийн холбогдох газруудад хандаж удаа дараа хүсэлт гаргасны үр дүнд 2022 оноос хойш гурван удаа орон нутгийн нүүрс тээвэрлэлтийн тарифыг нийтдээ 45 орчим хувиар индексжүүлж чадлаа. Хамгийн сүүлийн энэ удаагийн үнэ тарифын индексжүүлэлтээр УБТЗ-ын эрчим хүчний нүүрс тээвэрлэлт алдагдалгүй болж, орлого 14 орчим тэрбум төгрөгөөр өсөхөөр байна. Цаашид УБТЗ-ын зүгээс орон нутгийн нүүрс тээвэрлэлтийг тогтмол алдагдалгүй байлгах зарчим баримталж ажиллана.

 

-Гуч гаруй жил шийдэж чадаагүй алдагдалтай явж ирсэн орон нутгийн харилцааны нүүрс тээврийн тарифыг индексжүүлж нэмнэ гэдэг энэ том реформын шинжтэй ажлыг бүтээхэд их бэрхшээлтэй байсан байх..?

 

-УБТЗ-ын орон нутгийн харилцааны нүүрс тээвэрлэлт сүүлийн 30 гаруй жилийн турш тарифын алдагдалтай явж ирсэн. Энэ нь зах зээлийн шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээл, цахилгаан, дулааны үнийг Засгийн газраас олон жилийн турш барьж байсантай холбоотой. Сүүлийн үед эрчим хүчний салбарт реформын шинжтэй өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарсантай уялдаж, УИХ, Засгийн газрын түвшинд Эрчим хүчний салбарт шинэчлэлт хийх Үндэсний хороо хүртэл байгуулагдан ажиллаж байна. Энэ хүрээнд хамгийн түрүүнд үнэ тарифын өөрчлөлт хийгдэж эхэллээ.

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 15-наас цахилгааны үнийг дунджаар 30 хувиар, дулааны үнийг ирэх оны 2 дугаар улирлаас 60 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Ингэснээр эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлнэ гэж Засгийн газар үзэж байгаа. Үүний үр дүнд УБТЗ-ын хувьд эрчим хүчний нүүрс тээвэрлэлтийн үнэ тарифыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

            Орон нутгийн харилцааны нүүрс, нефтийн болон хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт нь үндэсний аюулгүй байдал, зах зээлийн тогтвортой байдал, үнэ ханшид шууд нөлөөлдөг учраас төр, засгийн зүгээс баримталж байгаа бодлого, чиглэлийг дэмжиж, үнэ тарифыг аль болохоор нэмэхгүй байх зарчмыг УБТЗ-ын удирдлага баримтлан ажиллаж байна. Гэхдээ ашигтай биш юмаа гэхэд аль болох алдагдалгүй ажиллах нь чухал юм.

Эцэст нь тэмдэглэн хэлэхэд орон нутгийн нүүрсний тээврийн тарифын индексжүүлэх энэ том реформын шинжтэй өөрчлөлт нь УБТЗ-ын хөгжилд ихээхэн үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна.

 

-Ярилцлага өгсөн Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.