2024 он маш чухал жил болно. Бид зарим хэцүү асуултуудын хариуг ирэх онд мэдэж авна.
Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл эдийн засгаа зөөлөн газардуулж чадсан уу? Хувьцааны өсөлт үргэлжлэх үү? Сонгууль угтсан төсвийн тэлэлт инфляцыг хөөргөдөх үү? АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч хэн байх вэ?
Хэний ямар байр суурьт итгэж болохыг мэднэ гэдэг хэцүү. Туйлын үнэн гэвэл ирээдүйд юу ч тохиолдож болно. Хэдий тийм боловч “Bloomberg” цөөн хэдэн экспертүүдэд хандаж, аливаа үр дүнд хэт том мөрий тавилгүйгээр ирэх онд хэрхэн бэлдэх талаар зөвлөгөө авчээ.
ЭРСДЭЛИЙН ТҮВШНЭЭ ТООЦООЛ
Хөдөлмөрийн зах зээлийн хөрөлт, өндөр хэвээр байгаа бодлогын хүү, инфляц зэрэг 2024 онд хүлээж буй боломжит хүндрэлүүдийг авч үзвэл хөрөнгө оруулалтын багцдаа хэр их эрсдэл хүлээлгэж буйгаа дахин нягтлах нь ухаалаг шийдвэр болохыг “Newell Wealth Management”-ийн эзэмшигч Кайл Ньюэлл хэлж байна.
“Хүмүүс сэрэмжтэй байж, ямар ч уналтаас эрсдэлгүй гарчих боломжтой байх хэрэгтэй нь тодорхой зүйл. Хувьцаанд хөрөнгө оруулсан хүн бүхэн тэрхүү мөнгө нь дор хаяж 3-5 жилийн хугацаанд хэрэг болохгүй гэсэн бодолтой орох нь зөв” хэмээн Кайл Ньюэлл онцолжээ.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА БҮҮ ЗОГСОО
Аваарын гарц руу шууд гүйх хэрэггүй. Ирэх онд хувьцаа, бондуудаас өндөр өгөөж хүртээх боломж байсаар байгааг “Marina Wealth Advisors”-ийн ахлах шинжээч Ноа Дамски сануулж буй. Ялангуяа компаниудын орлого сайн хэвээр байвал Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах нь өсөлтөд ташуур өгөх төлөвтэй.
Түүнийхээр бол ивээлээ хайрласан жил ирэхээргүй байгаа ч дараагийн 12 сарын турш өсөлтийг дэмжих хүчин зүйлс байсаар байх нь тодорхой аж.
60/40-ИЙГ БҮҮ ХАЯ
Багцынхаа 60 хувийг хувьцаа, 40 хувийг бондоор бүрдүүлэх сонгодог бүтэц нь өнгөрсөн онд 2008 оноос хойших хамгийн тааруу өгөөж хүртээжээ. Үүгээр зогсохгүй сүүлийн үеийн зарим судалгаанууд хөрөнгө оруулагчдыг зүгээр л хувьцаанд бүгдийг хийчихсэн нь дээр гэдгийг харуулж буй.
Хэдий тийм боловч 60/40 дээр бууж өгөх цаг одоо биш. Бодлогын хүү оргил цэгтээ хүрсэн, эсвэл дөхөж буй үед багц дахь бондууд эцэст нь сайн өгөөж хүртээж эхэлдгийг экспертүүд онцолж байна.
КРИПТОГ БАС БОДООРОЙ
Криптовалютын хөрөнгө оруулалтаар 100 хувь дагна гэж хэлэх хүн одоо байхгүй болов уу. Хэдий тийм боловч өөрийн багцдаа багахан крипто нэмэх нь төрөлжилтөд давуу талтайг зарим экспертүүд хэлж буй. "Bitcoin" энэ онд цойлж, үнэ нь даруй хоёр дахин өсөөд байна. Үүн дээр нэмэгдээд “Bitcoin”-ийн биржээр арилжаалагддаг сан (ETF) удаан хүлээлгэсний эцэст ирэх онд гарч магадгүй болсон нь хөрөнгө оруулалтыг улам хялбар болгохоор байна.