УБТЗ-ын Хүний нөөцийн алба, Залуучуудын төв байгууллагын “Хувь хүний хөгжлийн академи”-ийн сургагч багш нартай хамтран шинэ ажилтнуудад зориулсан сургалтыг Дархан, Сайншанд, Замын-Үүд зангилаанд амжилттай зохион байгууллаа. Энэ сарын 29-30-ны хооронд болсон тус сургалт “Бүтээлч сэтгэлгээг хэрхэн хөгжүүлэх”, “Тасралтгүй суралцах дадлыг яаж бий болгох”, “Багаар ажиллах чадварыг ямар хэлбэрээр эзэмшүүлэх”, “Амжилтад хүрэх ур чадварууд” гэхчлэнгээр хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтыг цогц хэлбэрээр хийсэн юм. Улмаар, Дархан зангилаанд ажилласан Б.Дэлгэрхишиг, Л.Ганхуяг нарын сургалтад 100, Замын-Үүд, Сайншанд зангилаанд ажилласан Г.Мөнгөнхуяг, Г.Хишигдэлгэр, Л.Жавхлант-Ирээдүй нарын сургалтад 250 орчим төмөр замчид хамрагдаж, нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ. Сургалтыг асуулт хариулт, хөгжөөнт тоглоом гээд сургалтын өөр өөр хэлбэрийн хүрээнд өрнүүлж, сургагч багш нараас зарласан тэмцээнд идэвх санаачилгатай оролцсон таван хүнийг зангилаа тус бүрээс шалгаруулж, 70.000 төгрөгөөр урамшуулсан юм. Ийнхүү ажилтнуудад чиглэсэн сургалтыг орчин цагийн шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулж буйд зангилааны удирдлагууд болон төмөр замчид гүн талархал илэрхийлж байв.

 УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага 2022 оноос эхлэн гурван ээлжээр нийт 45 залууг хувь хүний хөгжлийн сургагч багшаар бэлтгэсэн бөгөөд өртөөний жижүүр, ТЗДС-ийн багш, эмч гэхчлэн өөр өөр мэргэжилтэй залуус үндсэн ажлынхаа зэрэгцээ хажуугаар хөгжүүлж, сурч мэдсэн зүйлсээ төмөр замчдад түгээн дэлгэрүүлэх үйлсэд ийнхүү идэвх зүтгэл гарган ажиллаж байна.